АНУ: Цагдаагийнхан дахин нэг өнгөт арьстныг хөнөөж, гал дээр тос нэмэв

Энэ оны тавдугаар сарын сүүлд АНУ-ын Миннеаполис хотод Жорж Флойд гэх өнгөт арьстан цагдаагийнханд баривчлагдах үеэрээ амиа алдсан нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн хөрсөн дээр болсон үйл явдал гэж үзсэн америкчууд олон сарын турш эсэргүүцэн тэмцсэн. Улмаар энэ эсэргүүцэл эмх замбараагүй байдал болон өрнөж, гүйцэт намжаагүй байхад хэдхэн хоногийн өмнө өөр нэгэн өнгөт арьстныг цагдаагийнхан буудснаар Висконсин мужид дахин эсэргүүцэл, эмх замбараагүй байдал өрнөсөн юм.
Гэтэл энэ үймээн намжаагүй, үймээнийг хүчээр дарах талаар яригдаж байгаа энэ үед дахин нэг өнгөт арьстан цагдаагийнхны гарт амиа алджээ. Тодруулбал, Лос-Анжелес хотод цагдаагийн ажилтнууд өнгөт арьстныг буудан хөнөөсөн талаар Дэйли Мэйл мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийнхан унадаг дугуйтай явах үедээ дүрэм зөрчсөн өнгөт арьстныг зогсоох гэсэн ч тэр дугуйгаа хаян зугатаасан гэнэ. Цагдаагийнхан хэсэг хугацааны дараа түүнийг гүйцсэн ч саатуулах үеэр эсэргүүцэл үзүүлж, цагдаагийн нэг ажилтныг цохьжээ. Шерифийн туслахууд түүний хаясан эд зүйл дундаас гар буу олж харсан тул гал нээсэн байна.
Улмаар өнгөт арьстан амиа алдсан, цагдаагийнхан бэртэж гэмтээгүй талаар эх сурвалж мэдээлжээ. Ийнхүү амиа алдсан эр нь Дижон Киззи гэх хүн байсан бөгөөд дахин нэг өнгөт арьстан ийнхүү цагдаагийнхны гарт амиа алдсаныг эсэргүүцсэн олон хэргийн газар цуглаж эхэлсэн байна.
АНУ: Өөр нэг өнгөт арьстан цагдаад буудуулж, дахин нэг эсэргүүцэл дэгдэв
АНУ: Өнгөт арьстан VS цагаан арьст цагдаа буюу Фергюсоны хэрэг давтагдах уу?
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ