Zeit: Навальныйг зөвхөн ТУСГАЙ АЛБАДАД байдаг хороор хордуулсан
2020-09-10

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр комд орж, 23-ны өдөр Германы Берлин хотын Шарите эмнэлэгт хүргэгдсэнээс хойш тэндээ эмчлүүлж байгаа юм. Түүнийг хордуулсан гэж дэмжигчид нь үзэж байсан бөгөөд Германы тал ч шинжилгээ хийхэд "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэж мэдэгдэж байлаа. Энэ сэдэв Германы хэвлэлүүдийн гол сэдэв болсон хэвээр байна.

 

Авлигатай тэмцэх санг үндэслэгч, 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байсан Алексей Навальныйг "Новичок" цэргийн зориулалттай мэдрэл саажуулах бодисын бүлэгт хамаарах, Оросын тусгай албадын шинэ химийн нэгдлээр хордуулсан гэж Германы Die Zeit сонин мэдээлжээ. 

 

Сөрөг хүчний төлөлөөгчийг хөнөөх гэж байсан ч тэр "азаар" амьд гарсан гэж Die Zeit  бичсэн байна. Онгоцны нисгэгч маш хурдан арга хэмжээ авч, чиглэлээ өөрчлөн, онгоцоо газардуулсан, Навальныйд эмч нар атпропин хийсэн нь зөв алхам байсан зэрэг нь "аз" гэж үзэхээр хэрэг хэмээн эх сурвалж онцолжээ. 

 

Алексей Навальныйг наймдугаар сарын 20-ны өдөр хөнөөх гэсэн оролдлогод Оросын Холбооны аюулгүй байдлын алба эсвэл Тагнуулын ерөнхий газар холбоотой гэж Германы шинжээчид үзэж байгаа юм. Хэвлэлийн төлөөлөгчийнх нь  мэдээлснээр Навальный онгоц хөөрөхөөс өмнө нисэх буудал дээр кафед аяга цай уусан гэх бөгөөд эндээс үзэхэд Оросын тусгай албаныхан Навальныйд өгсөн цайнд эсвэл цайны аяганд хор хийсэн гэж Германы шинжээчид таамаглажээ. 

 

"Навальный онгоцн дотор амиа алдах ёстой байсан. Төлөвлөөгүй үйлдлүүд ар араасаа гарснаар төлөвлөгөө тасалдсан юм. Тодруулбал, нислэгийн үеэр Навальныйтай ойр байсан хүмүүс түүний биеийн байдал муудаж байгааг маш хурдан мэдэж, түгшүүр зарлан, хөлгийн дарга онгоцоо Омск хотод яаралтай буулгах шийдвэр гаргасан. Энэ үеэр хэн нэгэн онгоцонд бөмбөг суурилуулсан гэсэн хуурамч мэдээлэл өгсөн ч Омскийн нисэх буудлын диспетчер газардах зөвшөөрөл өгч байв. Онгоцонд байсан хүмүүс онгоц газардах хүртэл Алексей Навальныйн биеийн байдлыг тогтвортой байлгаж чадсаны дээр түргэн тусламжийн эмч нар эмчилгээг юунаас эхлэх ёстойгоо маш хурдан тодорхойлж, хорны эсрэг тариа /атропин / хийсэн" гэж Die Zeit бичжээ. 

 

Сонины бичсэнээр, Навальныйг хордуулахад "Новичок" бүлгийн шинэ, илүү аюултай, үхэл дагуулдаг бодисоор хордуулсныг  Бундесварын эм зүй, хор судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд тогтоосны дээр Алексей Навальныйн гар, түүний ус ууж байсан хуванцар савнаас энэ бодисын ул мөр олдсон гэнэ. 

 

Энэ хэргийн ард Кремлиэс тушаал авсан Оросын тусгай албад байгаа гэдэгт ХБНГУ-ын Засгийн газар эргэлзэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. Ийм аюултай, гарган авахад тун хэцүү химийн зэвсгийг гагцхүү тусгай албад л ашиглана гэдэгт Германы шинжээчид итгэлтэй байгаа аж. Навальныйг хордуулсан хор хоёр найрлагаас бүрдэх бөгөөд зөвхөн тусгай лабораторид гарган авдаг юм байна. 

 

Оросын тал энэ хувилбарыг няцаахын дээр Навальныйг хордуулсан нь барууны орнуудын тусгай албадын  өдөөн хатгалга байж болзошгүй гэж Төрийн Думын спикер Вячеслав Володин мэдэгдэж байлаа. Харин Германы шинжээчид үүнийг үгүйсгэн, "чекистүүд  Навальныйн хойноос ямар өргөн цар хүрээтэй мөрдлөгө явуулдаг гэдэг талаас нь харвал барууны тагнуулууд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаныханд мэдэгдэхгүйгээр Навальныйд ойртох ямар ч боломжгүй" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

"Энэ бүхнээс харахад чухамхүү Кремль өөрт тааламжгүй шүүмжлэгчээсээ салах гэж тушаал өгсөн гэсэн цорын ганц үнэнд ойр дүгнэлт гарч байна" хэмээн Die Zeit дүгнэжээ. 

 

Оросын эрдэмтний хариу 

Германы эрх баригчид Навальныйг "Новичок" бүлгийн бодисоор хордуулсан гэж мэдэгдэж, энэ талаарх мэдээлэл Германы хэвлэлүүдийн гол сэдэв болсны дараа Оросын хэвлэл мэдээллийнхэн ч "Новичок"-ийн талаар олж мэдэхээр бодис гарган авч байсан эрдэмтдийн эрэлд мордож байв. 

 

"Новичок" хордуулах бодисыг бүтээсэн хүмүүсийн нэг болох Леонид Ринк "РИА Новости" агентлагт ярихдаа Навальныйг энэ бодисоор хордуулсан гэдэг нь худал хэмээсэн байна. 

 

"Шал утгагүй юм. Би "Новичок"-ийн бүх хувилбарыг мэднэ. Навальныйд илэрсэн шинж тэмдэг энэ бодисоор хордсоны дараа илэрдэггүй юм. Новичокийн талаар март" хэмээн Леонид Ринк өгүүлжээ.

 

Эрдэмтэн Леонид Ринк олон жилийн тэртээ "Новичок" бодисыг тусгай албадын хяналтан дор гарган авах Шиханы лабораторид ажиллаж байсан аж.

 

Навальный комоос гарч, Европын холбоо хэргийг шалгахаар төлөвлөж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин