Беларус: Лукашенко "тааламжгүй этгээд" болж, хэвлэлийнхэн олноор баривчлагдав
2020-09-01

Беларусын Ерөнхийлөгчийн сонгууль наймдугаар сарын есний өдөр болж, 26 дахь жилдээ төр барьж буй Александр Лукашенког үнэмлэхүй ялалт байгуулсныг беларусчууд эсэргүүцэн, өнөөг хүртэл тэмцсээр байна. Наймдугаар сарын 31-ний өдөр Беларуст ямар үйл явдал өрнөв? Мэдээллийг DW, Regnum, BBC агентлагуудаас авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 

 

Даваа гаригт Беларусын Бретск мужийн Ивановын дүүргийн шүүх их сургуульд иргэдийн эрхийг хамгаалах зорилготой олон нийтийн хороо байгуулахад оролцсон Беларусын Улсын Их Сургуулийн багш Светлана Волчекийг 15 хоног баривчлан саатуулах шийтгэл оноожээ. Түүнчлэн түүний нөхөр Михаил Волчекийг хууль бус арга хэмжээнд оролцсон гэж буруутган 15 хоног баривчлан саатуулах шийд гаргасан талаар ВВС мэдээлсэн байна. Эхнэр , нөхөр хоёрыг наймдугаар сарын 28-ны өдөр баривчилсан бөгөөд Михаил Волчекийг наймдугаар сарын 29-30-ны хооронд эсэргүүцлийн арга хэмжээ болох гэж байгаа талаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан гэж буруутгажээ.

 

Даваа гаригт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр жагсагчдыг баривчилсан бөгөөд тэдний дунд сөрөг хүчний Хяналтын зөвлөлийн гишүүн Лилия Власова байсан гэнэ. Энэ нь Хяналтын зөвлөлд дарамт шахалт үзүүлэх гээн улс төрийн зорилготой үйлдэл гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн байна. Улмаар эрх баригчдыг дарамт үзүүлэхээ зогсоон "гагцхүү хэлэлцээрийн замаар нийгэм, улс төрийн хямралыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг" уриалжээ.

 

"Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллага "сэтгүүлчдийн эсрэг хэлмэгдүүлэлтийн давалгаа"-г шүүмжилсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Беларуст хэвлэл мэдээллийн 50 гаруй ажилтан баривчлагдаж, гадаадын олон сэтгүүлчдийг албадан гаргасан бол Беларусын 19 сэтгүүлч сурвалжлага хийх эрхгүй болжээ. Түүнчлэн интернетийн сүлжээ тасалдаж, эрх баригчид гадаадын ажиглагчидыг нутгаасаа хөөх, эсэргүүцлийн талаарх үнэн бодит мэдээллийг дамжуулах явцыг тасалдуулах гэж бүхий л чадлаараа хичээж байна гэж "Хил хязгааргүй сурвалжлагчид" мэдэгдсэн байна.

 

Хэвлэл мэдээллийг шахан хавчих байдал үүгээр хязгаарлагдаагүйг Regnum агентлаг мэдээлжээ. Оросын Холбооны Улсын Regnum холбооны мэдээллийн агентлагийн сайтруу Беларусаас нэвтрэх гарцыг Беларусын эрх баригчид хэдэнтээ хааж байсан бол тус улсын хараат бус сонин болох "Ардын хүсэл зориг" сонинг Беларусын шуудан болон бусад байгууллага хэрэглэгчдэд түгээх, борлуулахаас татгалзсан байна. Улмаар сонины редакци хүссэн хүн бүрийг боодолтой сонин авч, үнэ төлбөргүй бусдад тараахыг уриалжээ. 

 

Беларусын эсэргүүцэл: Лукашенкогийн төрсөн өдөр ба хэвтээ эсэргүүцэл

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэрэв АНУ болон барууны бусад оронд Зүүний хүчнийхэн Төр засгийн эсрэг ийм өргөн хүрээтэй арга хэмжээ зохион байгуулсан бол төр булаах хууль бус оролдлого гэж үзээд бүгдэд нь эрүү тулгаж олон жилийн ял оноосон байгаа даа
2020-09-02