Беларусийн эсэргүүцэл: Сөрөг хүчнийхнийг "төрийн эрх булаан авах" гэсэн хэмээн буруутган баривчлав
2020-09-10

Наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагаа бүтэн нэг сарын хугацаанд тасралтгүй үргэлжилж байна. Эсэргүүцлийг намжаахаар эрх баригчид жагсагчид болон сөрөг хүчнийхнийг баривчилсаар байгаа юм. 

 

 

Өчигдөр буюу есдүгээр сарын есний лхагва гаригт Беларусийн сөрөг хүчний Хяналтын зөвлөлийн удирдах багийн хоёр гишүүн болох Мария Колесникова болон Максим Знак нарыг "ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО" хийсэн хэмээн буруутгаж баривчилсан бол зөвлөлийн штаб дээр нэгжлэг хийсэн гэж ВВС агентлаг дамжууллаа. 

 

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн сураггүй болсон гэгдэж, улмаар Беларусийн хилийн хороо Украин руу гарсан гэж зарлаж байсан сөрөг хүчний төлөөлөгч Мария Колесникова Минск хотын түр саатуулах байранд байгаа бөгөөд түүнийг баривчлах зөвшөөрлийг Беларусийн Прокурорын газар өгчээ.

 

Түүнтэй хамт, Хяналтын зөвлөлийн өөр нэгэн гишүүн болох Максим Знак, сөрөг хүчний хуульч Илья Салей нар мөн төрийн эрх булаан авах гэсэн хэмээн буруутгагдан баривчлагдсан байна. 

 

Колесниковаг сүрдүүлж, дарамталжээ 

 

Лхагва гаригийн орой Колесниковагийн өмгөөлөгч Людмила Казак үйлчлүүлэгч нь Минскийн түр саатуулах байранд байгаа гэдгийг баталсан байна. Казакийн өгүүлснээр, Колесниковагийн бие хөхрсөн, түүнийг сүрдүүлсэн гэнэ.

 

"Биен дээр нь хөх няц үүссэн, түүнийг хүчээр барьж, машинд суулгасан учраас гар нь өвдөж байгаа. Мөн Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх ерөнхий газар дээр байх үед нь түүнд хүч хэрэглэнэ гэж сүрдүүлсэн" хэмээн өмгөөлөгч Людмила Казак Интерфакс агентлагт ярьсан байна.
 

Одоо Хяналтын зөвлөлийн удирдлагаас эрх чөлөөтэй мөн Беларусийн нутаг дэвсгэр дээр үлдсэн цорын ганц гишүүн нь Нобелийн шагналт зохиолч Светлана Алексиевич юм. Түүнийг сөрөг хүчний ёс суртахууны билэг тэмдэг гэж үздэг ч Алексиевич эсэргүүцлийг зохион байгуулахад оролцдоггүй, улс төрийн идэвхтэй  тэмцэл хийдэггүй аж. 

 

Түүнээс бусад бүх гишүүд баривчлагдсан, эсвэл улс орноо орхин гарсан бөгөөд тэдний дунд нутагтаа дарамт шахалтад орсон гэж мэдэгдсэн сайд асан Павел Латушко багтаж байгаа юм.

 

Нобелийн шагналтныг дипломатууд хамгаалав

Лхагва гаригийн орой сөрөг хүчний төлөөлөл, Нобелийн шагналт зохиолч Алексиевич гар утас руу нь танихгүй дугааруудаас дуудлага ирж, хаалгыг нь байнга хонхдож байгаа талаар мэдэгдсэн юм.

Улмаар энэ өдөр зохиолчийг баривчлуулахгүйн тулд  гэрт нь Европын дипломатууд цугласан байна. Алексиевичийн гэрт Шведийн элчин сайдаас гадна Герман, Литва, Польш, Словак, Чехийн дипломатууд цугласан байгааг харуулсан гэрэл зургийг Шведийн Гадаад хэргийн сайд Твиттер хуудсандаа нийтэлжээ. 

 

Сөрөг хүчний Хяналтын зөвлөлийн удирдлагын бүхий л гишүүдийг баривчилж байгаа тул эрх чөлөөтэй үлдсэн цорын ганц гишүүн болох Нобелийн шагналтныг баривчлуулахгүйн тулд дипломатууд гэрт нь байсаар байгаа гэнэ. Тэд өдөр шөнөгүй жижүүрлэхээр шийдсэн гэж Европын холбооны нэгэн төлөөлөгч DW агентлагт мэдээлжээ.

Мөн энэ өдөр Алексиевич мэдэгдэл гарган, Оросын сэхээтнүүдийг өөрсдийг нь дэмжихийг шаардсан байна. 

"Хяналтын зөвлөлийн удирдлагын багт миний үзэл санаа нэгт нөхдөөс нэг ч үлдсэнгүй. Бүгд шоронд эсвэл хилийн чанад руу дүрвэсэн. Өнөөдөр  хамгийн сүүлийн хүн болох Максим Знакийг баривчиллаа. ЭХлээд бидний эх орныг хулгайлсан, одоо биднийг хулгайлж байна. Гэхдээ манай эгнээнээс хэдэн зуугаар баривчилсан ч тэдний орон зайг нөхөөд дахиад л хүмүүс гараад ирнэ. Хяналтын хороо босоогүй, Эх орон боссон"  хэмээн Алексиевич мэдэгджээ. 

 

Түүнчлэн сөрөг хүчний зөвлөлийнхнийг төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэсэн оролдлогод буруутгасныг тэрбээр няцаасан байна. Ялалтандаа итгэлтэй байгаа ард түмэн гудамжинд жагсаж байгаа хэмээн Алексиевич онцолжээ. 

 

"Мөн би Оросын сэхээтнүүдэд хандая. Та нар яагаад дуугүй байна вэ? Дэмжиж байгаа дуу хоолойг тун цөөн сонсож байх чинь. Жижигхэн ч бардам ард түмнийг нухчин дарж байгааг харсаар байж та нар яагаад үг дугарахгүй байна вэ? Бид чинь ахан дүүс шүү дээ!" хэмээн Алексиевич мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 80 гаруй хувь, харин түүний гол өрсөлдөгч  СветланаТихановская 10 орчим хувийн санал авсан юм. Сонгуулийн энэ дүнг сөрөг хүчнийхэн болон беларусчууд эсэргүүцэн, санал авах байрнууд хаагдсан даруйд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсаар өдийг хүрсэн. Эсэргүүцлийн үеэр цагдаагийнхан жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, олноор нь баривчилж байгаа бөгөөд харин энэ үйл явдлыг Лукашенко Оросын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тайлбарлахдаа "тэр залуус буруугүй, эх орноо үймээн самуунд дарагдахаас сэргийлж байгаа" хэмээсэн юм. 

 

Александр Лукашенко: Би энэ суудалд удсан, гэхдээ зүгээр ч нэг явчихгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ч:
Ийм байдлаар иргэний дайн болж цус урсах нь дамжиггүй. Европыг дагвал Украины туршлага бэлэн байна.
2020-09-10
Ч:
Ийм байдлаар иргэний дайн болж цус урсах нь дамжиггүй. Европыг дагвал Украины туршлага бэлэн байна.
2020-09-10
Зочин:
Украин яалаа яг адилхан болно ардчилал бол зэвсэг юм
2020-09-10