НҮБ: Цар тахлын улмаас дэлхий дахин хүнсний хомстолд орж болзошгүй
2020-06-10

Цар тахлын улмаас дэлхий нийт хүнсний хомстолтой нүүр тулж болзошгүй тул иргэдэд зориулсан хүнсний хүртээмжийн асуудалд анхаарлаа хандуулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриалжээ. 

 

Түүний онцолсноор, өнөөдөр дэлхий даяар 820 сая хүн хүнсний хомстолтой нүүр тулсан бөгөөд хүнс нийлүүлэлтийн системд доголдол гарч, цар тахал нөхцөл байдлыг улам дордуулж байгаа тул энэ тоо улам өсөх гэнэ.

 

"Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхий дахинд тулгарсан хүнсний онц байдал олон сая хүүхэд, насанд хүрэгчдэд урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлж мэднэ" хэмээн Гутерриш мэдэгджээ.

 

Түүнчлэн хүнсний систем чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ салбарт ажиллаж буй хүмүүсийг хамгаалахыг Гутерриш зөвлөсөн байна. Мөн хүнс нийлүүлэлтийг тасалдуулахгүйн тулд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тээвэрлэлт, орон нутгийн худалдааны захуудыг дэмжих арга хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын сүүлээр НҮБ мэдэгдэл хийхдээ хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлэхгүй бол хүн төрөлхтөн олныг хамарсан өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй хэмээн анхааруулж байлаа.

 

Энэ мэдэгдэлд, 30 орчим орон өлсгөлөнтэй нүүр тулж болзошгүйг анхааруулаад эдгээр орнуудад одоо ч тус бүр нэг сая хүн хоол тэжээлийн дутагдалтай байгааг онцолж байв.

 

НҮБ: Цар тахлын улмаас 30 орчим оронд өлсгөлөн нүүрлэх аюултай

Shuud.mn
Сонин хачин