Беларусын эсэргүүцэл: Цэцэг барьсан бүсгүйчүүд, халагдсан дайчид тэмцэлд нэгдэв
2020-08-13

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд Минск болон бусад хотуудад дөрөв дэх шөнөө дараалан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан талаар ВВС агентлаг дамжууллаа. Гурав дахь шөнө болсон эсэргүүцлээс үүдэлтэй мөргөлдөөний улмаас 200 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, зургаан хүн баривчлагджээ. Харин эсэргүүцэл анх эхэлснээс хойш нийтдээ 1000 гаруй хүн баривчлагдсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, лхагва гаригийн өдөр эсэргүүцлийн шинэ хэлбэр гарсан байна. Тодруулбал, цагдаагийнхны хүчирхийллийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд нэгдэн гинжин хэлхээ үүсгэжээ. Энэ ажиллагаа Беларусын бусад хотуудад ч гарсан бөгөөд улмаар хэд хэдэн оролцогч эмэгтэй баривчлагдсан байна. 

 

Эмэгтэйчүүдийн энэхүү эсэргүүцлийн хэлбэрээс  гадна өөр нэг ажиллагаа олны анхаарлыг татлаа. Беларусын хүчний байгууллагуудаас халагдсан дайчид дүрэмт хувцас болон ялгах тэмдгээ хогийн саванд хаях флэшмоб эхлүүлжээ. Ингэснээр тэд улс орон даяар өрнөж буй эсэргүүцлийн арга хэмжээг зэрлэгээр тарааж байгаа нөхдөө "ичээх" хүсэлтэй гэнэ. Энэ төрлийн видео бичлэгийг эсэргүүцлийг хүчээр дарах ажилд дайчлагдсан Дотоодын цэргийн тусгай албаны бригадын төлөөлөгчид ч мөн хийж, олон нийтийн сүлжээнд тараасан байна. 

Лхагва гаригийн үдэш Минск хотод олон нийтийн эсэргүүцлийг намжаахын тулд хүчний байгууллагууд, хөнгөн хуягт техникүүдийг татан төвлөрүүлж эхэлжээ. Түүнчлэн танк зөөж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан бөгөөд энэ бичлэгийг хийсэн хүн танкийг Минск рүү зөөж яваа байх хэмээн таамагласан ч энэ таамаглалыг батлах баримт хараахан гараагүй байна. 

 

Эмэгтэйчүүдийг баривчилсан нь 

 

Лхагва гаригт Беларусын хэд хэдэн хотод гартаа цэцэг барьсан эмэгтэйчүүд эсэргүүцэлд нэгджээ. Тэд өргөн чөлөөнүүдийн дагуу гинжин хэлхээ үүсгэн зогсож, эсэргүүцэгчдийг цагдаагийнхан зэрлэгээр зодсон газарт цэцгийн баглаа тавин, баривчлагдсан хүмүүст дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Минск хотноо лхагва гаригийн өглөө Комаровскийн захын орчимд цагаан хувцас өмссөн 200 орчим эмэгтэй гинжин хэлхээ үүсгэн зогссон бөгөөд энэ арга хэмжээ нэг цаг орчим үргэлжилжээ. Үүгээр энэ арга хэмжээ зогссонгүй, өдрийн туршид Минскийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд эсэргүүцлээ тайван замаар илэрхийлэн ийнхүү зогссон байна. Тухайлбал, Минскийн Ялалтын талбай дээр 200 орчим эмэгтэй цуглан, Мөнхийн галд цэцэг өргөсөн бол Пушкинская метроны өртөө дээр ч эмэгтэйчүүд цуглан, жагсагчид болон цагдаагийнхан мягмар гаригт мөргөлдсөн энэ газарт мөн л цэцэг тавьжээ. 

 

TUT.by порталын мэдээлснээр, Минскийн хэд хэдэн газарт эмэгтэйчүүдийг гинжин хэлхээ үүсгэх, хүчирхийллийг эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэх гэсний төлөө цагдаагийнхан тэднийг саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр дөрвөн эмэгтэй, мөн эсэргүүцэгчдийн билэг тэмдэг болсон цагаан, улаан, цагаан өнгө хослуулсан далбааны зурагтай майк өмссөн нэг залууг баривчилжээ.

 

Ерөнхийлөгчийн хариу үйлдэл 

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко лхагва гаригт аюулгүй байдал, үндсэн хуулийн тогтолцоог хамгаалах асуудлаар зөвлөгөөн зарлан хуралдуулж, энэ үеэр жагсагчдыг гэмт этгээдүүд хэмээн нэрлэсэн байна. 

 

"Эсэргүүцэгчид гэгдээд байгаа хүмүүсийн гол зохион байгуулагчид нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан, өнөөдөр ажилгүй суугаа хүмүүс. Ажилгүй байгаа хүмүүсээс сайнаар гуйя, ажилд ор"  хэмээн Лукашенко мэдэгджээ. 

 

Түүнчлэн өнөөгийн нөхцөл байдалд иргэд, үндсэн хуулийн тогтолцоогоо хамгаалах, төрийн удирдлагын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах нэн чухал зорилт эрх баригч байгууллага тэр дундаа Аюулгүйн зөвлөлийн өмнө тулгарч байгааг онцолсон байна.

 

"Ажиллахыг хүсч, тэмүүлж байгаа хүн бүр ажилтай, цалинтай байх ёстой. Өнөөдөр ажилгүй байгаа хүмүүсийг бүгдийг судалж, тэдэнд ажил санал болгох ёстой" хэмээн төрийн тэргүүн мэдэгджээ.

 

Беларус 3 дахь өдрөө үймж, цагдаагийнхан жагсагчид руу бууджээ

"Европын сүүлчийн дарангуйлагч" Лукашенко 7 дахь удаагаа сонгогдов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин