АВТОБУС №44: “Алт залгиад авч чадаагүй”
2020-08-21

Өмнөхийг ЭНД дарж унших боломжтой.

 

Гэрэл зургийг TULGAA SKIZZ ARTIST ХУУДАСНААС АШИГЛАВ

 

“Агаа намайг зодоод...”

 

Баруунсалаа-Халдварын автобусанд Эх нялхсаас гурав, дөрөв орчим насны хүүгээ хөтөлсөн аав автобусанд суулаа. “Дүү нь хөөрхөн байсан уу” гэж хүүтэйгээ толгой нийлүүлэн хөөрөлдөх аавын ярианаас энэ гэр бүлийн эзэгтэй амаржсан болох нь ойлгогдов. Баянхошууны Зурагтын хуучин эцсээс тэдэнд суудал олдож тухаллаа.

 

Аавын барьсан шар торон дотор амаржсан гэргийд шинэ шөлтэй очоод хоосон буцаж буй халуун сав байгаа бололтой хангир, янгир хийнэ. Хоёул эргэлтээс ээжийн буцаасан шар тортойг онгичиж нэг уут “коровко” печень оллоо. Өгөхийн хооронд хүү тэсэлгүй “Аав надаа” гээд тор өнгийнө.

 

Аав: Чи нэгийг л иднэ шүү. Ах эгч хоёртоо үлдээнэ шүү

 

Хүү: Гэхдээ би энэ печеньд дуртай шт, аав аа

 

Аав: Чи ямар муухай хүүхэд, ганцаараа идэх гээд байгаа юм уу тэгээд

 

Хүү: Тэр хоёрт нэг, нэг ширхэг байхад л болно дөө.

 

Аав: Яг тэнцүү хуваана аа, миний хүү. Том ах болж байгаа хүн байж чи. Өөрөө дуртай гээд шинэ дүүгээсээ юмаа харамлаад байх юм уу?

 

Хүү: Дүүдээ бол өгнө.

 

Ээж нь хүүхдүүдээ горьдоно гэж санаад хэн нэгний эргэлтээр хүргэсэн амттанаас торны ёроолд албаар энэ печенийг мартсан байх даа. Ээжүүдэд ганцаараа идэх зориг төрдөггүй хойно. Хүү хэсэг чимээгүй явснаа дахин аавтайгаа яриа дэлгэлээ.

 

Хүү: Аав Зоригоо агаа намайг өчигдөр зодсон шүү. /Мань эр үлдсэн печенийг л идчих санаатай бололтой/

 

Аав: Тийм үү. Яагаад зодсон миний хүүг?

 

Хүү: Мэдэхгүй, зүгээр байхад л томоотой бай гээд байсан.

 

Аав: Яадаг хог вэ.

 

Хүү: Агаад ер нь печень өгөх хэрэг байгаа юм уу дөө.

 

Хажууд нь зогсож явсан би тэсэлгүй инээд алдчихсанд аав нь хүүгээ өхөөрдөөд толгойг нь илэв. Тэр хоёр шар тороо шаржигнуулсаар Баянхошууны Хөтөлийн автобусны буудал дээр бууж одлоо. Хүүхдийн тэсгэл барж ядсан хэдэн печень эзэддээ очдог байгаа. Аягүй бол хүү очоод “Ахаа би таныг зодсон гэж аавд хэлээгүй шт” гээд хээв нэг бөөрөнд нь наалдах байхдаа.

 

“Алт залгичихсан, байгаа болов уу”

 

Гэрэл зургийг TULGAA SKIZZ ARTIST ХУУДАСНААС АШИГЛАВ

 

Автобус Тойрог дээр ирлээ. Тэндээс хүн арай шингэрч хамгийн арын нэг суудал надад олдлоо. Энд дандаа л таг түгжирдэг. Баянхошуундаа л дөрвөн замын уулзвар болохоор тэр биз. Түгжрэлд уйдаад автобусны арын цонхоор ард зогссон “Приус”-тэй залуу руу гар даллаад инээчихлээ. Саравчтай малгай буруу харуулж өмссөн тэр залуу намайг таньдаг хүн мөн үү гэсэн шиг нүдээ онийлгон сайтар ширтлээ. Харж харж байснаа өөдөөс “Тэнэг юм уу” гэж байгаа бололтой санчигандаа долоовор хуруугаа тулгаад эргүүлж байна. Саваагүй, сониуч байж хэн нэгний мэлэрсэн царайг харж баахан инээх хааяа гэмгүй дээ.

 

Намайг ингэж түгжрэлд албаар өөртөө адал явдал зохиочих санаатай явтал хажууд суусан залуу бүсгүй “Хүүш ээ найзаа, гуя хаа хоёр чинь өөр байдаг юм уу” гэж хэн нэгэнтэй утсаар ярина.

 

- Яаанаа баларсаан.

 

- Өчигдөр ээж хөдөөнөөс мах өгч явуулаад Тулгаа ахындаа хааг нь өгөөрэй гэсэн юм.

 

- Би гуя, хаа хоёр нь адилхан л байдаг юм бодоод өгөөд явуулсан чинь гуяыг нь өгчихөж ээ.

 

- Одоо ямар буцаагаад авъя гэлтэй биш. Дүүрсэн дүүрсэн.

 

- Яахав дээ, би мэдэхгүй юм чинь

 

Түүний цаана суусан хижээл насны эр хамт яваа хүнтэйгээ “Алт залгичихсан. Одоо гэдсэнд байгаа болов уу” хэмээн эрэл сурал болж явлаа.

 

Эр 1: Заамарын уурхайд ажилладаг байхдаа  шөнийн ээлжинд ковшоор хутгаад л гаргаад ирсэн чинь нэг мундаг том шар юм гялтганаж байдаг юм даа.

 

Эр 2: Хэр том юм?

 

Эр 1: Хумсын чинээ. Ээлж солигдоход дарга нар бүр бүх хувцсыг тайлуулж үздэг байхгүй юу. Хувцас хунар сэгсрүүлээд л. Тэгээд яахав, хүмүүс гардаг гээд байхаар нь залгичихсан /хэлээ гаргав/.

 

Эр 2: Тэгээд яасан, гарч ирээ юу?

 

Эр 1: Үхсэнээ гарч ирэх вэ. Байхгүй. Нэг хэсэг бие засах болгондоо доошоо тонгойж харсан. Гарч ирээгүй ээ.

 

Эр 2: Өө заза чи чинь тэгвэл гэдсэндээ мөнгөтэй хүн байна шүү дээ.

 

Эр 1: Тэрнээс болдог юм уу, ойрд миний энд /гэдсэн дээрээ дарж үзүүлэв/ өвдөөд байх болсон. Эмчид үзүүлсэн чинь нэг юм байна. Нарийн дурандуул гэсэн.

 

Эр 2: Үзүүлж, харуулаач ээ. Хэрэв алт байна гэвэл мэс засал хийлгээд гаргаад авчихаач, хэхэ.

 

Эр 1: Тэгдэг бол сайхан л байна. Байрны мөнгө бол өлөгхөн.

 

Эцэг, эх нь хаана байна?

 

Гэрэл зургийг TULGAA SKIZZ ARTIST ХУУДАСНААС АШИГЛАВ

 

Алт залгисныг нь бодохоор ахтай жаахан дотносмоор ч юм шиг санагдаж явтал автобус Баруунсалааны эцсийн буудал дээр ирж зогслоо. Буудлын хажуугийн дэлгүүрийн үүдэнд цагдаа ирчихсэн, бөөн хүмүүс шавчихаж. Дугуй унаж явсан есөн настай хүүхдийг автомашинаар шүргэж гарыг нь гэмтээсэн осол гарчээ.

 

Цагдаа: За яг хаанаас хаашаа явж байсан бэ?

 

Жолооч эмэгтэй: Замд нийлэх гээд яг энд...

 

Цагдаа: Та биш ээ, тэр хүүхэд хариул.

 

Жолооч эмэгтэй: Би харин дэлгүүрийн үүдээр...

 

Цагдаа: Үгүй ээ, та биш ээ. Тэр хүүхдээс асуугаад байна. Миний дүү нааш ир дээ. Яг хаана явж байгаад мөргүүлсэн юм. Гар чинь зүгээр үү. Өөр өвдөж байгаа зүйл байна уу?

 

Охин: Би дэлгүүр орчихоод дугуйгаа унаад хөдөлсөн чинь энэ машин ирээд мөргөчихсөн.

 

Цагдаа: Одоо юу нь өвдөж байна.

 

Охин: Гар л жаахан өвдөөд байна.

 

Цагдаа: Түргэн дуудсан юм уу. Эцэг эх нь хаана байна?

 

Охиныг түр гэртээ харж байсан гэх хөрш эмэгтэй: Ээж, аав хоёр нь ажилтай. Өглөө гараад орой ирдэг юм. Тэгээд охиноо манайд үлдээдэг. Би хувцас  угаагаад байж байтал дэлгүүр яваад бэлэн гоймон авч идлээ гээд дугуйгаа унаад явсан юм. Би уг нь болгоомжтой яваарай гэж хэлсэн. Аавд нь хэлсэн, одоо ирж байгаа.

 

Удалгүй охины аав нь ирлээ. “Уг нь өөрийнх нь дугуй байгаа. Гинж нь мултарчихсан гээд ахынхаа дугуйг унаад гараад явчихсан байна” гэж тайлбар нэмэв.

 

Цагдаа: Та нарын бас буруу шт. Бага насны хүүхдийг ингээд хараа хяналтгүй хөдөлгөөнд оролцуулж байдаг. Унадаг дугуй ч гэсэн тээврийн хэрэгсэл шүү дээ. Та жолоодож л байгаа бол тэр чинь тээврийн хэрэгсэл. Тэр хар даа, тоормос байхгүй, томдсон дугй унуулаад явуулчихсан байх юм. Таны машин зүгээр юм уу?

 

Жолооч: Гайгүй, энд л жаахан зураас...гэснээ түй гэж цамцныхаа ханцуйд нулимаад арччихав.

 

Цагдаа: За хоорондоо тохиролцож болно. Үгүй гэвэл бүрэлдэхүүн дуудна. Хэргийн газрын үзлэг хийгдэнэ.

 

Тэдний яриа алсарч “Тэгээд яах юм, Харин яах юм” гэх үгс хамгийн сүүлд сонсогдоод ард үлдлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэр хорооллын алслагдсан гудамжуудад аав ээжийгээ ажилдаа явсан хойгуур айлд үлддэг. Өөрөө 10,11,12 настай ч аавын оронд аав, ээжийн оронд ээж байх ёстойгоо хэдий нь ухамсарласан дүүгээ гарнаасаа огт салгахгүй хөтлөөд л явдаг хэрсүү ах, эгч нар зөндөө. “Дүү уйлахгүй л байгаасай” гэдэг залбирал бяцхан зүрхэндээ үргэлж дайгаастай.

 

Хүүхэд л юм болохоор хааяа тоглоом санагдана. Хэн гэдэг буянтан нь Баруунсалаанд ногоон тортой хэдэн тоглоомын талбай барьж өгөөд цементлэсэн юм. Тэнд хамгийн аюулгүй тул дүүгээ оруулж хаалгыг нь түгжчихээд өөрөө хажуугийн талбайд бөмбөг хөөнө. Тоглоомын талбай ч гэж дээ. Ширхэг ч тоглоомгүй цемент цутгасан, гадуур нь тор татсан хашаа. Гэсэн ч Баруунсалааны хүүхдүүдэд энэ хашаа хамгийн аюулгүй орчин.

 

Харуй бүрийтэй уралдан аав, ээж нь ирэхэд өнөөх сүрхий ах, эгч нар сая нэг том хүнийх шиг анхаарал, болгоомжоо тайлж орхиод дураараа тарвалзана. Өдөржин, уйлах вий гэж үхтлээ айсан дүүтэйгээ өнөө харин чихэр булаацалдаж албаар өөрөө уйлаад аав, ээжээрээ аргадуулах гэж үзнэ.  

 

Ийм тооно гэр хороололд олон бий. Өвлийн хүйтэн үдэш хааяа энэ тоонон дор "Байртай бол гоё байхгүй юу. Орой ирэхэд дулаан" гэж ганц нэгхэн гомдол сонстоно. Удалгүй гэр пүнхийтэл халж, хоолны ууртай зэрэгцэн шатаах шахахад хүүхэд залуугүй хөл нүцгэн гүйлдээд л...Түрүүчийн гомдлоо таг мартчихсан "Байраар ер нь яах юм, зогсоол ч олдохгүй" гэсэн шүү юм ярилцсаар "Хүүш ээ 10 болчихож унтъя өглөө босохгүй" гэж эзэгтэй тэндээс “зарлигдсанаар” бүгд нам гүм болно.

 

Эцэст нь энэ удаагийн автобус тэмдэглэлээр хэнийгээ ч битгий утаатай, угаадастай гэр хорооллынх гэж доромж үгээр гутааж байгаарай гэж хүсэх байна. Цаадуул чинь тэрүүхэн тэндээ “зэвүүн” амьдраад байгаа шүү, хэхэ. Ирэх баасан гарагт эргэн уулзъя.  

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Nice:
Бичиж үзэж байгаагүй болохоос автобусны ийм үйл явдлуудыг харах сонсох гоё байдаг шүү, тийм болохоор ард түмний унаанд суух дуртай байдаг байх би...
2020-09-12
Зочин:
муухай монголчууд
2020-08-22