Беларусын эсэргүүцэл: Лукашенкогийн төрсөн өдөр ба хэвтээ эсэргүүцэл
2020-08-31

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийн арга хэмжээ Беларуст үргэлжилсээр байна. Ням гаригт Беларусын нийслэл Минск болон бусад хотуудад олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг луйвардсан, жагсагчдын эсрэг цагдаагийнхан хүч хэрэглэж байгааг эсэргүүцжээ. Хотын гудамжинд дахин хуягт техникүүдийг байршуулж, тусгай зориулалтын цагдаагийн отрядын алба хаагчид эсэргүүцдийг олноор нь баривчилжээ. 

ВВС агентлагийн мэдээлснээр, Минск хотноо болсон цуглаанд олон мянган хүн оролцож, тэдэнтэй Сөрөг хүчний хяналтын зөвлөлийн гишүүд нэгджээ. Энэ үеэр  хүчнийхэн хуягт техник ашиглан Тусгаар тогтнолын өргөн чөлөөний олон талаас жагсагчдыг бүсэлсэн байна. Үүний дараа цэргийн техникийн цуваа Лукашенкогийн ордон болох Тусгаар тогтнолын ордон руу хөдөлж, замуудыг тусгайгийнхан хааж, хуягт техникүүд бүсэлжээ. 

 

Хүмүүс энэ үеэр Лукашенкогийн ордны хашааны гадна талд тоглоомон цэргийн машин, нисдэг тэрэг, шаахай, бичигтэй бөмбөлгүүд, зурагт хуудас, цэцэг, цэцэг тавьсан хар өнгийн авс байрлуулсан байна. Жагсагчид лаа асаан, "Саша, үлээ!" хэмээн хашгирч байсан гэнэ.

 

Эсэргүүцлийн арга хэмжээний үеэр, Тусгаар тогтнолын ордны гадаах бэхлэлт рүү Сөрөг хүчний хяналтын зөвлөлийн гишүүд ойртон очиж, эрх баригчдын төлөөлөгчдөөс тэдэнтэй хэлэлцээр хийх хүсэлт тавьжээ. Үүний дараахан Лукашенкогийн туслах Николай Латышенок гарч ирэн, эрх баригчид сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Ням гаригт хууль бус эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 140 хүн баривчлагдсан гэж Беларусын Дотоод хэргийн яам мэдээлсэн талаар РИА Новости агентлаг дамжуулжээ. Наймдугаар сарын 30-ны өглөөнөөс Беларусын нийслэл Минск хотын төвд цэргийнхэн болон аюулгүй байдлын албаны алба хаагчид хайс хашаа тавьж, Тусгаар тогтнолын талбай дээр цэргийн техник, ус шүршигч машин болон түргэн тусламжийн машинууд зогсож эхэлсэн бол өглөөнөөс хойш Минскийн метроны төвийн дөрвөн буудлын орц гарцыг хаасан байна. 

 

Хөдөлгөөнт интернет ихээхэн доголдтолтой ажиллаж байсан бөгөөд "төрийн эрх бүхий байгууллагуудын захирамжийн дагуу наймдугаар сарын 30-нд Минскийн нутаг дэвсгэр дээр хөдөлгөөнт интернетийн нэвтрэх чадварыг бууруулсан" гэж Беларусын үүрэн холбооны оператор А1 мэдээлсэн байна. 

 

Хэвтээ эсэргүүцэл 

 

Ням гаригийн өдөр эсэргүүцэгчдийн цуваа хотын төвийг чиглэн, уриа лоозон хашгирч алхан, энэ үеэр тэднийг дэмжин жолооч нар дуут дохио хангинуулж байсан талаар Regnum агентлаг мэдээлжээ. Үүний дараахан Тусгаар тогтнолын өргөн чөлөөнд олон мянган хүнийг тусгай зориулалтын цагдаагийн отрядынхан бүсэлсэн байна. Улмаар эсэргүүцэгч эмэгтэйчүүд тусгайгийнхны техникийн өмнө газар хэвтэн, эсэргүүцэл илэрхийлжээ. 

Энэ үеэр эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагчдын хуудаснаа "гартаа цэцэг барьж, Лукашенкод зориулсан гар урлалын бэлэг авчраарай" гэсэн зар тархаж, хүмүүсийг жагсаалд уриалсан байна. Наймдугаар сарын 30-ны өдөр Беларусын Ерөнхийлөгчийн төрсөн өдөр тохиосон бөгөөд эсэргүүцэгчид энэ үйл явдлыг тохиолдуулан ийнхүү "бэлэг барьсан" аж. 

 

Ням гаригийн эсэргүүцэл өмнөх өдрүүдийнхээс өөр, хүчнийхний хамгаалалт, баривчилгаа ихтэй байсан талаар твиттерт Беларусын сөрөг хүчний төлөөлөгчид бичжээ. Түүнчлэн хэвлэлийнхэнд ч үйл явдал ихээхэн хаалттай болж байгаа талаар олон улсын сэтгүүлчид мэдээлж байна. Тухайлбал, бямба гаригт Беларусын Гадаад хэргийн яам гадаадын хэвлэл мэдээлэлд ажилладаг сэтгүүлчдийн ихэнхийнх нь зөвшөөрлийг цуцалжээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларуст Ерөнхийлөгчийн сонгууль болж, сонгуулийн дүнгээр 26 дахь жилдээ тус улсыг удирдаж байгаа Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь беларусчуудын эсэргүүцлийг өдөөж, сонгуулийг луйвардсан хэмээн үзэж дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа юм.

Беларусын эсэргүүцэл: Путин Лукашенкод цэргээр тусална

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ХЭТЭРХИЙ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН МЭДЭЭЛЭЛ АВЧ ОРЧУУЛАХ ЮМ ДАА. ЛУКАШЕНКОГ ОЛОН ЖИЛ ТӨР БАРЬСАН, СОНГУУЛЬ БУДЛИАНТСАН ГЭЖ БАЙГАА Ч ЦААГУУРАА ӨНГӨТ ХУВЬСГАЛД ТУРХИРСАН БАРУУНЫХАНЫ ТАВИЛТТАЙ ЖҮЖИГ. СОНГУУЛЬД ЛУКАШЕНКО ТИЙМ ӨНДӨР САНАЛ АВХУУЛЖ БОСЛОГО ГАРГУУЛАХ ГЭСЭН ХАКЕРИЙН ҮЙЛДЭЛ Ч БАЙЖ МАГАДГҮЙ. УКРАИНД ХЭРЭГЛЭСЭН ТЕХНОЛОГИ ЯГ Л ДАВТАН ХЭРЭГЛЭЖ БАЙНА. НЭГ БОСЛОГО ГАРААД ИРГЭНИЙ ДАЙН ДЭГДВЭЛ ИРГЭД НЬ Л ХОХИРОХООС ӨӨР ХЭН Ч ХОХИРОХГҮЙ. ТЭРИЙГ НЬ ХҮСЧ БУЙ ӨРНӨДИЙХӨН ДАЛД МӨНГӨӨР УГЖААД ЮУ ХИЙХИЙГ НЬ ЗААГААД ТЭРИЙГ НЬ ХЭРЭГЖҮҮЛДЭГ УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮДЭД ТАРХИА УГААЛГАСАН ИРГЭД НЬ ХЭДЭН ЗООСОНД ӨМНӨӨС НЬ ЗОГСОЖ ҮРЭГДДЭГ Л ТҮҮХ ДАВТАГДАХ ГЭЭД Л БАЙНА ДАА ХӨӨРХИЙ. БЕЛАРУССЬ ДАРААГИЙН МАЙДАН БОЛЧИХ ВИЙ ДЭЭ. АРДЧИЛАЛ ГЭЖ ЖАГСААД ХАМАГ УРВАГЧИД НЬ ЭХ ОРНОО СҮЙРҮҮЛЭЭД ДУУСГАЖ БАЙГАА ТҮҮХ МОНГОЛД БЭЛЭН Л БАЙНА. ХЭН ХОЖСОН БЭ, ЛАВ Л АРД ТҮМЭН ХОЖООГҮЙ ШҮҮ
2020-08-31