Хятад “Сибирийн хүч”-ээс татгалзав

Оросын “Капитал страны” хэвлэл “Хятад “Сибирийн хүч”-ээс татгалзав. Өөрсдийнх нь хий хангалттай” нэртэй нийтлэл гаргасныг орчуулан хүргэж байна.
Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны 12 дугаар сард “Сила Сибири” хий дамжуулах хоолойг ёслол төгөлдөр нээж байсан бол үүнээс хоёр сарын өмнө “Сила Сибири-2” хоолойг Монголоор дамжуулан Хятад руу тавих ажлыг төлөвлөж эхлэх талаар “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерт үүрэг болгож байв. Оросын хийн нийлүүлэлтэд Монгол баярлаж мэдэх ч энэ хий Хятадын түншүүдэд хэрэггүй болов. Бээжин дамжуулах хоолойгоор нийлүүлэх хийнээс татгалзаж, өөрсдөө хий олборлолтоо ихэсгэн, байгалийн шингэрүүлсэн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна.
Бээжин Москваг дамжуулах хоолойтой нь орхив
• Коронавирусийн цар тахал Хятадад саад бэрхшээл болсонгүй. Энэ улс эрчим хүчний хараат бус байдалдаа дахин хэдэн алхам ойртов. 2020 оны зургаан сарын хугацаанд БНХАУ хийн олборлолтоо 9,9 хувиар нэмэгдүүлж 94,96 тэрбум шоометрт хүргэжээ. Энэ талаар Хөгжил, шинэчлэлтийн асуудал эрхэлсэн улсын хорооноос авсан эх сурвалжтайгаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
• Энэ бол ихээхэн өндөр үзүүлэлт бөгөөд 2019 оны туршид энэ улс 175 тэрбум шоометр олборлосон, энэ нь мөн 2018 оныхтой харьцуулахад есөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт байв. Ийнхүү олборлолт нэмэгдснээр импортын хэрэгцээ ч буурч байна. 2020 оны зургадугаар сард энэ улсын эдийн засаг сэргэсэн ч хийн импортын хэрэгцээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурч 9,614 тэрбум шоометрт хүрчээ.
• Дамжуулах хоолойгоор ирж буй хий Хятадын хувьд хамгийн үнэтэй тусч байгаа тул энэ улс дамжуулах хоолойн нийлүүлэлтүүдийг багасган, өөрсдийн олборлосон хийгээр хэрэгцээгээ хангах болж байгаа юм. Зургадугаар сард байгалийн шингэрүүлсэн хийн импорт долоон тэрбум шоометр байсан бол үүнээс 2,6 тэрбум шоометрийг л дамжуулах хоолойгоор авчээ. Байгалийн шингэрүүлсэн хий эзэлэхүүн жилийн дотор 12 хувиар өссөн бөгөөд энэ нь Хятадын нийт худалдан авалтын дөрөвний гурвыг эзэлж байна. Эндээс Австрали, АНУ, Катар улс хожиж байгаа юм.
Дамжуулах хоолойн хийн импорт зургадугаар сард 36 хувиар унасан гэж McKinsey & Co компанийн тооцоолол дээр үндэслэн Интерфакс мэдээлжээ. Харин эндээс Туркмен, Узбек, Казахстан, Орос улс хохирч байгаа юм.
• Тэр дундаа, Хятад улс гэрээнд заасан хэмжээгээр Оросын хийг бүхэлд нь худалдан авахаас татгалзжээ. БНХАУ “ав эсвэл төл” гэсэн зарчмаар хагас жилийн дотор 5 тэрбум шоометр хий худалдаж авах эсвэл 4,25 тэрбум хийн төлбөрийг төлөх ёстой байв. Гэхдээ Хятад энэ хоёр нөхцөлийн алийг нь ч биелүүлсэнгүй. Нэгээс зургадугаар сарын хооронд “Сила Сибири” хоолойгоор 1,57 тэрбум шоометр хий худалдан авч, импортоо зогсоосон байна. Мөн тавдугаар сард ердөө 281 сая шоометр, зургадугаар сард ч ийм хэмжээний хий нийлүүлэгдсэн бөгөөд энэ нь Оросын хувьд зардал нь 1,1 их наяд рубль болсон, хоолой ажиллаж эхэлсэн эхний хоёр сард гарсан үзүүлэлтээс ч бага юм.
• Хятадыг “Газпром”-ын хямд үнэ ч татахгүй байна. Газпромын үнэ бүхий л дамжуулах хоолойн нийлүүлэгчид дундаас хамгийн хямд буюу мянган шоометр нь 183-184 доллар юм. Гэхдээ Хятад улс нөлөөллөө нэмэгдүүлж, аажмаар Оросыг шахахын тулд Төв Азийн орнуудыг геополитикийн хувьд дэмжих нь илүүтэй чухал байгаа.
• Хятад жилд 150-180 тэрбум шоометр хүртэл хэмжээний хий худалдан авч, Оросыг Европ, Азийн хооронд тэнцвэржүүлэгч болгохыг Орос мөрөөдөж байгаа. Энэ талаар “Газпром”-ын тэргүүн тавдугаар сард л ярьж байсан юм.
• Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Ямалын орд газруудаас “Сила Сибири-2” дамжуулах хоолойг татахыг Владимир Путин Алексей Миллерт үүрэг болгосон. Энэ чиглэлийг аль 2006 онд Хятадад санал болгож байсан ч тэд үүнийг ойшоогоогүй юм. Оросын эрх баригчид юунд найдаж байгаа нь тодорхойгүй. Барууныхантай хагаралдсаны улмаас 2014 онд гаргасан “Дорнод руу буцах” концепц сүйрч байна.
Шинжээч: Хятадын нөлөөнд байдаг Монголоор хийн хоолой дайруулах нь эрсдэлтэй
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ