ОХУ Беларусь руу 300 десантын цэрэг илгээв
2020-09-17

Беларусьт "Славяны нөхөрлөл 2020"цэргийн сургуулилалт есдүгээр сарын 14-нд эхлэв. Сар гаруй хугацаанд үргэлжилж буй эсэргүүцэл энэ улсад ид өрнөж байхад ийнхүү цэргийн сургуулилалт хийж байгаа нь олон улсын анхаарлыг ихээр татаж байгаа юм. 

 

"Славяны нөхөрлөл" нь тактикийн сургуулилалт бөгөөд үүнд 1,5 мянга гаруй хүн оролцох аж. Үүнээс 300 нь Оросын Агаар десантын цэргийн десант-довтолгооны дивизийн цэргийн алба хаагчид гэнэ.

 

Оросын десантууд оролцсон сургуулилалт Беларусийн хотуудад олныг хамарсан эсэргүүцэл ид өрнөж байх үеэр зохион байгуулагдаж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэнээс үүдэлтэйгээр эдгээр жагсаал, эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байгаа бөгөөд цагдаа болон хүчнийхэн энгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэж, олноор нь баривчилж байгаа ч эсэргүүцэл үргэлжилсээр байгаа юм.

 

Мөн эсэргүүцэл ид өрнөх үеэр "Беларусийн үймээнийг дарахаар Орос цэрэг оруулна" гэсэн таамаглал тархаж, үүнийг ОХУ удаа дараа няцааж байлаа. Гэтэл тун удалгүй Владимир Путин шаардлагатай бол Лукашенкод дэмжлэг үзүүлэх хүч илгээхэд бэлэн хэмээн мэдэгдсэн нь олон улсын тавцанд ихээхэн анхаарал татаж байв. 

 

"Александр Григорьевич надаас хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн тодорхой нөөц бүрдүүлэхийг хүссэн юм. Би үүнийг нь хийсэн. Гэхдээ нөхцөл байдал хяналтаас гарах хүртэл энэ хүчийг ашиглахгүй гэж бид тохиролцсон" хэмээн Путин наймдугаар сарын 27-ны өдөр "Россия 1" сувагт өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.

 

Харин есдүгээр сарын 16-ны лхагва гаригт Минск хотноо Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу айлчилжээ. Албан ёсны айлчлалын зорилго нь цэрэг техникийн хамтын ажиллаага гэдгийг Беларусын Ерөнхийлөгч Лукашенко цохон тэмдэглэсэн байна.

 

"Би Оросын Ерөнхийлөгчөөс зарим төрлийн зэвсэг нийлүүлэхийг хүссэн. Холбоотон орны хувьд аль хэсэгт хүчээ бэхжүүлэх ёстой гэдгийг таныг ирэхээр хамтдаа харцгаая гэж хэлсэн юм. Айх юм юу ч алга, бид хамтдаа үүнийг хийнэ. Беларусчууд төдийгүй оросуудын ашиг сонирхлыг зоригтойгоор хамгаалах хэрэгтэй гэдгийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байна" хэмээн Лукашенко мэдэгдсэн байна.

 

Хэдийгээр Беларусийн Ерөнхийлөгч ийн мэдэгдсэн ч үүний дараа Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үгүйсгэж, Лукашенко Оросын шинэ зэвсэглэл нийлүүлэх хүсэлт тавиагүй хэмээн онцолжээ.

 

Цэргийн сургуулилалтын тухайд 


Беларусийн сургуулилтад хуягт техник оролцох бөгөөд мөн анх удаа агаар-десантын хүчний танкууд оролцоно гэж сургуулилалтыг удирдах дэслэгч генерал Александр Вязников мэдэгджээ. Харин Оросын талаас Агаар-десантын хүчний байлдааны болон тусгай техникийн 70 нэгж оролцоно гэж ОХУ-ын  Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

 

Өмнө нь НАТО ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан 2017 оны цэргийн сургуулилтад 12,7 мянган цэргийн алба хаагч, 70 нисдэг тэрэг бошлон онгоц, ойролцоогоор 250 танк оролцож байжээ. Хэдийгээр өнөөгийн цэргийн сургуулилалт нь цар хүрээгээр харьцангуй бага ч гэлээ Оросын арми Беларусийн нутаг дэвсгэрт байх нь Барууныхны анхаарлыг үргэлж л ихээр татдаг юм. Ийм үед ялангуяа хөрш орнууд нь мэдэгдэл хийдэг бол энэ удаад цэргийн сургуулилалттай холбоотойгоор санаа зовниж байгаагаа илэрхийлсэн ямар нэг мэдэгдэл хараахан гараагүй байна.

 

Орос Беларусь руу цэргээ оруулах уу? 

 

Сургуулилат эхлэхийн өмнө, есдүгээр сарын 14-нд Путин мэдэгдэл хийхдээ сургуулилалт дуусмагц десантын цэргүүдээ Беларусиас гаргана хэмээн амласан юм.

 

"Энэ арга хэмжээ нь өмнө нь төлөвлөгдсөн, өнгөрсөн жил л зарлаж байсан үйл ажиллагаа. Хамтарсан сургуулилалтын хөтөлбөрийг гүйцэтгэж дуусмагч Оросын цэргүүд байнгын байрлалдаа эргэн очно" хэмээн Владимир Путин мэдэгджээ.

 

Гэхдээ "хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн нөөц"-ийн талаарх Владимир Путины мэдэгдэл нь цаад утгаараа Орос Беларусь руу цэргээ оруулж болзошгүй гэдгийг илтгэсэн гэж ажиглагчид үзэж байна. 

 

Орос, Беларусь улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад багтдаг. Энэ гэрээний дагуу байгууллагын гишүүн орны аюулгүй байдал, тогтвортой байдал эсвэл тусгаар тогтнолд аюул занал учирвал бусад гишүүн орнууд хэлэлцээ хийн, тухайн улсад "үүссэн аюул заналыг устгах зорилгоор" тусламж үзүүлэх үүрэг хүлээдэг юм. 

 

Беларусийн эсэргүүцэл: Путин Лукашенкод цэргээр тусална

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин