Навальный комоос гарч, Европын холбоо хэргийг шалгахаар төлөвлөж байна
2020-09-08

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный наймдугаар сарын 20-нд комд орж, тэр үеэс хойш ухаангүй байсан юм. Түүнийг ухаангүй байх хугацаанд ОХУ-ын Омск хотоос Германы Берлин дэх Шарите эмнэлэг рүү шилжүүлсэн бөгөөд энэ эмнэлгийн эмч нар Навальныйн биеийн байдал сайжирч байгаа хэмээн даваа гаригт мэдэгдлээ. 

 

Шарите эмнэлгийн эмч нар түүнийг холинэстеразын ингибитороор хордуулсан гэж үзэж байгаа. Даваа гаригт Германы эмч нарын мэдээлснээр Навальныйг комоос гаргаж чадсаны дээр уушгины хиймэл амьсгалын аппаратаас салгаж эхэлсэн, Навальный хүний үг яриаг сонсох, мэдрэх чадвартай болсон гэж онцолжээ. Навальныйг дэмжигчид түүнийг хурдан эдгэрнэ гэж мэдэгдэхийн зэрэгцээ бүрэн хөл дээрээ босч, нөхөн сэргээгдэхэд олон сарын хугацаа шаардлагатай гэдгийг онцолж байгаа юм. 

 

ОХУ-ын сөрөг хүчний томоохон төлөөлөгчийн биеийн байдал гэнэт муудан, улмаар Германы эрх баригчид түүнийг хордуулсан гэдэг нь тодорхой хэмээн мэдэгдсэний дараа барууны орнууд Оросын эсрэг хориг тавина хэмээн мэдэгдэж байлаа. Даваа гаригт Шарите эмнэлгээс хэвлэлийн мэдээ гаргасны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Навальныйн хэрэгтэй холбоотойгоор "Умардын урсгал-2" төслөөс татгалзах Европын саналыг дэмжинэ гэсэн бол Их Британийн Гадаад хэргийн яам Химийн зэвсгийг хориглох байгууллагатай хамтран Навальныйг хордуулсан хэрэгт буруутай хүмүүсийг хариуцлагад татах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрх баригчдаасаа хүснэ хэмээн мэдэгдсэн байна. 

 

Харин Лондон дахь Оросын Элчин сайдын яам Алексей Навальныйтай холбоотойгоор Оросыг буруутгаж байгаа нь үнэнд нийцэхгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч Их Британийн газаад хэргийн яам Навальныйг хордуулсан хэрэг "Оросын нутаг дэвсгэр дээр гарсан, Оросын иргэний эсрэг чиглэгдсэн үйлдэл" хэмээн үзэж байгаа тул Орос улс "олон улсын өмнө хүлээсэн хариуцлагаа мөрдөх ёстой, тэр дундаа химийн зэвсэг үл хэрэглэх үүргээ биелүүлэх ёстой" гэж цохон тэмдэглэсэн байна. 

 

Германы эрх баригчид бие даан мөрдлөгө явуулахгүй хэмээн мэдэгдэж байсан ч есдүгээр сарын 10-ны пүрэв гаригт Европарламентын гишүүд Европыпн холбооны гадаад харилцааны албаны төлөөлөгчидтэй хийх уулзалтан дээрээ Навальныйн хэргийг шалгах олон улсын мөрдөн шалгалтыг эхлүүлэх боломжийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар DW мэдээллээ. Ийм шаардлагыг Европарламентын 130 гаруй гишүүн дэмжин, гарын үсэг зурсан байна.

 

Харин өдгөө олон улсын өмнө буруутгагдаад байгаа Оросын тал наймдугаар сарын 20-ны өдөр Навальный Омскийн эмнэлэгт хүргэгдсэний дараа мөрдөн байцаалтын өмнөх шалгалтыг явуулсан хэмээн мэдэгдэж байлаа. Хууль сахиулах байгууллагынхан шалгалт явуулахад Алексей Навальныйг санаатайгаар хордуулсан гэх шинж тэмдэг илрээгүй хэмээн мэдэгдэж байв. Харин Берлиний Шарите эмнэлгийн эмч нар Навальныйг эмнэлэгт нь ирсний дараахан түүнийг хордуулсан шинж тэмдэг байна гэж мэдэгдсэн бол  Навальныйг "Новичок" бүлгийн цэргийн хордуулагч бодисоор хордуулсан нь батлагдсан гэж хожим нь Германы эрх баригчид мэдэгдэж байлаа.

 

Навальныйг хордуулсан гэж Герман үзсэн "Новичок" гэж юу вэ?

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хэхэ Европ, АНУ инээд хүргээд байх юм аа. Шаардлагатай, сонирхол бүхий газарт, оронд дайн эхлүүлэх, хувьсгал хийх, иргэний дайн эхлүүлж чаддаг, олон мянган хүн алж чаддаг ЗГ-ууд их л сандарч байна даа.
2020-09-09
Зочин:
Омскдоо байсан бол комдоо байж байгаад нүд аних байсан байхаа
2020-09-08