Алексей Навальныйг хордуулсан уу?

Оросын сөрөг хүчний томоохон төлөөлөл, улс төрч Алексей Навальныйгийн бие нислэгийн үеэр гэнэт муудаж, онгоц нь Омск хотноо шуурхай газардан, түүнийг эмнэлэгт хүргэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
ОХУ: Алексей Навальный сэхээнд оржээ
Омск хотын эмнэлгийн хордлогын сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн Александр Навальный комд орсон, уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулсан байгаа талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
"Алексей урьдын адил уушгины хиймэл амьсгалын аппаратанд залгуулсан хэвтэж байна. Биеийн байдал нэн хүнд, комд орсон. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна" хэмээн тэрбээр бичжээ.
Алексей Навальныйг комд орсон талаар эмчлэгч эмч Анастасия Васильева ч мөн баталжээ. "Би одоо Омск руу нисч байна. Урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Тэр одоо комд орсон, уушгины хиймэл амьсгалын аппараттай байгаа. Эмч нартай ярих боломжгүй байна. Алексейд ямар ч харшил байгаагүй" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
Томскийн нисэх буудлаас онгоц хөөрсний дараахан Навальныйгийн бие муудсан байна. Онгоц Омск хотноо шуурхай газардан, ухаангүй болсон Алексей Навальныйг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш Навальныйг "хордуулсан" гэж мэдэгдсэн юм.
"Алексейг цайнд хольсон ямар нэг зүйлээр хордуулсан. Өглөөнөөс хойш ганц л удаа цай уусан юм. Хорт бодис халуун шингэн зүйлээр дамжин хурдацтай нэвтэрсэн гэж эмч нар хэлсэн" гэж Кира Ярмыш Твиттер хуудсандаа бичжээ.
Навальный гэж хэн бэ?
Алексей Анатольевич Навальный 1976 онд төрсөн, Оросын сөрөг хүчний тэргүүн, улс төр, нийгмийн зүтгэлтэн, Орос дахь авлигийн хэргүүдийг нийтэд олж дэлгэснээрээ ихээхэн алдартай юм. Өөрийгөө Владимир Путин тэргүүтэй Оросын удирдлагын гол өрсөлдөгч хэмээн нэрлэдэг. Тэрбээр "Авлигатай тэмцэх сан" үүсгэн байгуулсан бөгөөд Юүтүбд "Алексей Навальный" болон "Навальный LIVE" гэсэн алдартай хоёр суваг хөтөлдөг юм.
Тэрбээр Оросын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг дэлгэх ажлынхаа хүрээнд "Он вам не Димон" хэмээх Дмитрий Медведевийн хууль бус хөрөнгөжсөн талаарх нэвтрүүлэг, Путины нууц зуслан зэрэг олон нэвтрүүлэг бэлдэж, баримт дэлгэн шуугиан тарьж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ