Беларусийн эсэргүүцэл: Лукашенкогийн ордны гадаа зогсоосон "Предатор"-ын хүчин чадал
2020-08-26

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн  дүнг эсэргүүцсэн беларусчууд өдөр бүр цуглан, шинээр сонгууль явуулахыг шаардан эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар байна. 

 

Сүүлийн өдрүүдэд жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд үл ойлголцол, жагсагчдыг баривчлах, тэдний эсрэг төрөл бүрийн зэвсэг хэрэглэх зэрэг өмнө нь гарч байсан шиг үйлдлүүд төдийлөн гараагүй ч Ерөнхийлөгчийн ордны гадаа олон мянган хүн цуглаж байгаа тул Лукашенкогийн байрладаг Тусгаар тогтнолын ордныг цагдаагийн тусгай зориулалтын хэлтсийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн хамгаалж байгаа талаарх мэдээллийг Regnum, tut.by агентлагууд дамжуулсан байна. 

 

Эх сурвалжуудын дамжуулсан мэдээлэлд Лукашенкогийн ордныг тусгайгийнхан төмөр бамбай барин хамгаалахын дээр хэд хэдэн тусгай техник зогсоосон нь харагдана. 

 

Гэрэл зураг дээр, баруун гар талд харагдах машин бол ус шүрших зориулалттай машин. Энэ машиныг олон нийтийг хамарсан жагсаал, эмх замбараагүй байдлын үеэр жагсагчид руу даралттай ус шүршин тараах зорилгоор ашигладаг. Арабын Нэгдсэн Эмират Улсад байрладаг Канадын Streit Group Company -ийн үйлдвэрлэсэн машин аж.

 


BR6 Predator нэртэй энэ загварыг анх 2013 оны хоёрдугаар сард Абу-Дабигийн Зэвсэг, цэргийн техникийн олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцуулж байжээ. 

 

Энэ машинд 55-70 метрийн тусгалтай хоёр усан буу байх бөгөөд ус 20 бар хүртэлх хэмжээний даралттайгаар шүршигддэг. Усны эзлэхүүний хувьд 6500-12000 литр багтаамжтай байдаг аж.

 

Машины бүхээгний цонхууд, гэрэл, арын хэсгүүд ган тороор хамгаалагдсан байдаг. Энэ нь жагсагчид машин руу чулуу, явган замын хавтангийн хэлтэрхий болон бусад төрлийн хүнд зүйл шидэж, машиныг гэмтээхээс хамгаалах зориулалттай аж. Мөн дөрөвдүгээр зэргээр хуяглагдсан байдаг тул 7,62х51мм калибрын сумыг тэсвэрлэх чадвартай гэнэ.

 

Predator-ыг удирдлагын төвлөрсөн систем, ажиглалт болон дүрс бичлэг хийх системээр тоноглох боломжтой. Жагсагчид машин руу авирах боломж олгохооргүй тусгай хэрэгслүүд, цоож, бульдозерын хутга, шөнөөр цагдаагийн ажиллагаа явуулах боломж олгох прожектороор тоноглогдосн байдаг аж.

 

Беларусын эсэргүүцэл: Зэвсэг агссан аав, хүү Лукашенко

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин