Малигийн бослого: Цэргийнхэн сонгууль явуулахаа амлав
2020-08-20

Малид бослого гаргаж, Ерөнхийлөгч болон Засгийн газрын гишүүдийг баривчилсан цэргийнхэн улс оронд тогтвортой байдлыг сэргээж, "тохиромжит үед" сонгууль явуулахад бэлтгэж эхлэхээр амласан талаар  Reuters мэдээллээ.

Босогчдын төлөөлөгч Исмаэль Ваг иргэний нийгмийн төлөөлөгчид болон улс төрийн хөдөлгөөнүүдийг улс төрийн шилжилт хийх нөхцлийг хамтдаа хэлэлцэхийг уриалсан байна.

"Манай улсын хувь заяаг хариуцах ёстой хүмүүсийн буруугаар бурангуй ёс, үймээн, аюултай нөхцөл манайд үүссэн. Бид эрх мэдэл рүү тэмүүлээгүй, харин Малид хүчтэй төр бий болгох бүх нийтийн сонгуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлэх тогтвортой байдлыг бид хүсч байна" хэмээн Исмаэль Ваг мэдэгджээ. 

ВВС агентлагийн мэдээлснээр, босогчдыг генерал Шейх Фанта Мади Дембеле,  хурандаа Малик Диав болон хурандаа Садио Камара нар тэргүүлж байгаа гэнэ. Хурандаа Садио Камара 2020 оны нэгдүгээр сар хүртэл Орост цэргийн бэлтгэлд хамрагдаж байжээ. 

 

Олон улс цэргийн эргэлтийг дэмжсэнгүй

Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэг Малигийн цэргийн эргэлтийг дэмжээгүйн дээр тэдэнд хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна. Улмаар Малитай хиллэх бүхий л хилээ хааж, энэ улстай санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зогсоон,  шийдвэр гаргах явцад Малигийн оролцоог хасчээ.

Европын холбооны үйлдвэрлэл эрхэлсэн комиссар Тьерри Бретон Европын холбоо Малид шинэ сонгуулийг ойрын үед явуулах байр суурь дээр бат зогсоно гэж мэдэгдсэн бол Хятад улс дэглэмийг хүчээр унагаасныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Харин ОХУ Африкийн орны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш босогчдод баривчлагдсан ерөнхийлөгчийг нэн даруй суллахыг шаарджээ.


Босогчдын үйлдлийг гадаадад төдийгүй дотоодод нь ч шүүмжилж байна. Гадаад хэргийн сайд Тьебиле Драмегийн тэргүүлдэг Үндэсний сэргэн мандалтын нам улс оронд нь гарсан цэргийн эргэлтийг шүүмжилж, Үндсэн хуулийн хэв журмыг сэргээхийг уриалжээ. Болсон үйл явдал цэргийн тангараг болон Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг хэмээн Гадаад хэргийн сайд үзэж байгаагаа илэрхийлээд, энэхүү нөхцөл байдал улс орныг сүйрэлд хөтлөх тул Ерөнхийлөгч болон бусад баривчлагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалсан байна. 

 

Бослого гарсан шалтгаан

Эргэлт хийсэн цэргийнхэн Ард түмийг аврах үндэсний хороо байгуулснаа зарлажээ. Энэ хороо нь төрт улсыг үргэлжлүүлэн явах үүргийг ард түмэн түүхийн өмнө хүлээж байгаа хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн дараагийн захирамж гарах хүртэл Малигийн хилийг босогчид хаажээ.

 

Өмнө нь Францын колони байсан энэ улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан талаарх мэдээлэл наймдугаар сарын 18-нд гарч байв. Босогчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч, таван хүн амиа алджээ. Босогчид эрх баригчдыг авлигад идэгдсэн, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чаддаггүй хэмээн буруутгаж байгаа аж. Энэ улс Африкийн хамгийн ядуу орнуудын нэгд тооцогддог ч Ерөнхийлөгч нь 40 сая ам.доллараар онгоц авсан гэх мэдээлэл бий. 

 

Улмаар тэд Ерөнхийлөгч Ибрагим Кейт болон бусад төрийн өндөр албан тушаалтнуудыг баривчилж, үүний дараа Малигийн тэргүүн огцорч байгаагаа зарласан юм. 

 

Малигийн тухай 

Мали бол Баруун Африкт орших, далайд гарцгүй улс юм . 1960 онд Францын колончлолоос салж, тусгаар тогтнож байсан 19 сая хүн амтай энэ улс Африк тивийн хамгийн ядуу буурай орнуудын тоонд багтдаг. 

Энэ улс тусгаар тогтнолоо зарласнаас хойших түүхэндээ хэд хэдэн удаа төрийн эргэлттэй нүүр тулж байсан бөгөөд 1968, 1991, 2012 онд төрийн эргэлт гарч байсан бол энэ удаад цэргийн эргэлт гарчээ. 

 

Малид бослого гарч, Ерөнхийлөгч нь огцров

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин