Хонконгт эсэргүүцлийн жагсаалд оролцсон 53 хүнийг баривчилжээ
2020-06-10

Мягмар гаригийн үдэш Хонконгийн цагдаагийнхан  эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан 53 хүнийг баривчилсан талаар РИА Новости мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын есний мягмар гаригт эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн давалгаа үүссэний нэг жилийн ойг тохиолдуулж Хонконгийн оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.

 

"Зургадугаар сарын 10-ны өглөөний байдлаар 53 хүнийг саатуулсан. Тэднийг хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан, оролцсон гэсэн эрхзүйн зөрчлийн улмаас саатуулсан" хэмээн Хонконгийн цагдаагийн газар мэдэгджээ.

 

Цагдаагийнхны мэдэгдсэнээр, эсэргүүцэгчид зам хааж, эмх журам зөрчсөн байна. Жагсагчид орон нутгийн цагаар зургадугаар сарын есний 18.00 цаг орчимд хотын төвийн Чатер-Гарден цэцэрлэгт хүрээлэнд цугларч эхэлсэн байна. Тэднийг тарахыг шаардсан ч шаардлага биелүүлээгүйн улмаас "хүч бага хэрэглэн тараасан" гэж цагдаагийнхан мэдэгджээ. Харин Хонконгийн хэвлэлүүд "жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч ашигласан" хэмээн мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, Хонконгт хагас жил гаруй хугацаанд үргэлжилсэн олон нийтийн эсэргүүцлийн давалгаа үүссэний нэг жилийн ойг тэмдэглэхээр олон зуун жагсагч мягмар гаригийн үдэш цугларчээ. Одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны зургадугаар сарын есний өдөр нэг сая гаруй хүн эсэргүүцэлд нэгдсэн нь 1997 онд Хонконг Хятадад хамаарах болсон үеийнхээс хойших хамгийн өргөн цар хүрээтэй жагсаалд тооцогдож байгаа юм. 

 

Ийнхүү иргэд олноор эвлэлдэн нэгдэж, эсэргүүцэх болсон шалтгаан нь эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг Хонконгийн захиргаа батлахаар шийдэж байсантай холбоотой юм. Хонконг 20 гаруй оронтой сэжигтэн шилжүүлэх гэрээ, хэлэлцээртэй ч БНХАУ-тай энэ төрлийн хэлэлцээр байгуулаагүй байсан. Гэхдээ ийнхүү сэжигтэн шилжүүлэх нөхцөл бүрдэх нь Хонконгийн хүний эрхийн төлөө тэмцэгчид, сөрөг хүчнийхнийг хэлмэгдүүлж, Хятадын хуулиар шийтгүүлэх боломж үүснэ гэж олон нийт эсэргүүцэж байлаа. 

 

Эсэргүүцлийн жагсаал яваандаа эмх замбараагүй байдал болон үргэлжилж, улмаар олон нийтийн шахалтан дор Хонконгийн эрх баригчид буулт хийн, 2019 оны 10 дугаар сард маргаантай хуулийн төслийг эргүүлэн татсан юм. Гэсэн ч эсэргүүцэл намжаагүй бөгөөд хагас жилийн хугацаанд Хонконгт 900 гаруй жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээ болжээ. 

"Луугийн савар" дахь Хонконг

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин