Беларусын эсэргүүцэл: Ажил хаялт даамжирч, Тихановская "Үндэсний лидер" болно гэв

Наймдугаар сарын есөнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн арга хэмжээ Беларус даяар үргэлжилсээр байна. Эсэргүүцлийн арга хэмжээний хүрээнд тус улсын томоохон үйлдвэрүүд дээр ажил хаялт эхэлжээ.
Наймдугаар сарын 17-ны өдөр "Беларуськалия" цех үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бол Беларусын төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид хэдэн цагийн туршид ажил хаяж, улмаар наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлана хэмээн мэдэгджээ. Ажил хаялт эхэлсэн талаар Минскийн моторын үйлдвэр, Беларусын төмөрлөгийн үйлдвэр, Минскийн тракторын үйлдвэрийн ажилчид удирдлагууддаа мэдэгдсэн байна. Түүнчлэн "БелАз"-ын олон зуун ажилтан ажил хаялд нэгдсэн бөгөөд гэвч энэ үйлдвэрийн удирдлагууд эсэргүүцэлд нэгдсэн хүмүүсийг ажлаас нь хална, цалин олгохгүй гэж сүрдүүлсний улмаас ихэнх ажилчид арга хэмжээнд нэгдэж чадахгүй байгаа талаар Regnum агентлаг мэдээлжээ.
Ажил хаялтад нэгдсэн ажилчид Александр Лукашенко болон Засгийн газрыг огцрох, эсэргүүцлийн арга хэмжээний үеэр баривчлагдсан бүхий л хүмүүсийг суллах, хөндлөнгийн ажиглагчдыг оролцуулан шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байгаа юм.
Үйлдвэрийн ажилчдаас гадна улсын телевизүүдийн сэтгүүлчид ажлаа хийхээс татгалзсан байна. Наймдугаар сарын 17-ны өглөө Беларусын Телерадиокомпанийн барилгын үүдэнд 100 орчим ажилтан цуглан жагсаал зохион байгуулжээ. Үйл явдлын газар дээр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт болон Сайд нарын зөвлөлийн дарга Наталья Кочанова ирж, хэвлэлийн ажилтнуудыг "нөхцөл байдлыг дэврээхгүй байх"-ыг уриалахад сэтгүүлчид хариуд нь "Гутамшиг" хэмээн хашгирсан байна.
Улмаар Беларусын Телерадиокомпанийн удирдлагатай хэлэлцээ хийсний дүнд зураг авалтын багууд тайван жагсаалын талаар болон эсэргүүцлийн үеэр баривчлагдсан хүмүүс байрлаж байгаа Окрестины саатуулах байрнаас мэдээ, сурвалжлага бэлдэхийг зөвшөөрчээ. Энэ телевизээс гадна ОНТ болон СТВ телевзиийн сувгуудын 40 орчим ажилтан ажил хаялт зарласан байна.
Лукашенко "үхэхээс нааш сонгууль дахихгүй", харин Тихановская өөрийгөө "Үндэсний лидер"-ээр зарлана
Александр Лукашенко хоёр үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэллээ. Эхлээд тэрбээр Минскийн дугуйн үйлдвэр дээр нисдэг тэргээр очин, үг хэлсэн бөгөөд "та нар намайг алахаас нааш дахин сонгууль болохгүй" хэмээн мэдэгдсэн байна. Үүний дараа хийсэн мэдэгдэлдээ шинэ Үндсэн хууль баталвал дахин сонгууль явуулах боломжтой, бүрэн эрхээ хуваалцахад бэлэн "гэхдээ дарамт шахалт болон гудамжны эсэргүүцлээс үл хамаарна" хэмээн онцолсон байна. Харин түүнийг ийнхүү үг хэлэхэд ажилчид шүгэлдэн, "Зайл" хэмээн орилж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Ийнхүү Лукашенко байр суурин дээрээ бат гэж "гүрийсэн" бол сонгуульд түүний гол өрсөлдөгч байсан Светлана Тихановская дахин видео мэдэгдэл хийжээ. Энэ мэдэгдэлд тэрбээр "улс орныг тайвшруулж", ойрын хугацаанд шинээр сонгууль явуулахын тулд Үндэсний удирдагчийн үүргийг өөр дээрээ авахад бэлэн байгаагаа онцолсон байна. Түүнчлэн хүчнийхэнд хандан "ард түмний талд орох"-ыг уриалжээ.
Светлана Тихановская гэж хэн бэ?
Светлана Георгиевна Тихановская өдгөө 37 настай. Мозырскийн багшийн их сургуульд гадаад хэлний багш-орчуулагчийн мэргэжлээр төгсчээ. Чернобылийн ослоор хохирсон хүмүүст тусламж үзүүлэх буяны сан зэрэг төрөл бүрийн байгууллагуудад ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн өмнөхөн ажил эрхлээгүй, хоёр хүүхдээ өсгөдөг байжээ.
Тэрбээр Беларусын алдарт блогчин Сергей Тихановскийн эхнэр бөгөөд өдгөө Тихановский Минскийн урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа аж. Сергей Тихановский "Амьдралд зориулагдсан орон" нэртэй сувгийн автор бөгөөд санаачилгын бүлгээ сонгуульд нэр дэвшүүлэхээр бүртгүүлэх гэсэн ч Сонгуулийн төв хороо татгалзсаны дараа Светлана нэрээ дэвшүүлж, сонгуулийн өмнөх кампанит ажлаа эхэлсэн байна. Улмаар Сонгуулийн төв хорооноос нэр дэвших эрхээ авч чадаагүй бусад сөрөг хүчнийхэнтэй хүчээ нэгтгэн кампанит ажлаа явуулж байлаа.
Беларусын эсэргүүцэл: ЕХ эрх баригчдад уриалга гарган, эмч нар тэмцэлд нэгдлээ
Лукашенко: Орос биднийг ганц л хүсэлт тавихад бүх талын тусламж үзүүлнэ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ