Нийслэлд нь болсон дэлбэрэлтийн улмаас онц байдал зарласан Ливанд дэлхийн улс орнууд тусламжийн гараа сунгасаар байна. Энэ удаад Их Британи, Герман улс туслахаар болсон талаар Euronews мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британи улс Ливанд таван сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээр амалжээ.
"Нэгдсэн Вант Улс Ливаны болон Ливаны ард түмний эртний анд нөхөр бөгөөд хүнд үед байнга дэмжиж тусалж байдаг. Бид энэ хүнд нөхцөлд яаралтай эмнэлгийн тусламж болон таван сая фунт стерлингийн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ" хэмээн Доминик Рааб мэдэгдсэн байна.
Харин Германы Гадаад хэргийн яам Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан нэг сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ.
"Ливанд тусламж болгон эхний ээлжинд Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан Бейрутын яаралтай тусламжийн төв болон эм эмнэлгийн хэрэгсэл авахад зориулан нэг сая еврог илгээнэ" гэж Германы ГХЯ мэдэгджээ.
Харин Франц улс хүмүүнлэгийн ачаа тээвэрлэсэн гурван онгоц илгээнэ гэдгээ наймдугаар сарын тавны өдөр мэдэгдсэн. Түүнчлэн тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливан руу очихоор болжээ. Европын холбоо Ливаны хүсэлтээр иргэний хамгаалалтын механизмыг идэвхижүүлэн, Ливан руу шаардлагатай тоног төхөөрөмж болон эрэлч ноход бүхий 100 мэргэжилтнийг илгээсэн байна.
Эргэн сануулахад, наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомт дээр дэлбэрэлт болсны улмаас 135 хүн амиа алдаж, 5000 орчим хүн гэмтэж бэртсэн юм.
Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав
ФОТО: Дэлбэрэлтийн дараах Бейрут хот
Г.Бямбасүрэн
Уншиж байна |