Путин: Беларусын дотоодын нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн оролдлогууд гарч байна
2020-08-19

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн арга хэмжээнээс үүдэлтэй нөхцөл байдалд олон улс анхаарал тавин, цаашид ямар алхам хийх талаар өөр хоорондоо хэлэлцэж байна. Европын холбооны орнууд Беларусын жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоон, дахин сонгууль явуулахыг уриалж, Европарламентын түвшинд асуудлыг хэлэлцсэн. Харин энэ удаад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Европын зөвлөлийн даргатай Беларусын асуудлаар ярилцжээ.

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Европын зөвлөлийн дарга Шарль Мишельтэй утсаар ярилцан, зарим орнууд Беларусын удирдлагад дарамт шахалт үзүүлэхээр оролдож байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Беларусын дотоод улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн оролдлогууд гарч байгааг онцолжээ.

 

Ийнхүү Европын зөвлөлийн даргатай утсаар ярихын өмнө Путин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй мөн л Беларусын нөхцөл байдлын талаар ярилцсан юм. Энэ үеэр канцлер Ангела Меркель Беларусын удирдлага улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах шаардлагатайг онцлоод, наймдугаар сарын есөнд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүссэн хямралыг даван туулахын тулд эрх баригчид сөрөг хүчин болон олон нийттэй үндэсний яриа хэлэлцээ хийх нь чухал хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Энд дуулгахад, өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр Европын холбооны орнуудын төр болон засгийн газрын тэргүүнүүд онц дээд хэмжээний уулзалт зохион байгуулах бөгөөд энэ уулзалтаар Беларусын сөргөлдөөнтэй холбоотойгоор ямар байр суурь баримтлах талаар хэлэлцэх аж. Тодруулбал Беларусын сонгуулийн үр дүнг луйвардсан болон энгийн номхон жагсагчдыг хүчээр дарсан хэрэгтэй холбоотой этгээдүүдийн эсрэг хориг арга хэмжээ авах нь зүйтэй эсэхийг хэлэлцэх юм байна. 

Беларусын эсэргүүцэл: Ажил хаялт даамжирч, Тихановская "Үндэсний лидер" болно гэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин