"Европын сүүлчийн дарангуйлагч" Лукашенко 7 дахь удаагаа сонгогдов
2020-08-10

Ням гаригт Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн ирц нэн өндөр байсан гэх бөгөөд урьдчилсан дүнг зарлахад өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ялалт байгуулжээ. Ням гаригийн үд дунд гэхэд л сонгогчдын ирц 50 хувийг хэдийнэ давсан гэж мэдээлж байсан бөгөөд энэ нь сонгууль болсон гэж үзэх үндэслэл юм. Беларус улсын Сонгуулийн төв хороо мэдээлэл өгөхдөө, олон гомдол санал ирсэн ч үндэслэлтэй гомдол гараагүй гэж онцолжээ. 

 

Харин шинжээчид, орон нутгийн ажиглагчид албан ёсны мэдээлэл болон Беларуст болж буй үйл явдал зэрэгцэн орших хоёр өөр бодит баримт гэж онцолсон байна. Сонгуулийн төв хороо сонгогчдын 41,7 хувь нь санал өгсөн гэж мэдээлсэн бол сонгуулийн өдөр санал авах хэсгүүд дээр сонгогчдын урт цуваа үүссэн байсан нь орчин цагийн Беларуст тохиож байгаагүй үзэгдэл гэж ажиглагчид өгүүлжээ. Өмнө нь энэ улсад ням гаригт болсон сонгууль шиг санал хураалт болж байгаагүй юм.

 

Энэ сонгуулиар олон зөрчил гарсан гэж иргэд үзэн, сонгогчдын нэрсийн жагсаалтад нас барсан өвөө, эмээгийнхээ нэрийг олж харсан гэсэн мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр ихээр гарсан ч Сонгуулийн төв хороо нь үүнийг үгүйсгэжээ. Мөн энэ жил Беларус олон улсын байгууллагуудаас ажиглагч уриагүй, түүнчлэн сонгуулийн талаар мэдээлэх зөвшөөрөл авахыг хүссэн гадаадын сэтгүүлчид ч сурвалжлах эрхгүй хоцорсон гэнэ.  Түүнчлэн сэтгүүлчдэд зориулан мэдээлэл өгөх төв ч гаргаагүй байна.

 

Иргэдийн өгүүлснээр, санал авах өдөр хотын төв гудамжуудын хөдөлгөөнийг хааж, төв талбайнууд дээр төмөр хайс босгожээ. Ингээд ч зогссонгүй цэргийн техник нийслэлрүү оруулж, хотыг тойруулан хяналт шалгалтын хэсгүүд гарган, нийслэл рүү орж буй бүх хүний бичиг баримтыг шалгаж байсан гэнэ. Ням гаригийн үдэш Беларусийн нийслэлийн Карл Марксийн гудамжинд байх Лукашенкогийн ордны орчмоор цэргийн тусгай техникүүдийг татжээ.

 

"Европын сүүлчийн дарангуйлагч" 

Ням гаригт болсон сонгуулиар 80 орчим хувийн санал авч ялалт байгуулсан гэгдэх Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 1994 оноос төр барьж эхэлсэн юм. Энэ удаа сонгуульд ялалт байгуулснаар түүний хувьд долоо дахь удаагаа ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг авч байгаа гэсэн үг. Тэрбээр 1996 онд үндсэн хуулинд нэмэлт оруулж, ерөнхийлөгчийн таван жилийн хугацааг шинээр тооцохоор болж, 2004 оноос ерөнхийлөгчөөр сонгогдох тоог хязгаарласныг цуцлах олон нийтийн санал асуулга явуулсан юм. Ингээд олон нийтийн санал асуулгаар дэмжигдсэнээр Лукашенко 26 дахь жилдээ Белоруссийг удирдаж байна.

 

Түүнийг баруунд "Европын сүүлчийн дарангуйлагч" гэсэн хочтой хэмээн философийн ухааны доктор П.Л.Карабущенко өгүүлж байв. "The Telegraph“ сонин Лукашенког болон түүний үүсгэсэн улс төрийн дэглэмийг ширүүн шүүмжилдэг. Барууны бусад хэвлэлүүд ч ийнхүү шүүмжлэхийн дээр, Лукашенког "Европын сүүлчийн дарангуйлагч" хэмээн нэрлэж, энэ нь сүүлдээ хэвшил болжээ. 

 

Барууныхан түүнийг зүгээр ч нэг хочлоод зогсохгүй хориг арга хэмжээ хэдэнтээ тавьж байв. 2006 онд Европын холбоо, дараа нь АНУ Александр Лукашенког өөрсдийн нутаг дэвсгэр рүү орохыг хориглож байлаа. Энэ хориг 2008 онд цуцлагдсан юм. 2011 онд Польш улс Лукашенког өөрийн улс руу нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдэж байв. 

 

Лукашенкогийн үед Беларус хэрхэн өөрчлөгдөв 

1994 онд                                                        2020 онд

Дэлхийн эдийн засагт эзлэх байр

 69 дүгээр байр/ДНБ15,5 тэрбум/                77 дугаар байр /62,57 тэрбум доллар. 

Хүн амын тоо 

10 210 000 хүн                                               9 470 000 хүн

Цагаачилсан хүний тоо 
35 071                                                            20 976 хүн

Шоронд хоригдсон хүний тоо 

100 мянган хүн амд 540                                100 мянган хүн амд 343

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 
85 000 хүн                                                        65 000 хүн 

Трактор үйлдвэрлэлт 
30 000 ширхэг                                                  39 500 ширхэг /эх сурвалж: Коммерсант/

Лукашенкогийн хөрөнгө 

Сонгуулийн өмнө тэрбээр хөрөнгө орлогын мэдээллээ өгөхдөө гэр бүл нь хоёр машинтай, жилийн орлого нь 117 мянган беларус рубль буюу монгол мөнгөөр 120 сая орчим төгрөг гэсэн "даруухан" тоо бичжээ. Энэ нь Дорнод Европын бүхий л ерөнхийлөгчид дундаас хамгийн бага цалинд тооцогдож байгаа юм. Мөн ямар ч орон сууцгүй, гараж ч байхгүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөсөн аж.  Харин Беларус болон Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр түүнд дор хаяж 5 харш байдаг гэнэ. Эдгээрийг гадны төлөөлөгчид хүлээн авах, заримд нь гэр бүлээрээ амрахад зориулдаг аж. Эдгээрийн дунд Тышкевич гүнгийн эзэмшилд байсан XVIII зууны үеийн  "Озерный" гэх эдлэн газар байдаг гэнэ.

 

Беларуст байх Тусгаар тогтнолын ордныг ч Лукашенко эзэмшдэг гэж хэвлэлүүд бичжээ. Шинжээчид энэ ордныг 110 сая ам.долларын өртөгтэй гэж үнэлсэн байна. Чухамхүү энэ ордонд Лукашенко ажилладаг гэнэ. 

 

"Лукашенко ард түмнийхээ өмнө "гахай явган, нохой нүцгэн" мэт л аашилдаг. Энэ улс 20 жилийн туршид Оросоос 133 тэрбум ам.доллар авсан, гэтэл ард түмэн нь эгэл даруу, ядуу зүдүү амьдарч байна. Гэтэл Лукашенко 16-18 орд харштай, түүнээс гурав нь Орост байдаг. Лукашенко үргэлж үнэтэй хувцас өмсдөг, гэр бүлийн гишүүд нь асар үнэтэй алтан цаг зүүдэг. Албан ёсоор бол энэ бүх хөрөнгө нь улсынх л даа. Гэхдээ улс гэж Лукашенко өөрөө шүү дээ" хэмээн улс төр судлаач Андрей Суздальцев "МК" агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Беларус: Сонгуулийн дүнг эсэргүүцэн эмх замбараагүй байдал үүсчээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өөрсдийгөө хичээвэл барав. наад женко гоо хэлээч
2020-08-11