Беларусын эсэргүүцэл: Тамирчид шигшээ багийн төлөө тоглохгүй гэв
2020-08-19

 

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл хүрээгээ тэлсээр байна. Наймдугаар сарын еснөөс эхэлсэн тэмцэлд салбар салбарынхан нэгдэж, үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарласан бол энэ удаад тамирчид дуу хоолойгоо нэгтгэжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Беларусын  тамирчид, дасгалжуулагчид, спортын сэтгүүлчид болон гэрэл зурагчид эрх баригчдад хандсан нээлттэй захидал бичсэн байна. Тэд наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүйд тооцох, баривчлагдсан бүхий л хүмүүсийг судлах, жагсагчдыг доромжилсон, зодсон хэрэгт буруутай этгээдүүдийг олохыг шаардаж байгаа аж. 

 

Түүнчлэн тамирчид энэ ил захидалд гарын үсэг зурсан хэн нэгэнд дарамт шахалт үзүүлвэл улсын шигшээ багийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.

 

Энд дуулгахад, наймдугаар сарын 18-нд Беларуст Сөрөг хүчний хяналтын зөвлөл байгуулагдсан байна. Хяналтын зөвлөлд Ерөнхийлөгчийн сонгуульд Лукашенкогийн гол өрсөлдөгч болон оролцсон Светлана Тихановская багтаагүй бөгөөд зөвлөл улс төрийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, зорилго нь шинээр сонгууль явуулах гэдгийг онцолжээ. Зөвлөлийн анхны хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний лхагва гаригт болох аж.

 

Ийнхүү сөрөг хүчин дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа бол дахин сонгогдсон Лукашенко энэ үйл явдлыг төрийн эрхийг булаан авах гэсэн оролдлого гэж үзэж байна. Энэ зуур Минск хотноо эсэргүүцлийн арга хэмжээнүүд үргэлжлэн, нээлттэй микрофон аялуулж, хүмүүс микрофон барин үгээ хэлж, дуулж, дэнлүү асаан сууцгаасан байна. 

 

Мөн наймдугаар сарын 18-нд Александр Лукашенко Дотоод хэргийн яамны 300 гаруй ажилтныг "Ажлын амжилтын төлөөх" медалиар шагнажээ. Энэ үйл явдлын дараа, 2018 онд "Хөдөлмөрийн гавьяа"-ны медалиар шагнагдаж байсан эмч Александр Беленков олны өмнө гарч, шагналаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд "энгийн ардын төлөө зогсдог хүмүүстэй нэг эгнээнд баймааргүй байна" хэмээн мэдэгджээ. 

Путин: Беларусын дотоодын нөхцөл байдлыг тогтворжуулах гэсэн оролдлогууд гарч байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин