Навальныйг хордуулсан гэж Герман үзсэн "Новичок" гэж юу вэ?
2020-09-03

Наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва чиглэн нисэх онгоцны нислэгийн үеэр Оросын сөрөг хүчний төлөөлөгч, улс төрч Алексей Навальный гэнэт бие нь муудаж, улмаар онгоц Омск хотноо яаралтай газардан, Навальныйг Омскийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн. Улмаар эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа комд орсон Навальныйг "Cinema for Peace" сангийнхан тусгай онгоцоор Германд авчран, Берлиний Шарите эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Навальныйн бие муудсан даруйд түүнийг хордуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байлаа. Оросын тал энэ хувилбарыг няцаасан ч өчигдөр буюу есдүгээр сарын хоёрны өдөр Герман улс Навальныйг "Новичок" бүлэгт хамаарах бодисоор хордуулсан гэж мэдэгджээ. 

ВВС агентлагийн мэдээлснээр, Германы зэвсэгт хүчний лаборатори Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэдгийг тогтоосон тухай ХБНГУ-ын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.Мэдэгдэлд онцолсноор Берлиний Шарите эмнэлгийн эмч нарын зөвшөөрлөөр Навальныйн шинжилгээг цэргийн лабораторийн мэргэжилтнүүд шинжилсэн байна. 

 

Шинжилгээний дүнгээр "Новичок" бүлгийн мэдрэл саармагжуулах бодис ашигласан гэдгийн хөдлөшгүй нотолгоо олдсон гэдгийг Германы Засгийн газар мэдэгдээд, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель болон сайд нар цаашид хэрхэх талаар хэлэлцэхээр зөвлөгөөн зохион байгуулсан хэмээн онцолсон байна. Мөн Оросын сөрөг хүчний төлөөлөгчийн амь насанд халдсаныг шүүмжилж, Оросын эрх баригчдаас тайлбар хүлээж байгаа хэмээн мэдэгджээ. 

 

Скрипалийнхныг хордуулсан "Новичок"

 

Одоогоос хоёр жилийн өмнө, 2018 онд Британид  Оросын Тагнуулын газрын хурандаа асан Скрипалийг охиных нь хамт Лондон хотноо хордуулсан хэрэг гарч байлаа. Тэрбээр худалдааны төвд охинтойгоо явж байгаад гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Орос, Британийн тагнуул асан Скрипалийг охиных нь хамт мэдрэл саажуулах үйлчилгээтэй бодисоор хордуулсан гэж Британи мэдэгдэж байлаа. Энэ удаад Навальныйг мөн энэ төрлийн бодисоор хордуулсан гэж Герман үзэв. Мэдрэл саажуулах бодис гэж юу вэ? 

 

Мэдрэл саажуулах бодис нь байлдааны хордуулагч бодисонд хамаардаг бөгөөд дэлхий даяар хэрэглэхийг хориглосон. 1997 онд хүчин төгөлдөр болсон Химийн зэвсэг хориглох тухай конвенцоор химийн зэвсэг үйлдвэрлэх, ашиглахыг хориглосны дээр химийн зэвсгийн бүхий л нөөцийг устгах талаар тусгасан юм. Энэ конвенцид Хойд Солонгос, Египет болон өөр хэдэн орноос бусад бүхий л улс орнууд гарын үсэг зурж байв.

 

Хүн төрөлхтөн хорт бодисыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн ч байлдааны хордуулагч бодисыг анх Дэлхийн нэгдүгээр дайны талбарт ашиглажээ. Хамгийн анхны өргөн цар хүрээтэй химийн дайралт 1915 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Бельгийн Ипр хотын ойролцоох тулааны үеэр гарсан бөгөөд Герман улс холбоотон цэргүүдийн эсрэг хлор ашиглаж байв. Энэ үйл явдлаас үүдэлтэйгээр гичийн хий буюу ипритийг Ипр хотын нэрээр нэрлэсэн юм. 
 

МЭДРЭЛ СААЖУУЛАХ БОДИС ГЭЖ ЮУ ВЭ? 

 

Байлдааны хордуулагч бодисуудын дотроос илүү хор хөнөөлтэй мэдрэл саажуулах бодисыг Германд боловсруулан гаргаж байв. Энэ бол хүний бие организм дахь мэдрэлийн импульс дамжуулалтыг алдагдуулж, саажилт үүсгэн, улмаар үхэлд хүргэж болзошгүй аюултай бодис юм. 

 

Хүн арьсаар дамжуулан эсвэл амьсгалын замаар мэдрэл саажуулах бодисоор хордох боломжтой гэнэ. Энэ бодисыг хоёр тэмдэгтээр нэрлэхдээ  G буюу Germany-Германийн эхний үсгийг ашигладаг байна. 1930-аад онд табун (GA), зарин (GB), зоман (GD) болон  циклозарин (GF) бодисуудыг гарган авчээ. Улмаар мэдрэл саажуулах хорт бодисын хоёр дахь төрөл болох V төрлүүд үүссэн байна. Эдгээрт VX, VE, VG, VM болон VR гэсэн үндсэн төрлүүд байдаг гэнэ. Энэ төрлүүд дундаас VX бодис нэн хортой бөгөөд хүн арьсаараа дамжуулан 10 мг бодисоор хордвол хэдхэн мөчийн дотор амиа алдах магадлал 50% байдаг аж.
 
 
ГИТЛЕРИЙГ ХӨНӨӨХ ТӨЛӨВЛӨГӨӨНД БАГТАЖ, КИМ ЖОН УНЫ АХЫГ ЦААШ ХАРУУЛСАН
"VX" БОДИС

 

Адольф Гитлерийг энэ төрлийн хороор хордуулж хөнөөхөөр төлөвлөж байсан ч төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэдэг. 

 

Харин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг VX бодисоор хордуулан хөнөөсөн юм. 
Хойд Солонгос химийн зэвсгийг хориглох тухай конвенцийг соёрхон батлаагүй учир энэ улс байлдааны хорт бодисын нөөц ихтэй байж болзошгүй гэж шинжээчид үздэг. 

 

1969 онд Япон дахь АНУ-ын цэргийн баазад 24 хүн VX бодис алдагдсны улмаас эмнэлэгт хүргэгдэж байв. Энэ үйл явдлын дараа АНУ энэ төрлийн хорт бодисын нөөцтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байсан юм. 

 

Харин Орос улс 2017 онд хорт бодисын нөөцөө устгасан бол АНУ 2023 он гэхэд нөөцийг бүрэн устгана гэж амлажээ. 
 
Хэн нэгнийг ганцааранг нь хөнөөхөд төдийгүй үй олноор хөнөөх зэвсэг болгон энэ хорт бодисыг өнөө цагт ч ашигласан тохиолдол гарсаар байгаа юм. Тухайлбал, 2013 онд Сирийн дайны үеэр Дамаск орчимд орон нутгийн иргэдийн эсрэг зарины хий ашиглаж, олон зуун хүн, тэр дундаа хүүхдүүд амиа алдаж байв. Гэвч үй олноор хөнөөх зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэн тал нь Башар Асадын цэргүүд үү эсвэл тэдний сөргөлдөгчид үү гэдэг нь одоо хэр тодорхойгүй байна. Энэ явдлын дараагаар Сирийн засгийн газар химийн зэвсгийн бүхий л нөөцөө устгана гэж амлаж байв. Гэсэн хэдий ч энэ амлалт биеллээ олсонгүй. 2017 онд Сирийн Идлиб мужийн Хан-Шейхун хотыг бөмбөгдөх үед мөн л зарины хий тархсныг эх сурвалжууд дамжуулж байлаа. 

 

Түүнчлэн, 1995 онд Токиогийн метронд болсон халдлагын үеэр мөн л зариныг ашиглаж байжээ. Тухайн үед “Аум Синрике” гэх сектийн гишүүд хийн халдлага үйлдсний улмаас 10 гаруй хүн амиа алдаж байв. 
 

Литвиненкогоос Навальный хүртэл: Хэнийг, юугаар хордуулж байв?
 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин