АВТОБУС №39: “Баасан гарагт өсгийтэй гутал өмсөж болохгүй”
2020-06-12

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist хуудаснаас

 

Залуу: Чамайг крашлахаа /харж явахаа/ болилоо.

 

Бүсгүй: Хэхэ, би яасан, тийм аймар царай алдчихаж уу?

 

Залуу: Өндөр өсгийт өмсөөд л зэгзийгээд алхдаг байснаа яасан. Пүүз өмсөөд л гүйгээд байх юм.

 

Бүсгүй: Хүүе, өнөөдөр чөлөөт хувцас өмсдөг өдөр.

 

Залуу: Баасан гараг болохоор уу

 

Бүсгүй: Тэгэлгүй яахав. Орой ажил тараад хэнтэй ч  уулзаж, хаашаа ч явж магадгүй гараг шүү дээ. Тэгэхээр аль болох биед хөнгөн, хөлд эвтэй гутал өмсдөг юм.  Өсгийтэй гутал ёстой өмсөж болохгүй. Мэдэв үү.

 

Залуу: Өө заза. Мэдмээр юм байна.

 

Өглөө автобусанд таарсан эрэгтэй, эмэгтэй хоёр ийн ярилцав. Бүсгүй ягаан өнгийн нэвсгэр жакет, хар өнгийн нарийн жийнс өмсч доогуур нь нээрэн хөлд эвтэй кет углаж, хоёр үүргэвчтэй цүнх үүрчээ. Залуу хөх өнгийн костюм, индүүдлэг арилаагүй брюк, гялтгар ботинк өмссөн байна. Харин би хүйтэн саарал энэ өдөрт зориулж тамирын өмд углаад цагаан пүүзээ арчаад өмсчихсөн. Найзууд гэнэтхэн Тэрэлж аваад давхичихвал тун зохимжтой хувцаслачихсан юм уу гэж бодов, хэхэ. Баасан гарагийн мэндийг бүгдэнд нь хүргэе. Ээлжит автобусны тэмдэглэл эхэлж байна.

 

Автобус сүнгэнүүлсээр Улсын их дэлгүүрийн өмнө нэлээд түгжирлээ. Харахаас сэтгэл хүнд оргимоор болжээ, их дэлгүүр. Дээврээсээ гал гарсан байтал Монгол Улсын далбаа, Номингийн шар туг, өөр бас хоёр далбаа шаталгүй үлдчихсэн тэр дээр тэнгэрт ойр урьдынхаараа намирах нь их л удахгүй их дэлгүүрээр хэсэх өдрийг зөгнөх шиг өөдрөг сэтгэгдэл төрүүлж байна. Харин далбааны хажуугийн 2020 гэсэн тоо буцаад л сэтгэл хачин болгож “биднийг дахиад юу хүлээж байгаа бол” гэх бодол зурсхийж баахан тавгүйтүүлэх аж.

 

Зургаан давхарт сонин, сэтгүүл, ном зэрэг шатдаг материал ихтэй тул гал маш хурдан дүрэлзсэн тухай гал сөнөөгч ярилцлага өгсөн байна билээ. Тэнд чинь “Мажестик” байсан шүү дээ. Авахсан гэхээс шохоорхож шохоорхож халаасаа тэмтрээд гарсан “Агнистын гэгээ” шатчихсан л байх даа гэхээс харамсал төрөөд болдоггүй. Дэлгүүрийн үүдэнд 20 орчим хүн өглөө эртлэн иржээ. Жагсаал хийж байгаа юм уу гэхээр ажин түжин. Цаасан хайрцаг тэвэрсээр уван цуван ирж буйгаас нь бараагаа авахаар ирсэн түрээслэгчид болох нь ойлгогдлоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

- Ёоо энэ бүр үнэхээр гоё дуу юм аа.

 

- Аан, наадах чинь угаасаа энэ зуны хит болох дуу. Ютүб дээр бүр долоо хоногийн дотор 1 сая хүн үзсэн байна лээ шүү дээ.

 

Чихэвчээр дуу сонсож явсан өвсөр насны охин хамт яваа найзтайгаа ийн хууч хөөрөв. Тэдний хажууд мөн үеийн хоёр хөвгүүн яваа. Түрүүчээс хойш хоёр охины нэгийг сүрхий шохоорхсон харцаар ажиглаж явсан дэлдэн чихтэй, дэлчгэр царайтай нэг нь “Уучлаарай охидуудаа. Ямар дуу юм бэ. Хамт сонсъё л доо” гэж сая нэг яриа өдөх сэдэв олдвол булцгар халцартай, бөөрөнхий цагаан царайтай хөөрхөн охин нэг их тоосон шинжгүй “Бороо” гэчихээд чихэвчээ зүүчихэв.

 

- Аан. Энэ чиний хамгийн дуртай дуу юм уу?

 

- Одоохон доо.

 

- Тhunder шинэ дууг гаргасан байна лээ. Чи сонссон уу?

 

- "Дажгүй байвал яах уу” юу?

 

- Аахаан.

 

- Яахав давгүй л дуу байна лээ.

 

- Хэрвээ чиний дуртай дуунд би дуртай байвал яах уу? /тухайн дуу мөр/

 

Охин энэ удаад хариу өгсөнгүй жуумалзсанаа цааш цонх ширтчихсэнд хөвгүүн “бантаж” орхив. Автобус Багшийн дээд дээр ирэхэд охидууд год үсрээд буухтай зэрэгцэн хамт явсан хөвгүүн нь өнөөхийгөө шоолж “Ээ, андаа явцгүй юм ярьж байгаад бүтэлгүйтчихлээ шүү дээ чи” гэж баахан инээв. Тэгсэн өнөөх мөчөөгөө өгсөнгүй “Шал царай муутай л охин байна” гэж нөхцөл байдлаас өөрийгөө хөнгөхөн аргалчих санаатай тоохгүй царай гаргасан хэр нь бууж одсон охиныг автобусны цонхоор хараалж байна. Хүүхэд байх, хэн нэгнийг шохоорхож харж, хайрлаж дурлах, бүтэлгүйчихээд “Зүгээр л шохоорхол шүү дээ” гэж хэнэггүйтэх хичнээн гэгээн, гэгэлгэн билээ дээ.

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist хуудаснаас

 

Ажил дээр ирээд залуу үеийнхний зуны хит гэж нэрлэсэн дууг бас өнөөх охин найрах гээд бүтэлгүйтсэн нөхрийн ярьсан дууг ютүбээс хэрэг болон хайж сонслоо.

 

Бидний багад бороо орохоор нүцгэн гүйж хөөрцөглөдөг байсан “Бороо бороо ороорой, оросын маамуу ирээрэй” гэдэг шүлэг ч юм шиг, бороо дуудсан уриа үгс дуу болчихож. Нээрэн энэ дууг 1 сая удаа тоглуулжээ. Утга санаа нь чи бид хоёр хэн хэндээ тохирохгүй ч энэ борооноор энэ тухай бодохгүй байя гэх шиг болсон.

 

Дараагийн дуу “Дажгүй байвал яах уу” гэдэг нэртэй. Гаргасан дуу бүр нь хит болоод байгаа Thunder гэдэг репперийн зургаан өдрийн өмнө гаргасан дууг 367 мянган удаа тоглуулжээ. Өнгөлөг хувцастай залуус клипэнд нь тоглосон хөнгөн хэмнэлтэй утга санаанд нь зовлон огт үгүй

 

Намар болтол үерхье

 

Наалдан пад шиг зууралдъя...

 

Хорин см-ийн дүфль байсан ч зоволгүй өмс,

 

Хоёр давхраас гаралгүйгээр цорвойж ирээд үнс” л гэнэ.  

 

Түрүүн автобусанд таарсан хөвгүүний хэлээд байсан “Хэрвээ чиний дуртай дуунд би дуртай байвал яах уу” гэдэг нь энэ дууны үг болохыг сая ойлгов. Нээрэн сонсоод байх нь ээ охин найрахад тун тохиромжтой дуу санж.

 

Гоё юм. Би ч бас хөгширсөн гэж өөрийгөө гололгүй хааяа догдолж, амьдрал бодолгүй адал явдал хайж болох болов уу? Хэн нэгнийг шохоорхож хэлэлгүй холоос харж ганцаараа инээчихээд фэйсбүүкийнхээ “ганц бие" гэсэн статусаа “хостой боллоо” гэж өөрчлөхөд л хаягдчихсан юм шиг мэдрэмж тээж бороонд норж хэсэг алхчихаад харьж ирээд халуун цай ууж болох уу. Харин үүний дараа буцаад өр зээл, өдрийн хоолоо бодсон шиг ер юу ч болоогүй мэт яг урьдынх шигээ алхсаар ажилдаа ирж болох уу?

 

Хариулт үлдээж, сэтгэгдэл бичиж хамт байгаарай. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. 

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Unen:
ENE NEG IIM XUDLAA ZOXIOL BICHIXEE BOLIOCHEE. UMNUUS N ICHED BAIXIMA. YADAJ BCAD UNEN MUU ZOXIOXIIMAA
2020-06-13
Болор:
Унших дуртай
2020-06-13
Алдаагүй:
Костюм гэж бичнэ, индүүдлэг нь арилаагүй
2020-06-13
Z:
Evleghen buchdeg hun shuu
2020-06-13
2020:
Ямар ч эмэгтэй гишүүн сонгохгүй.
2020-06-12
goyo:
Гоё юм. Би ч бас хөгширсөн гэж өөрийгөө гололгүй хааяа догдолж, амьдрал бодолгүй адал явдал хайж болох болов уу? Хэн нэгнийг шохоорхож хэлэлгүй холоос харж ганцаараа инээчихээд фэйсбүүкийнхээ “ганц бие" гэсэн статусаа “хостой боллоо” гэж өөрчлөхөд л хаягдчихсан юм шиг мэдрэмж тээж бороонд норж хэсэг алхчихаад харьж ирээд халуун цай ууж болох уу. Харин үүний дараа буцаад өр зээл, өдрийн хоолоо бодсон шиг ер юу ч болоогүй мэт яг урьдынх шигээ алхсаар ажилдаа ирж болох уу?
2020-06-12
Сайхан бичсэн байна
2020-06-12
minii hair zurhnii gants mine juu dee
2020-06-12
Нансаа:
Эвлэгхэн эетэй бичдэг охин шүү
2020-06-12
зочин:
сайхан бичиж байдаг шүү
2020-06-12