COVID-19: Эквадор амралтын өдөр согтууруулах ундаа худалдаалахыг хориглов
2020-07-31

Эквадорын эрх баригчид улсынхаа ихэнх нутаг дэвсгэр дээр амралтын өдрүүдэд согтууруулах ундаа худалдаалахыг хориглох шийдвэр гаргажээ. Энэ нь тус улсад коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой гэж Онцгой байдлын хороо мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

 

"Долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 12-ныг дуустал баасан гаригаас даваа гариг хүртэл согтууруулах ундаа худалдаалахыг хориглоно" хэмээн Онцгой байдлын хороо мэдэгджээ. Энэ арга хэмжээ тус улсын 24 мужийн 18-д нь үйлчлэх бөгөөд түүнчлэн зургаан мужид хөл хорих цагийн дэглэмийг чангатгасан байна. 

 

Эквадорт өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 84 370 харин халдвараас үүдэлтэй нас баралт 5657 бүртгэгджээ.

 

Энд дуулгахад, Эквадорын эрх баригчид гуравдугаар сард онц байдлын дэглэм тогтоож, улсын хилээ хаан, тавдугаар сард зарим төрлийн хязгаарлалтуудыг сулруулж байлаа. Энэ хүрээнд өвчний тархалт багатай бүс нутгуудад арилжааны байгууллагууд болон нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээж байв. Улмаар зургадугаар сарын нэгний өдрөөс агаарын зорчигч тээврийг хэсэгчлэн сэргээсэн ч урьдын адил олон нийтийн арга хэмжээг хориглосон, мөн сургуулиуд ажиллахгүй, хот хоорондын харилцаа хязгаарлагдмал байгаа юм.

COVID-19: Австралид халдварын тоо өсөж, парагвайчууд хөл хориог эсэргүүцэн үймэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин