АВТОБУС №42: Хөвсгөл “МИА”
2020-07-31

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Сайн байцгаана уу. Сар уулзсангүй, сайхан наадаж, сайн сууцгааж байв уу? Түмний нэг нь ээлжийн амралтаа аваад, түмэнтэйгээ хөл нийлүүлж Хөвсгөл яваад ирлээ. Аян замын сониноор автобус тэмдэглэлээ эхлүүлье. Таалан болгооно уу.

 

Булганд сарлаг л болж төрөх байж...

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Хөвсгөл хүрэх “мөрөөдлийн баг” маань таван гишүүнтэй. Хөвсгөлийн хөвөөнд тоглож өссөн эгч манай хөтөч, “Эко соёл сан”-ын элч төлөөлөгч. Харин түүний хань манай аяллын ерөнхий ивээн тэтгэгч. Арын суудалд юм л бол эморч чихэвчээ зүүгээд цонх ширтчихдэг, нэг бол “Ахаа хөгжмөө чангалчих” гэж гэнэтхэн дуу ордог нийтийн дуунд хачин дуртай залуу /бараг Миллениал байх/. Нөгөө талд “Z” үеийн төлөөлөл яваа. Энэ нөхөр зохиолын дууны ганц ч мөр мэдэхгүй. Хурд, Харангын дуу явбал дахилтыг нь дутуухан аялна. Хааяа эгч, ах хоёртой том сэдвээр додигор яриа өрнүүлж хөшөө дурсгал, түүхэн үйл явдлын тухай сураглах нь сүрхий. Энэ хоёрыг цаашид М, З гэж нэрлэе.

 

Замдаа гарлаа. Эгч сэтгүүлч мэргэжилтэй, нээлттэй яриа гэж чигтэйхэн. Харин ах эгэл жолооч, дуугүй, даруухан, үе үе мушилзчихаад л давхиад байна. Ийм даруухан ах хүний хэл ам сугалчих шахсан манай сэтгүүлч эгчийг яаж найрсан бол гэхээс сонирхол төрнө. Асуухаар “Ахаасаа асуу” гэж эгч жуумалзаад л. Даруухан ах хаанаас хариулахав, мушилзаад л...

 

Энэ засвар манай М /Миллениал/ "Noname-Zam zaya", нөгөө талд “Z”  харин "Bryan Adams - You can't take me" сонсоод л. Харин би ах эгч хоёртой Болд, Чулуунчимэг, Вандан Дуламсүрэн сонссон шиг, өнөө хоёрын танилцсан түүхийг яриулчих санаатай хөгжилдөж явлаа.

 

Дарханы зам эвдрэлтэй тул Булганы Дашинчилэнгийн замыг сонголоо. Бид ч гэлтгүй бүгд л үүгээр зорчдог бололтой. Яах аргагүй хөдөө зам, нов ногоон тал дээгүүр УА...УБ... дугаартай машинууд түгжрэх шахуу сунжиралдаад л машины цуваа тасрахгүй нь бас л сонин үзэгдэл юм. Тал нутгийн зам олон тулдаа мөргөлдчихгүй зөрөлдсөөр, хөндий дүүрэн тоос татуулсаар давхилдана. 100 гаруй километр шороон замаар хоёр цаг орчим донслуулсаар Булган аймаг хүрч сая асфальтан замд нийлэхэд өргөс авсан мэт л болж байна.

 

“Анхдагчдын өлгий нутаг” гэсэн бичигтэй цагаан хаалган доогуур гарахад “Аая, онгироо юм бэ” гэх хошин бодол төрөв. Цааш 20 километр давхиад Түлүүгийн даваа хүрлээ. Хэдэн жилийн өмнө энд ирэхэд том том буузтай нэг гуанз л байв. Харин өнөөдөр худалдаа наймаа, хуушуур бууз, хүн амрах “муурын” байшингууд олон болжээ. Бас боловсон ариун цэврийн байгууламжтай болчихож. Үнэ 200 төгрөг. Хээр газар ус татаж, гоожуурт гараа угаахад тааламжтай л юм билээ.

 

Булган үнэхээр биширмээр сайхан нутаг юм. Нүд алдам ногоон тал, уулга алдам хэлбэр дүрстэй уул хад. Зай завсаргүй шигүү ой мод гээд байж болох бүхий л байгалийн сайхан энэ аймагт ингэж цогцолсонд атаархал төрмөөр. Аль ч гантай жил Булганд хар ногоон зун болдог гэнэ. Замын хажууд хар голдуу сарлагнууд, сажилж яваад яг замын голд ирээд дүрлийтэл ширтээд зогсчих дүрэмгүй хайнаг хүртэл дэндүү “пээдгэр”. Тэдэнд өвс, ус хаанаас олох тухай бодож санах зүйл огт алга. Хийх ажил нь үсрээд л сүүлээ шарваж ялаа үргээх. Ингэж амьдарвал нээрэн жаргал биз дээ. Энд сарлаг болж төрсөн бол сайхан ч юм шиг. Хонь байсан ч болж л байна, хэхэ.

 

-Ямар гоё юм бэ. Ийм сайхан нутагт төрж өссөн бол гэхэд эгч

 

-Дүү аль нутгийнх билээ?

 

-Би Төв аймгийнх

 

-Аан шанага нь тавынх юм уу, хэхэ

 

-Төв аймгийнх гэхээр наад үгийг чинь л хэлэх юм. Уг нь манай нутгийнхан айргаа харамлаад байдаггүй. Унаган тамганаараа хуруудаж хожоод чихдэж уулгаад албаар бөөлжүүлдэг л хүмүүс байдаг юм.

 

-Тэгвэл чи ч гэсэн сайхан л нутгийн хүн байна шүү дээ.

 

-Харин манайд байгалийн сайхантай очоод үзчихмээр газар юу байдаг билээ?

 

-Богд уул байна шүү дээ.

 

Булганаар сарлагтай баахан барьцаж явсаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг руу давхиад орлоо. Улаанбаатараас өглөө 08.00 цагт гарсан бид үдэш 21.00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод хүрч очив.

 

Харихаар бүгд надаас “Хөвсгөл гоё уу” гэж асууна. Харин би...

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Хүн бүр л Хөвсгөл тийш сэтгэл тэмүүлдэг тул Мөрөн хотыг хөгжил дэвшлийн түүчээ аймаг болов уу гэж санаж явсан ч бодсоноос буйдхан юм. Харин зурагнаас харж байсанчлан гудамжнууд нь шугамдсан мэт тэгшхэн. Зун цаг болоод тэр үү хүний хөдөлгөөн сийрэг, хуучны хэдэн барилга, утасны сүлжээ, 4G дүүрэн барих нь суурин газар болохыг тодотгоно.

 

Мөрөнд хоноглоод цааш хөдөллөө. Жанхайн нурууг даваад л уул уу, ус уу гэдгийг ялгахад бэрх тэнгэр газрын хаяа нийлсэн цэв цэнхэр, цэлийсэн том далай угтав. Тойромноос том нуур харж үзээгүй би хязгаар нь үл харагдах далай хараад гайхширсан.  Яг тэр мөчид мэдрэмжтэй жолооч “Ямар уудам юм бэ, монголын тал нутаг...” дууг эгшиглүүлсэн нь бүр ч сэтгэл дэвэргэв.

 

“Пөөх Монголд бас ийм далай байдаг аа” гэж уулга алдахад нутгийн эгч инээж байна. Уулга алдмаар, хөвөөнд нь очоод орилмоор, гүймээр. Дүрстэй дуудлага эхлүүлж хүн бүрт гайхуулмаар тийм гоё мэдрэмж. Гэхдээ энэ мэдрэмжийг “Та нарт гайхмаар сайхан харагдаж байгаа биз. Надад бол тийм биш” гэж хамт явсан Хөвсгөл нуурын төлөө “зүрхээ” зориулж яваа Ж.Оюумаа докторын үг өөрчлөв. Тэр Хөвсгөл далайгаа хамгаалахын төлөө тэмцэж "Хөвсгөл далай ээж нийгэмлэг" ТББ-ыг үүсгэн байгуулсан төдийгүй Хөвсгөлд Европоос зорьж очсон анхны жуулчинг угтсан нутгийн уугуул иргэн.  

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Т /түмний нэг/: Яагаад?

 

О /Оюумаа/ : Анхны жуулчин ч ирээгүй 1990-ээд оноос өмнө л би энд амьдарч байсан учраас жил ирэх тусам далай бохирдож байгааг анзаардаг. Харин чиний хувьд анх удаа ирж байгаа учраас гайхмаар, сайхан л байгаа.  /усан дахь чулууг аваад/ Энэ чулуу гялгар байсан. Одоо нуурын ус бохирдож байгаа нь чулуу гялгар биш болж  борлосноос харагдаж байна. Хүмүүс далайд хувцастайгаа ордог. Далайд хэт ойр амралтын газрууд байгуулагдсанаас онгон хөрс тахлагдаж байгаа.

 

Т: Хүмүүсийн буруутай үйлдлээс болоод уу?

 

О: Ариун цэврийн бүсийн журмаар Хөвсгөл нуураас 50 метрийн доторх зайд барилга, байгууламж, амралтын газар байгуулж болохгүй. Нуураас 100 метрийн доторх зайг эрүүл ахуйн бүс гэдэг. Гэтэл 50 метр дотор амралтын газар байгуулсан байна. Энгийн хүн харахад сүрхий өөрчлөлт байхгүй юм шиг харагдаж байгаа ч нуурын чулуу гялтагнадаг байсан бол одоо эрэг дээр хүмүүс олон ирснээс органик бохирдол үүсээд үүнээс болоод нуурын чулуу бохирдогдож байгаа юм. Дэлхийн цэвэр усны хоёр хувийг хангадаг нуурын захад ил задгай бие засдаг, усанд ордог гээд асуудал их л дээ.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Т: Таныхаар цаашид далайг бохирдуулахгүйн тулд яах ёстой вэ?

 

О: Эко аялал гэж их ярих болж. Эко гэхээр л хогоо түүгээд болчихно гэж ойлгодог. Эко аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа бол байгаль орчны үндсэн шинж чанарыг алдагдуулахгүй байх нь зөв. Нуурын чулууг сөхөхөд л дор нь амьтад байгаа. Энэ амьтад яг л бидний адил ертөнц дээр амьдарч байгаа. Гэтэл тэдний оршин байхын төлөөх тэмцлийг алдагдуулж, амьтдыг үргээж байгаа нь эко аялал биш. Энд байгаа ургамал, амьтад нэг ч хорогдохгүй байж гэмээнэ нуур хэдэн зуун жил оршино. Эргийн бүсийг байхгүй болговол цэвдэг хайлна. Цэвдгийг халалтаас хамгаалж байгаа ганц зүйл нь ургамал. Ургамал нь намсаад ирэнгүүт цэвдэг хайлна. Цэвдэг хайлаад дуусчихвал нуурын ус тасралтгүй татарна. Тийм учраас цэвдгийг хамгаалахын тулд мод, ургамлаа, эргийн бүсийг хамгаалах ёстой. Бид зөвхөн нуураа цэвэр байлгахын тулд хог хаяхгүй л гээд байгаа. Гэтэл ургамал бүх зүйлтэй л хамгаалах ёстой юм.

 

Бас олон жуулчны баазыг дагасан цагаан тоос асуудал болоод байна. Эргийн чулуунууд тоосонд дарагдсан, шавар ёроолтой болсон газар зөндөө байгаа. Тиймээс нэмж газар олгохгүй байх хэрэгтэй. Монголчууд өөрсдөө л далай үзэх гэж ирдэг. Гадаадын жуулчид яг л онгон дагшин байгальд аялна гээд зорьж ирдэг. Тэдэнд далай сонин биш. Тэгэхээр бид өөрөө өөрсдөө л далайгаа бохирдуулж байгаа. Асуудал ийм байгаа учир, эндээс бүгд ууж байгаа учраас л дэлхийн хамгийн цэнгэг уст нуураа хамгаалья гээд тасралтгүй яриад байгаа юм шүү дээ. 

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Жанхай дахь амралтын газрууд далайгаас уртаа цагаан хоолойгоор ус соруулж ашигладаг юм байна. Ерөөс  хүн, мал, загас, жараахай гээд амьтай бүхэн хамтдаа далайгаасаа л ундаалдаг аж. Ундны ус татдаг шланкны дөнгөж хажууд хүмүүс хувцастайгаа усанд орж харагдав. Очоод энэ усаа өөрөө ууна даа гэж бодохоор утгын хувьд алдаатай ч юм шиг.

 

Дөнгөж буугаад хөөрсөн сэтгэгдэл цаашлах тусам дарагдсаар явлаа. Амралтын баазууд ачааллаа дийлэхгүй бохир нь сагдаг, хогоо ачуулдаггүй. Үе дамжин энд л нутаглаж ирсэн хоёр хөгшинд тугалаа бэлчээх ч газар үлдээгүй тул өдөржин хашаатай. “Эргээс нүү” гэсэн хэр нь өөрсдөө хашаа татаад авчихдаг эрх мэдэлтнүүдийн асуудлыг ч нутгийн иргэд “нулимстай” ярих нь явахсан гэхээс “үхтлээ” яарсан Хөвсгөлийг “миа” санагдуулж эхлэв.

 

Хүн зон нь зочломтгой, дайламтгай, завьчин нь хүртэл хариуцлагатай, соёлтой, нутгаа гэх энгүүн сэтгэлтэй. Ярихын аргагүй сайхан хүмүүс, яах аргагүй гайхамшигтай байгаль эх, далай ээж. Гэвч хүний буруутай үйлдлээс болж Хөвсгөлийг хэн ч зорихоо болих тийм нэг зөн муутай бодол эрхгүй төрсөн. Онгон дагшин байгаль харья гэхээр зай завсаргүй барьсан амралтын газрууд халхалж, далайгаас сая нүд салгаж эргэн тойрноо ажвал өчнөөн километр зам туулан явж, явж яг л сумын төвдөө ирсэн мэт. Гагц энэ сэтгэл дундуур мэдрэмжийг далай л дүүргэж давалгаалах аж. Сэтгэл дүүрэх ч харамсал хөвөрсөөр Хөвсгөлөөс буцлаа.

 

Харьж очихоор бүгд надаас “Хөвсгөл гоё уу” гэж асууна. Харин би “Тэнд далай л байна” гэж хариулах нь.

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Гэрэл зургийг А.Эрхэмбаяр

 

Манай аяллын ерөнхий ивээн тэтгэгч ах, эгч хоёр нутагтаа, ижийдээ үлдсэн тул буцахдаа М, Z хоёртойгоо орон нутгийн тээврээр буцлаа. Орон нутгийн шуудангийн унааны жолооч нар хариуцлага өндөртэй, цаг сайн барьдаг, ээлжийн жолоочтой, замдаа хоёр удаа хоол идэх зогсоолтой гээд дүрэм журамтай болжээ. Тиймдээ ч “Хамгийн найдвартай унаа автобус шүү дээ” гэж нутгийн эгч биднийг үдэж өгөхдөө хэлсэн санж. Хурд хэтрүүлэхгүй жигд хурдаар аажуухан урагшлах, тэр зуурт буцаад л Булганы сайхан  нутаг нүдний өмнө жирэлзэж, өнөөх сарлагнууд, тэдэнтэй нутаг "булаалдах" хүсэл тээж явахад автобусны аядуухан хурд тун тохиромжтой.

 

“Ээж ээ, энэ хот уу” гэх хүүгийн цовоо, цолгиун дуунаар сэрлээ. Эмээлт орж яваа бололтой, арьс ширний эхүүн үнэр сэнхийж байна. Ийнхүү Хөвсгөлөөс хэрэг болгон “өвөртөлсөн” тэмдэглэлээ дуусгаж байна. Ирэх баасан гарагт их хотынхоо амьдрал дундаас цуглуулсан эрээвэр хураавар тэмдэглэлээр эргэн уулзъя.

 

Хамт байдагт, “Хүүе чи амьд уу, тэмдэглэлээ яагаад бичихгүй байна вэ” гэж чих тавин сурагласан бүгдэд баярлалаа. Алдаа, оноотой юм цуг хайрлаад /аая/ дахиад зөндөө удаан хамтдаа байгаарай.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Хөвсөглийн утхг ын дарга Идэр гэж нэг бүр лойцон юм байнаа .зүгээр л нэг суудлын бөглөө мэдэж хийж байгаа юм алга нутагын хүмүүсийг хавчиж шахаж том ярихаас цаашгүй
2020-08-01
Yum bichih gj bgaa bol yadaj ug usgiin aldaagui bichmeer yum, ichdeggui yum bh daa
2020-08-01
нар:
хэт битгий туйлшир дэлхий даяар ус далайгаа ашигладаг, байгаль ѳѳрийгѳѳ нѳхѳн сэргээдэг
2020-08-01
убер компанитай хамтарч шумбагч онгоц
2020-07-31
zochin:
Хөвсгөлийн Хатгал тосгон бүр миарчихсан байна лээ. Орон нугийн засаг дарга нар юу хийхгүй байнаа
2020-07-31