Шинжээчдийн байр суурь: Навальныйг "хордуулсан" шалтгаан юу байв?
2020-08-21

Оросын сөрөг хүчний томоохон төлөөлөл, өөрийгөө өнөөгийн засгийн гол өрсөлдөгч хэмээн нэрлэдэг Алексей Навальный хордсон байж болзошгүй нөхцөлтэйгээр Омск хотын эмнэлэгт хүргэгдэн, комд орсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Алексей Навальныйг хордуулсан уу?

 

Наймдугаар сарын 20-ны өглөө Томскоос Москва нисэх үедээ Авлигатай тэмцэх санг үүсгэн байгуулагч Алексей Навальныйгийн бие гэнэт мууджээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмышийн өгүүлснээр, Навальный хөлөрч, улмаар бие засах газар руу явсныхаа дараа тэндээ ухаан алдсаны улмаас онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн эмнэлэгт хүргэсэн байна. Улс төрч хордлогын сэхээн амьдруулахын тасагт хэвтэж байгаа бөгөөд тэрбээр комд оржээ. Эмч нар түүний биеийн байдлыг хүнд гэж мэдэгдсэний дээр биеийн байдлыг тогтворжуулж чадсан ч амь насыг нь аврахаар хичээж байгаа хэмээн Омскийн түргэн тусламжийн Ерөнхий эмчийн орлогч РБК агентлагт мэдээлсэн байна.

 

Онгоц хөөрөхөөс өмнө Навальный Томскийн нисэх буудалд байх "Венская кофейня" кафед гагцхүү ганц аяга хар цай уужээ. Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч улс төрчийг цайнд ямар нэгэн бодис хийж хордуулсан гэж үзэж байгаагийн улмаас эмнэлэг рүү цагдаагийнхан болон Мөрдөн шалгах хорооны ажилтнуудыг дуудсан байна. РБК агентлагийн мэдээлснээр Навальныйгийн хэвтэж буй эмнэлэгт Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд ч иржээ.

 

Baza сайтын мэдээлснээр Навальныйд "синаптик түвшний хордлогын нөлөөлөл" гэсэн онош тавьсны дээр улс төрчийн тархи хавантсан гэнэ. Харин Омск мужийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба энэ мэдээллийг няцаажээ. Алексей Навальныйгийн оношийг тодруулж, шинжилгээ хийхээр Бурденкогийн нэрэмжит цэргийн ерөнхий эмнэлэг болон Пироговын нэрэмжит Үндэсний анагаах-мэс заслын төвийн мэргэжилтнүүд Омск хотод ажиллана гэж Омск мужийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. 

 

"Тайга.инфо" сайтын мэдээлснээр, Навальный хэдэн өдрийг Сибирт өнгөрүүлсэн бөгөөд тэнд "Нэгдсэн Орос" намын депутатуудын талаарх материал цуглуулж байсан байж болзошгүй гэнэ. Харин Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Ярмыш Новосибирскд ажилласан ажлын зорилгыг хэлэхийг хүссэнгүй, "нууц" хэмээсэн байна. 

 

Түүнийг үнэхээр хордуулсан уу? 

 

Навальныйгийн шинжилгээний хариу ямар гарсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй. Түүний хэвлэлийн төлөөлөгч Ярмыш болон бусад хамтран зүтгэгчид нь Навальныйг улс төрийн зорилгоор хордуулсан гэж мэдэгдээд байгаа юм. 

 

"Эмч нарын байр байдлаас харахад түүнийг хордуулсан гэдэг нь илт байна. Хэдхэн цагийн өмнө тэд ямар ч мэдээлэл өгөхөд бэлэн байсан бол одоо цаг хугацаа хожих гэж, өөрсдийн мэдэж байгаа зүйлсээ огт хэлэхгүй байна" гэж Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Ярмыш Твиттер хуудсандаа бичжээ.

 

Харин Омск мужийн Эрүүл мэндийн яам "Биеийн байдал муудсан үндсэн шалтгаануудын нэг нь хордлого байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж байгаа, гэхдээ бид үүнийг баталж чадахгүй. Оношийг тодруулахаар бүх салбарын мэргэжилтнүшүд ажиллаж байна" хэмээн мэдэгджээ.

 

Интерфакс нэрээ нууцалсан эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр түүнийг ухамсрыг өөрчилдөг, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулсан байж болзошгүй хэмээн дамжуулжээ.

 

Хордуулсан бол шалтгаан нь юу байв? Шинжээчдийн байр суурь 

 

Улс төрчийг хордуулсан гэсэн мэдээлэл батлагдвал энэ нь хоёр шалтгаантай байж мэдэх юм гэж улс төрийн зөвлөх Дмитрий Фетисов РБК агентлагт ярьжээ. Түүний үзэж байгаагаар "өшөө авах гэсэн, түүнд өсөрхсөн элитийн төлөөлөгчдийн нэг эсвэл Орос дахь эсэргүүцлийг дэврээх хүсэлтэй гадны эсвэл дотоодын тоглогчид үүнийг хийсэн байх магадлалтай" гэнэ. Харин Кремль ийм зүйл хийх нь ашиггүй, учир нь Навальныйг хордуулвал эсэргүүцэл даамжрах тул нөхцөл байдлыг ийнхүү дэврээх сонирхол эрх баригчдад байхгүй байх хэмээн шинжээч өгүүлсэн байна. 

 

Эдийн засагч Сергей Гуриев:

"Навальный энэ төрлийн асуудалтай нэг бус удаа тулгарч байна. Ийнхүү хордуулсан нь түүний улс төрийн үйл ажиллагаатай холбоотой гэдэг нь илт. Чухамхүү ийм үед түүний амь насанд халдсан шалтгааныг нарийн тодорхойлох нь хүндрэлтэй. Магадгүй Кремль Беларуст болж буй үйл явдлаас анхаарал холдуулах гэж ороллдож байгаатай холбоотой байж мэднэ. Эсвэл Навальный одоо хийж байгаа мөрдлөгө, улс төрчдийн авлигын хэргийг илрүүлэх материал цуглуулж байгаатай нь холбоотой байх. Гэхдээ энэ тийм ч чухал биш. Харин Орост эрх баригчдын хувьд хамгийн аюултайд тооцогддог улс төрийн зүтгэлтнийг хорлосон гэдэг нь чухал. Навальный бол Владимир Путин нэрээр нь дуудахаас эмээдэг тэр л хүн"

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн гишүүн Николай Сванидзе:


"Түүнийг хордуулсан гэдэг нь батлагдаагүй, гэхдээ өөр хувилбар бага байна. Дөнгөж саяхан эрүүл саруул байсан залуу эр ганц цай уугаад л ухаан алдаж, комд орсны шалтгаан нь юу байв? Хамгийн түрүүнд "хордуулсан" гэсэн хувилбар л толгойд орж ирнэ. Манай тусгай албад хийж байсан үйлдлүүдийг эргэн нэг санавал, дээр нь Навальный хэн бэ гэдэг талаас нь бодвол "хордуулсан" гэх хувилбар жин дарна. Тэр чинь Оросын №1 сөрөг хүчний улс төрч шүү дээ. Хордуулсан гэсэн хувилбар хэзээ нэгэн цагт батлагдах нь юу л бол. Гэхдээ ихэнх хүмүүс гол шалтгаан нь хордуулсан гэдэгт итгэлтэй байх болно"

 

Улс төр судлаач Александр Кынев:

"Ямар бодисоор хордуулсан гэдэг нь тодорхой болвол хордуулах болсон зорилго нь ойлгомжтой болно. Шалтгааны хувьд, нэгдүгээрт улс төрчийг зайлуулах гэсэн байх. Хоёрдугаарт , есдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцэгчдийн тооноос түүнийг хасч, айлгах гэсэн байж болзошгүй. Эсвэл сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл түүнд өгч, Навальныйгаас эрүүл биш зан авир гарна гэж төлөвлөж байсан ч тунг нь хэтрүүлсэн байх. Түүнчлэн Хабаровск болон Беларусын үйл явдлаас анхаарал холдуулах гэж Навальныйгийн амь насанд халдсан байж болзошгүй гэсэн хувилбар ч бий.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Барууныхан хор найруулаад энэ жижиг гар Навальны Орос улсыг удирдлаа юу Орос ч бас л том улс шүү одоохондоо Путин шиг мундаг хүн байхгүй ээ
2020-08-22
Танай сайт ОХУ н дотоод хэрэгт оролцохоор шийдээ юу. Тэр байтугай дэлхийн хэвлэлийн агентлагууд Навалный-г хордуулсан эсэх тухай бичээгүй байхад та нар ОРОСЫН сөрөг хүчин юм уу. Нэг их анхааралдаа авцсан
2020-08-21