Автобус №45: “Хоёулаа халтууранд явах уу, аав аа"
2020-08-28

Өмнөхийг ЭНДЭЭС

 

 

Баасан гарагийн мэнд. Бүгдээрээ амар тайван уу. Их хотын хаа нэгтээ түгжирч л явна уу. Удахгүй есдүгээр сарын 1 болно. Хичээл эхэлнэ, хүүхдээ зөөнө. Ээ дээ, энэ өдрүүдэд өлдөж унахгүйн тулд өглөө хоолоо савлаад гардаг юм шүү. Кабиндаа хооллоод, хоолны араас жаахан зүйрмэглэчихээд, хавь ойрын машиныхантай яриа хөөрөө өрнүүлсэн шиг, мэндтэй устай л явдаг юм шүү. Өдөртөө багтаад харьчих байх аа.

 

Улаанбаатарын гудамжинд уйлагнасан бороо шиврээд л. Подволкны цаанаас хөхний нь товч нэвт гэрэлттэл норсон залуу нэгэнт шийдсэн бололтой хоёр гараа халааслаад хээв нэг алхаж байна. Автобусны буудлын жижигхэн саравчин дор шамбааралдан зогссон хөгшид, хүүхэд, хүүхэн залуус бороо орохоор л хотондоо гүйгээд ирдэг манай хэдэн хар ямаа шиг санагдав. Ингэхэд хонь ч боож идэж болох байтал яагаад заавал ямааг боодог юм бол.

 

“Муу шооройсон улаан халзанг хар даа. Хонь дагуулаад хойшоо даваад явчихлаа” гэж аав дурандаад араас нь морддогсон. “Ямааны шээс хот хөлдөөгөөд хэцүү юм. Намраас хагасыг нь зарж, хүүхдийн сургалтын төлбөрт нэмэрлэнэ ээ” гээд л ээж үглэдэгсэн. Өнөөдөр ч энэ их усан бороонд “Годронгууд уруудаад” гэж бөөндөө загнуулаад бээвийж зогсоо доо...Ямаа ер нь яагаад ийм ёндоогүй  амьтан юм бэ. Яг үнэндээ ямаа л “Говь”-ийг, монголыг дэлхийд таниулсандаг. Ай ямаа минь дээ...Их хотын энэ их түгжрэлд энэ мэт хэрэгтэй, хэрэггүй олон дэмий бодол төрөх юм даа. Боловсролын их сургуулийн автобусны буудлаас Зүүнсалаа-Халдвартын автобусанд суун хөдөлж Цэцэг төв хүрэх ганцхан буудал газрыг 30 минут туулахад золтой л ямааны эрх ашгийг хамгаалах холбоо байгуулчихсангүй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цэцэг төвөөс 10-аад хүн нэмэгдэж суугаад автобус цааш хөдлөөд л таг. Жолооч пабжийдаад л.  Байсхийгээд л нокорчихно, дроп ухаж байгаад л буудуулчих юм. Угаасаа барахгүйгээ мэдсэн үү тоглоомоо больж фэйсбүүкээр уралдааны машины бичлэг үзлээ. Жолооч бичлэгээ үзээд л, би тэрнийг үзээд л автобус бага багаар урагшилсаар Тэнгис дээр ирлээ. Тэндээс энгэртээ “Сайхан сэтгэлт ард түмэн минь...” гэсэн бичиг зүүсэн хөгшин эр, бага насны охин хөтөлсөөр автобусанд суулаа.

 

Бичгийг гүйцээж уншвал “Би хүнд өвчтэй, өдрөөс өдөрт бие минь муудаж байна. Охин минь найман настай. Тэр минь жижигхэн байшинтай болох мөрөөдөлтэй. Охины минь хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд сайхан сэтгэлд ард түмэн минь сэтгэлийн хандив өргөхийг хүсч байна. Би 65 настай” гээд цаасны доод буланд Голомт, Хаан, Төрийн банкны дансны дугаар бичжээ. Энэ бичгээ автобусанд ч тайлахгүй, хажуудаа зүүж явлаа.

 

Охины үс багахан сэгсгэр, өнөө өглөө лав самнаагүй бололтой. Дэгжин чамин, халтар ноорхой биш ч энгийн цэвэрхэн, даавуун даашинзтай, ногоон трико, улаан туфльтэй. Өнөөх дуунд гардаг шиг гил хар нүд, тас хар хөмсөгтэй хөөрхөн бор охин аавынхаа өвөр дээр үргэлж дэрвэлзээд л...

 

Аав нь охиноо сахлаараа хатгаж охин айх айдасгүй, эцгийн хайр дүүрэн өсч буйгаа илтгэх мэт сэтгэл дүүрэн инээгээд “Аав аа, дахиад, дахиад тэг дээ” гэж шавдуулна. Хажуугийн автомашины жолооч эмэгтэй самар цөмөөд ясыг нь гадагш хаяж явааг харсан охин “Аав аа, би самар идмээр байна. Самар аваад өг” гэж уруул дэвсвэл  “Буугаад ид. Торонд байгаа” гэж хариулав.

 

Охин /О/: Аав хоёулаа буугаад машинаа унаад халтууранд явна шүү. Бүх цонхыг нь онгойлгоод л давхина даа.

 

Аав /А/: Үгүй ээ, үгүй.

 

О: Ммм, яагаад. Би халтууранд явмаар байна, аав

 

Аав нь хариулт хэлсэнгүй. Тэр хоёр Баянхошууны Тойрогийн автобусны буудал дээр буухад тэнд ямар нэгэн ажил хийдэг юм уу гэмээр энгэртээ мөнгөний жижиг цүнх үүрсэн туранхай бор бүсгүй тосч аваад гурвуул цаашилж дэлгүүр орно лээ.

 

Аавынх нь энгэртээ зүүсэн цааснаас унших нь амьдралын боломжгүй, хорвоо дээр охинтойгоо хоёулхнаа мэт. Харин охины буугаад машинаа унаж халтуур хийх тухай ярьсныг нь бодохоор болоод ч байгаа юм шиг...Дүгнэлтийг танд үлдээе.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Орой автобусанд зорчих бүсгүйчүүд ихэндээ “Махаа гаргаарай” гэж утсаар ярих бол харин эрчүүдийн амнаас “Ямар хоол хийсэн бэ” гэдэг үг олон сонстоно. Хар савхитай, цагаан срочкон цамцтай бондгор залуу “Ямар хоол хийсэн юм, хөгшөөн. Гурилтай шөл үү. Тэгээд ямар хоол юм. Аан банштай цай юм уу, өө сайхан. Заза би удахгүй орлоо. Хүү юу хийж байна...” хэмээн утсаар ярьж явлаа. Хэн ч үгүй хариад ямар хоол хийх үү. Мах чанаад шөлөнд нь будаа шидэх үү, мантуу чанаад ногоотой шөл хийх үү...

 

Их хотоос, бодит амьдралаас цуглуулсан ийм нэгэн эрээвэр, хураавар тэмдэглэлээ энд хүргээд дуусгаж байна. Уйдтал асгарах усан бороо улирлын эрхээр удахгүй татарна. Тэгээд том, том ширхэгтэй цас бударч газарт унасан навчсан дээр тогтоход л өвөл, намар хоёр өнгөө сольчихно. Анхны цас ингэж бидэнд ирээд араас нь шинэ жил ч дөхнө. Тэр үед корона гайхал мартагдчихсан Нямка эмч маань“Оны шилдэг ажилтан” тууз зүүгээд  тайзнаас буух тийм нэг өөдрөг төсөөллөөр тэмдэглэлээ өндөрлөе. Амьд явах, амьдрах сайхан даа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Mongol huu:
Uneheer shan bichjee
2020-08-28
zochin:
Nudend haragdtal bichdeg hun bn bayarlalaa.
2020-08-28