АВТОБУС №43: “Орой хариад охиндоо морь болно”
2020-08-07

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Баасан гарагийн мэнд. Зун гэхэд намар шиг сэрүүхэн. Намар гэхэд хавар шиг шороон хуйтай, өнгө муутайхан өдөр, хоног ээлжилж байна даа. Зэгэл саарал энэ өдрүүдэд хөдөө л явмаар. Хөвөнтэй дээл өмсөөд хонь эргүүлмээр. Гүүн зэлэн дээр бидонтой саам сахиж суумаар. Уяж хоносон мориор үүрээр адуунд мордмоор. Мордохын өмнө шуугитал иссэн айрагнаас хуллаж уугаад дотроосоо халууцмаар. Ерөөс адуучин, саальчин аль нь ч л сэтгэл татдаг учраас намрын намарт хөдөө л явмаар.

 

Дажгүй залуу, даанч онгироо

 

Гэрэл зургийг TULGAA SKIZZ ARTIST хуудаснаас ашиглав

 

Уг нь ч ээлжийн амралтаар нутаг яваад ирсэн. Хөдөөд нэг ийм залуус байдаг. Дээл сугалдаргалж, мотоцикл хаазалсан. Хотын бидэнд бол хүүхдээрээ санагдах. Нутгийнхандаа бол “хүнд гар”, бүтэхгүй нөхөр. Хүнтэй суудаггүй. Сум ороод алга болчихдог. Сураг сонсох нь балгаж л явдаг. Амралтаараа очиход ийм нэгэн эчнээ танил, ангийн найз минь намайг гэсээр зориод ирлээ. Нэр нь Болдоо.

 

Үдээс хойш Болдоогийн мотоциклийн ард сундалдаад уул даваад л байх амралтын газрын дэлгүүр орохоор олны нүдийг орой дээр нь гаргаж орхиод дарцаглачихлаа. Бусдын “Энийг хэн тоох вэ” гэж халагладаг энэ эрд ч айлын охиныг аваад суучихвал жаргаах хүсэл уг нь бий. Харж явдаг бүсгүй ч байгаа гэнэ. "Краш"-ийг нь харахаар, адуу сураглах далим гаргаж замдаа айлаар буулаа. Даруухан бор охин надад цай аяглаад барихдаа сүрхий ажиглахад л найзын ажил бүтчихлээ. Үг, яриа нь хүч орж, ирээдүйн хадам ааваасаа “Тамхи байна уу, нэг ороочихьё” гээд овоо зоригтой асууж байна. Тэднийхээс хөдлөөд салхи нүүр, нүдгүй үлээхийн хажуугаар царцаа аманд орчих гээд болохгүй ч хоёул мотоциклд сундалдсан чигээр хойно урдаас чангаар хуучилж явлаа.

 

Т /Түмний нэг/: За Болдоо минь яагаад хүнтэй суухгүй байна вэ? Нас нэлээн явчихлаа шүү дээ

 

Н /найз/: Найзыг нь хүн тоохгүй юм байна шүү дээ.

 

Т: Ийм сайхан адуучин залууг чинь яагаад тоодоггүй юм бэ.

 

Н: Хцс, сайханаа хат даа. Хүн явуулаад л...Одоо тэгээд голын гайгүй бүсгүйчүүд хүнтэй суугаад дууслаа шүү дээ, бараг.

 

Т: Харин тэглээ. Түрүүн буусан айлын охин  хөөрхөн юм билээ. Чи тэгээд алдчихав даа, Болдоо

 

Н: Харин найзыг нь тоох болов уу?

 

Т: Тоолгүй яахав дээ. Чи яагаад өөрийгөө голоод байгаа юм.

 

Н: Надаас хоёр дүү. Уг нь надад гайгүй л юм шиг санагддаг юм. Аав, ээж нь халгаадаггүй юм. Намайг очоод жаахан юм яриад суух гэхээр охиноо хажуунаасаа холдуулдаггүй шүү дээ.

 

Т: Хониных нь бэлчээрт уулзахгүй юу. Эсвэл усанд явах замыг нь тосохгүй юу. Тугалыг нь эвлэгэж өгсөн ч болж л байна. Хөдөө харин ч уулзах шалтгаан өчнөөн байдаг биз дээ. Сэргэлэн бай л даа Болдоо минь

 

Н: Дээр аав, ээжийг нь сум явсан хойгуур очоод нэлээн юм ярьсан. Тэгсэн чинь “Уг нь чи дажгүй залуу. Даанч жаахан онгироо гэж авсан шүү дээ, хэхэ

 

Т: Чи ч жаахан онгироо нь онгироо шүү, хэхэ. Одоо тэгээд эхнэртэй болохын тулд өөрчлөгдөх хэрэгтэй шүү дээ. Бид одоо жаахан хүүхдүүд биш. Намба суу, найз минь.

 

Н: Харин тийм ээ.

 

Т: Битгий сум явж алга болоод байгаач. Чамайг өнжөөд л нэг сум ордог гэж Гэндэн гуай надад ховлосон шүү. Сум давхиж байхын оронд байнга тэднийхээр буугаад аав ээжийг нь ажилтай хүү шүү гэж бодтол нь гүү малыг нь дөхүүлээд, үнээ тугалыг нь эвлэгэж өг л дөө. Аяндаа эмэгтэй хүн дасч дурлана шүү, Болдоо. 

 

Н: Чи найздаа зөвлөж байгаарай.

 

“Хүний нүдэнд хөгцтэй хад шиг ч...” гэдэг зүйрлэл яг түүнд зохино. Болдоо уг нь яав ч муу хүн байх учиргүй. Наймдугаар ангиа төгсөөд л аав, ээждээ тус болохоор хөдөө гарсан. Сургуульд байхын дэлчгэр занг нь л сумынхан сагсуу гэж дэвэргэж боддогоос сэтгэлийг нь таньсан эмэгтэйн өмнө загнуулж л суух зөв, зөөлөн хүнсэн. “Дараа зун найз нь хуримаа хийнэ ээ. Чи ангийнхнаа цуглуулаарай” хэмээх ерөөлтэй үг хэлээд үлдсэн түүний дотор суугаа хүнийг даруухан бор охин нь өнгийж хараад таниасай.

 

“Би аймар булгидаг морь”

 

Гэрэл зургийг  TULGAA SKIZZ ARTIST хуудаснаас ашиглав

 

Түмний нэг нь Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаасаа буйр сэлгэж Баруунсалааны зусланд очсон. Тиймээс ХМК чиглэлээ өөрчилж Баруунсалаа-Халдварын автобусны зорчигч болсон. Өчигдөр орой Баянхошууны 112-ын буудлаас манай хөрш ах сууж зам нийллээ. 30 гаруй насны энэ ах гурван охинтой. Хүүхдүүд нь үргэлж хүүхэлдэйн кино үздэг тул зурагт үзэх эрхгүй, хариад хоёр охиндоо морь болно хэмээн инээмсэглэн ярих нь хайр дүүрэн.

 

А /ах/: Одоо харихаар хүүхдүүд ааваа морь унъя гээд байлгахгүй шүү дээ

 

Т: Тийм үү, танай бага хэдтэй билээ?

 

А: Бага одоо зургаан сартай. Том, дунд хоёр ээлжлээд л унана. Том охин арай гэж нэг “Baby TV”-ээс салсан чинь дунд охин үздэг болчихсон. Өдөржин л хүүхэлдэйн кино. Өөр суваг үзэхгүй. Орой хариад очихоор дунд охин морь унана гээд л зүүгдчихнэ. Тэгж байтал том охин бас унана гэнэ. Би аймар булгидаг, догшин морь. Том охиныг булгиад унагачихдаг юм. Тэгэнгүүт ээж нь тэндээс буцаагаад мордуулчихна, хэхэ.

 

Т: Хөөрхөн юм бэ. Дунд охиндоо бол номхон морь биз?

 

А: Тэгэлгүй яахав. Миний бондгор охин чинь одоо л хоёр настай. Булгиж болохгүй.

 

Т: Танайх өнөр өтгөн айл болжээ.

 

А: Харин тийм ээ. Би чинь гурван гүнжтэй хүн шүү дээ. Эхнэртэй дөрөв, хэхэ.

 

Т: Одонгийн хүүхэд хэзээ вэ?

 

А: Аа мэдэхгүй. Болно доо, хэхэ.

 

Гэр дүүрэн охидтой. Гэргий нь гэрээр үйл урладаг. Ах өөрөө үйлдвэрт ажилладаг. Бүтэн, дулаан амьдралтай хөрш ахтай автобусны буудал дээр хамтдаа буулаа.

 

Бөөрөнхий таван ханатдаа бүгд аз жаргалтай ийм нэгэн тэгш дүүрэн ам бүл Баруунсалааны эцэст амьдардаг. Хүн хаана амьдрах нь хамаагүй. Халгиж цалгисан хөрөнгөтай байх ч албагүй. Гагцхүү тэнд хүүхдүүд инээж, бүсгүй хүн айдасгүй, нулимсгүй байна гэдэг л бидний хүсдэг нийгмийн сайн сайхан. 

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Сонирхолтой бичвэр байна. Гэхдээ заримыг нь уншихад Түмний нэг нөхөр өөрөө зарим хэсгийг зохиогоод туугаад байх шиг санагдах юм кк
2021-01-14
ggg:
ёо ямар гоё бичээ вээ бүр нүдэнд харагдаад нэг мэдсэн инээчихсэн сууж байна
2020-08-17
Зочин:
нэг мэдэхэд л 5 дах өдөр болцон нийтлэлийг чинь хүлээж уншаад сурцан байна.
2020-08-13
Zochin:
Udaan huleej bj niitlelee unshlaa. 5 dahi udur buriig tecen yadan huleedeg bolson shuu. Uneheer l amidral dundah uneniig nemelt hachirgui baigaagaar ni bichdeg ni taalagddag.
2020-08-10
zochin:
bulgidg aav boon jargal neere az jargaltau aidas huidesgui bval busgui hun ih yum nehguu sh dee
2020-08-09
Воов мундаг бичих юмаа
2020-08-07
Воов мундаг бичих юмаа сэтгэл хөдөлчихлөө
2020-08-07
Хөдөөний залуу хөөрхөн юмаа. Өнөр өтгөн айл болоорой. Олон гүнжтэй хотын ах бас хөөрхөн юмаа
2020-08-07
Воов мундаг бичих юмаа сэтгэл хөдөлчихлөө