Беларусын эсэргүүцэл: ЕХ эрх баригчдад уриалга гарган, эмч нар тэмцэлд нэгдлээ

Өнгөрсөн ням гаригт болсон Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэгдсэн эсэргүүцлийн ажиллагаа, хүчнийхэн болон эсэргүүцэгчдийн хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Энэ улсад наймдугаар сарын 13-нд болж өнгөрсөн үйл явдлуудыг DW, Regnum, BBC агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар тоймлон хүргэе.
Элчин сайд нар амиа алдсан тэмцэгчийн дурсгалыг хүндэтгэв
Беларус дахь Европын холбооны орнуудын элчин сайд нар цагдаагийнхан болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн болсон "Пушкинская" метроны буудлын орчимд цугларан хүндэтгэл үзүүлжээ. Учир нь чухамхүү энэ газарт ширүүн мөргөлдөөний үеэр нэг тэмцэгч амиа алдсан юм.
Ийнхүү эсэргүүцлийн үеэр амиа алдсан Беларусын иргэний дурсгалыг хүндэтгэн гадаад орнуудын элчин сайд нарын төлөөлөгчид "Пушкинская" метроны буудлын орчимд цэцэг өргөнсөн байна.
"Европын холбооны орнуудын элчин сайд бид мөн Европын холбооны төлөөлөгчийн газрын даргын хувиар би Беларуст хүний амь ийнхүү эрсдсэнд гүн эмгэнэл илэрхийлж байна" хэмээн Беларус дахь Европын холбооны төлөөлөгчийн газрын тэргүүн Дирк Шубель цэцэг өргөх үеэрээ мэдэгджээ. Түүний өгүүлснээр элчин сайд нар "Беларусын олон хотод ажиглагдаж байгаа хүчирхийллийн золиос болсон хүмүүстэй эв санаа нэг байгаа гэдгээ илэрхийлэхээр ирсэн" гэнэ. Түүнчлэн "Беларусын эрх баригчдыг тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх эрхээ иргэд эдлэх боломжийг олгохыг уриалж байна" хэмээн Шубель мэдэгджээ.
Мөн наймдугаар сарын 14-ний өдөр Европын холбооны орнуудын зөвлөлийн хурал болж, Европын холбооны гадаад хэргийн сайд нар Беларустай холбоотой шийдвэр гаргана гэдгийг Шубель онцолсон байна.
Амиа алдсан эсэргүүцэгчийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд Европын холбооны орнуудын элчин сайд төдийгүй АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгч, Японы Элчин сайд нар оролцжээ.
Гуравхан хоногийн дотор 6000 гаруй хүн баривчлагджээ
Наймдугаар сарын есний өдөр болж өнгөрсөн Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л энэ улсад эсэргүүцлийн ажиллагаа орон даяар өрнөж байна. Беларусын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр зөвхөн эхний гурав хоногт л 6000 хүн саатуулагджээ. Сонгууль болж өнгөрснөөс хойших хоёр хоногт энэ улсын нутаг дэвсгэр дээр интернет сүлжээ тасарч, хэвлэл мэдээллийнхэн бодит байдлыг дамжуулахад хүндрэл учирж байв.
Беларуст ажиллаж байгаа сайн дурынхан тайван жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жагсаалтад 2,5 мянган хүний нэр багтсан бөгөөд сайн дурынхан Телеграм сүлжээгээр дамжуулан шинэ мэдээллүүдийг авч байгаа гэнэ. DW агентлагийн мэдээлснээр, Беларусын Дотоод хэргийн дэд сайд Александр Барсуков саатуулах байранд очиж ажилласан бөгөөд эсэргүүцлийн үеэр саатуулагдсан бүхий л хүмүүсийг наймдугаар сарын 14-ний 06.00 цагаас өмнө /Улаанбаатарын цагаар 11.00 цаг/ суллана гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Энэ зуур, Беларусын нийслэл Минск болон бусад хотуудад баасан гаригт шилжих шөнө эсэргүүцлийн тайван жагсаалууд үргэлжилсэн байна. Өмнө нь, эмэгтэйчүүд гартаа цэцэг барин, гинжин хэлхээ үүсгэн зогссон талаарх мэдээлэл гарч байсан бол энэхүү эсэргүүцлийн арга хэмжээнд эмнэлгийн ажилтнууд, төмөр замчид, МАЗ, БелАЗ, МТЗ болон бусад үйлдвэрүүдийн ажилчид нэгджээ.
Беларусын эсэргүүцэл: Цэцэг барьсан бүсгүйчүүд, халагдсан дайчид тэмцэлд нэгдэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ