Хонконг: Эсэргүүцлийн үеэр 90 хүн баривчлагджээ
2020-09-07

Хонконгийн хууль тогтоох хурлын сонгуулийг хойшлуулсныг эсэргүүцсэн арга хэмжээний үеэр цагдаагийнхан 90 орчим хүнийг баривчилсан гэж  Associated Press агентлаг мэдээлжээ. Тэдний ихэнхийг хууль бусаар жагсан цугласан хэмээн буруутган баривчилсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконгийн хууль тогтоох хурлын сонгууль есдүгээр сарын зургааны өдөр болох байсан ч коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор сонгуулийг хойшлуулна гэж Хонконгийн тэргүүн Кэрри Лэм долдугаар сарын 31-нд мэдэгдэж байжээ. Ийнхүү хойшлуулах болсон нь сонгуулиар сөрөг хүчнийхэн ялалт байгуулна гэж эмээсэнтэй холбоотой хэмээн эсэргүүцэгчид үзсэн байна. 

 

Эргэн сануулахад, Хонконгт 2019 оны зургадугаар сараас хойш эсэргүүцэл үргэлжилж байгаа юм. Анхандаа эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцэж, энэ хуулийг эгүүлэн татсан ч Хонконгийн эрх чөлөөг өргөжүүлэхийг шаардан тэмцэх болсон. Улмаар энэ оны зургадугаар сарын 30-ны өдөр Хятадын эрх баригчид Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль баталсан нь дахин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдах шалтгаан болсон юм. 

The Standard: Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулинд бүх насаар нь хорих ял тусгагдсан

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин