АВТОБУС №41: "Хүүхдийнхээ мөнгийг ээж нь аваад үрчихсэн байхаа"
2020-06-26

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн шигээ, итгэхэд бэрх өнгөөр ч дутуугүй. Өнөө өглөө /2020.06.26/ тролейбусанд Таваншараас суулаа. Тод шар өнгийн гэзэгтэй, улаан өнгийн пальтотой, өсгийтэй гутал дээрээ тогтож ядсан 40 орчим насны эмэгтэй гар утсаараа ярьсаар хойш харсан хажуугийн сандалд зэрэгцэн суув. Гартаа уутанд хийж нямбайлсан хүүхдийн мөнгөний дэвтэр, бичиг баримт барьжээ. Түүний яриа тун сандруу.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Охин нь нөхөр, хүү хоёроо орхиод хэд хоногоор алга болчихсон. Утсаар яриад асуухаар “Ээж ээ, би байнга гэрт суухаар уур бухимдал төрөөд, гадуур гармаар, найзуудтайгаа уулзмаар санагдаад байсан юм” гэх тайлбар хэлээд ирэхгүй байгаа тухай бүсгүй танилдаа учирлаж явлаа. Ээж нь хэд хоногоор алга болсон тул аав нь хүүхдээ эмээд нь авчирч өгсөн гэнэ. Эмээ нь энэ эмэгтэй.

 

- Чи чинь тэгээд хаана хоноод яваад байгаа хүн бэ гэсэн чинь машиндаа унтаад байгаа гэнэ. Та нар л болсон хойно ууж яваа биз гэсэн чинь та яаж мэдээд байгаа юм, үзэж хараад байгаа юм уу гээд инээгээд байна лээ. Одоо хүүхэд нь надтай цуг байгаа. Манайд өмсөх олигтой хувцас ч үгүй, ганц ээлжийн нэг нимгэн өмд, солионы дотуур хувцасгүй ирсэн шүү дээ. Энэ ээж нь үнэн бүтэхгүй.

 

- Тэгээд одоо хүүхдийн мөнгийг нь авах гээд явж байна. Таван сарын мөнгийг нь аваагүй. Буцаагаад татчихсан гээд байсан юм. Худлаа яриад байх шиг санагдсан. Аваад үрчихсэн юм шиг байна лээ. Юу ч гэсэн банк орж шалгуулах гээд ажлаасаа чөлөө аваад явж байна. Хажуугийн хөгшинд та сайн харж байгаарай, согтуу хөлчүү гудамжныхан орж ирээд бие засаад, унтчихдаг шүү. Ороод ирвэл хөөгөөд гаргаарай гээд сайн захиж үлдээгээд л гарлаа.

 

- Мөнгийг нь тэр аваад үрчихсэн байхаа даа. Горьдлогын мөр очиж үзэх гээд яараад явж байна. Орсныг нь мэдсэн бол шууд аваад үрчихсэн. Мэдээгүй байгаа дээр нь гялс очиж авах гээд өглөө эрт яараад явж байна.

 

- Би цалин гэж 150-хан мянган төгрөг л авна. Одоо тэгээд хүүхдийг нь өлсөөгөөд байж болохгүй өдөр хоол унд хийж өгөхөөс эхлээд мах их орно. Яадаг юм билээ...

 

Бүсгүй гэнэт ярианы сэдвээ өөрчилж:

 

- Аан, би нөгөө хүнтэйгээ харилцаад, яриад л байгаа. Чат бичиж байгаа. Их аятайхан хүн шиг санагдсан. Ханиа, хайраа л гээд байдаг юм намайг, хэхэ /айлгүй инээв/.

 

- Ирэх намар тэтгэвэрт гарчихна. Тэгээд чамайгаа хүний бохир заваан ялгадас цэвэрлэдэг наад ажлыг чинь хийлгэхгүй. Би тэтгэвэр гэж 300 гаруй мянган төгрөг авна. Би “Приус 20”-иороо халтууранд явна. Гурвуулаа амьдраад байж хүрнэ. Өвлөөс байр түрээслэнэ гээд л их юм ярина.

 

- Өөрийн гэсэн гэр оронгүй юм шиг байна лээ. Даагийд /хүүгийн нэрийг өөрчлөв/ их сайн. Миний хүү, миний хүү гээд л. Би эцэг шиг нь хайрлаж чадна гэдэг.

 

- Өөрөө Өмнөговьд байгаа. Наадмын дараагаас ирнэ. Тэгээд та хоёрыгоо аваад зугаална гэнэ. Архи огт амсдаггүй гэсэн.

 

- Би өөрийгөө шууд хэлсэн. Би жаахан ааш муутай. Бас жахан балгадаг гээд хэлчихсэн. Тэгсэн чинь “Миний хань ёстой ууж болохгүй шүү” гээд л гуйгаад байдаг юм.

 

- Хоёр том охинтой гэсэн. Тэд нар нь тус тусдаа амьдралтай болчихсон юм билээ.

 

- Их халамжтай. Өчигдөр баахан цемент зөөгөөд нуруу өвдөөд байна гэсэн чинь СӨХ цемент зөөдөг болчихсон юм уу. Би ёстой наад муухай ажлаас чинь гаргана гээд л.

 

- Одоо тэгээд Даагийг би л өөрийн хүүхэд шигээ хажуудаа авч явахаас. Хүүд чинь эцэг байж чадна л гээд байгаа.

 

Таваншараас талбай хүрэх замд утсаа огт таслаагүй эмэгтэйн ярианаас нийслэлийн хаа нэгтээх гудамжинд буй нийгмийн гурван өнгө төрх үзэгдэнэ.

 

Нэгдүгээрт, хүүхдээ орхисон ээж. Айлын эзэгтэй, үрийн ээж болно гэдэг асар чухал хариуцлага. “Гэртээ байхаар уйдаад” гэдэг шалтгаанаар ээжийн үүрэг, эхнэрийн ажлаас зугтчихсаныг годгор охины томоогүй үйлдэл гэж зөвтгөж боломгүй. Харин залуучуудад гэр бүлийн боловсрол, гэргий ухаан дутмаг байгаа нь эндээс харагдаж байна.

 

Хоёрдугаарт, ээж эмээ хоёрын хүүхдийн мөнгөний төлөөх тэмцэл. Сар бүрийн 20 мянган төгрөгийг 100 болгож нэмэгдүүлсэн энэ шийдвэр эхнээсээ л “Ээж, аав нь л авчихна” гэдэг шүүмж дагуулсан. Ерөөс хүүхдийн мөнгө эзэндээ очдоггүй, “дээгүүрээ” хуваагаад идчихдэг жишээ энэ. Гэхдээ “иддэг” хүмүүс нь олонхи биш цөөнх гэдэгт итгэнэ. Хүүгийн мөнгийг ээж нь авбал түүнд хүртээлгүй. Эмээ нь авбал хоолтой, хоёр ээлжийн солионы өмдтэй болох найдлага бий. Гэхдээ эмээ хааяа балгадаг тухайгаа ярьсан болохоор мөн л эргэлзээтэй.

 

Гуравдугаарт, өнөөх л боломжгүй амьдрал. Өнөөх л байрны үүд сахисан умгар өрөөн дэх СӨХ-ны ажилтан. Өнөөх л өрх толгойлсон эмэгтэй. Өнөөх л арай дөнгүүр амьдрал горьдсон найдлага. Эмэгтэйн дурлалт хүн нь ирэх намар тэтгэвэр гарна гэхээр 60 настай болов уу. Харин эмэгтэй ихдээ л 40 настай. Нас бол зүгээр л тоо. Тэгээд ч дурлалд нас буруугүй. Харин эмэгтэйн халамж хүссэн, тэтгэвэр гэдэг түүний хувьд амьдралын баталгаа мэт санагдаж буй тухай санаа алдан үг цухуйлгасан нь эргэцүүлэл үлдээв. Бас өнөөдөр нийгмээрээ санаа зовж буй “Хүүхдэд нь эцэг болж чадах болов уу” гэсэн адгуу бодол төрөөд болдоггүй.

 

Гэрэл зургийг Tulgaa Skizz Artist хуудаснаас 

 

Нэг л эмэгтэйн 30 минутын ярианаас нийгмийн хамгийн эмзэг сэдвүүд сөхөгдөж байна. Худлаа биш хүний л амьдрал.

 

Хэн энэ нийгмийг өөрчилж, хэзээ хүүхэд бүр жаргалтай амьдарч, хүүхдийн мөнгийг булаацалдаж биш банкинд хадгалдаг болох вэ? Хэзээ бүсгүйчүүд амь зуух биш аз жаргалтай, амар тайван амьдрах вэ?

 

УИХ-ын ээлжит сонгуулийн “халуун” өдрүүд холдоогүй, шинэхэн гишүүд ордны суудалдаа тухлахсан гэхээс яаран буй энэ цаг хугацаанд эдгээр асуултыг дайж эрхгүй “попормоор” санагдлаа. Ээ дээ, бусдын амьдралыг зүрхээрээ мэдэрч, болж өгвөл гэр хорооллын гудамжаар, нийгэм дундуураа нэг алхчихаж байгаарай, түшээд юм.

 

Энэ хүрээд ээлжит автобусны тэмдэглэлээ өндөрлөе. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. Гэхдээ амьдрах, амьд явах сайхан шүү. Ээж нь хүүгийнхээ мөнгийг аваагүй байвал эмээ нь түүнд амттан аваад орно. Тэгээд л тэд амьдралын сайхныг амталчихна...Их ч удалгүй ээж нь ирж хүүгээ аваад элэг бүтэн амьдралдаа буцах биз ээ.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
er,emgui uuhaa l bolimoor
2020-07-31
зочин:
Таван шараас талбай хүртэл автобусанд утсаараа тасралтгүй ярьдаг, манайхан тийм бүдүүлэг соёлгүй. Хажуугийн хүмүүс нь ярианаас нь залхсан байгаа мөртлөө болиоч гэж хэлдэггүй. Нөгөөдүүл нь санаа зовох ч үгүй. Харин залуучууд бусдын эвгүй харцыг хараад ойлгодог, яриагаа шууд дуусгадаг. Бүдүүлэг мэдрэмжгүй авгайчууд бол чалчаад л суудаг.
2020-06-26
ганаа:
Сэтгэл өвдмөөр шүү
2020-06-26
Эх нь шийр алаг бол хүү нь шийр алаг
2020-06-26
эмэгтэй хүнд түшиг тулгуур хэрэгтэй. Гэхдээ бас өөрөө өөрийгөө аваад явчих жаахан ухаан тэвчээр бас хэрэгтэй.
2020-06-26