АВТОБУС №47: “Нөгөөдүүл чинь ирчихэж”
2020-09-18

Өмнөхийг ЭНДЭЭС

 

Баасан гарагийн мэнд. Амьдрал буцаж, адал явдал өрнөсөн их хотын буйдхан гэр хороолол , Баянхошууны Хөтөлөөс улаан, хар, хүрэн, цэнхэр өнгийн пүүз, бажаанк /ботинк/, өсгийт. Үдээстэй, үдээс нь унжсан, чирэгдсэн, хамар нь халцарсан толийтол арчсан гээд ер янз бүрийн гуталнууд автобусны хаалгаар орж ирлээ. Энэ гуталнууд хаа нэг тийшээ, хэн нэгэн рүү л яарч яваа даа...Ээлжит автобусны тэмдэглэл эхэлж байна. Таалан болгооно уу.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Зүүнсалаа-Халдвартын автобус уухилсаар МУБИС-ийн буудал дээр ирж зогслоо. Замын турш хайр дурлал, ангийн охидууд, лекц, нойр, хоолны тухай ам хуурайгүй ярьж явсан хоёр, гуравдугаар курсын оюутнууд бололтой залуус “Хүүш ээ, чи тэрийг хар даа. Аая нөгөөдүүл чинь ирчихэж ээ” хэмээн биенээ нудраад инээлдэж байна.

 

Залуу 1: Ооё, бас өсгийтэй гутал чихчихэж ээ. Явж чадахгүй донжигноод инээдтэй харагдаад байх юм.

 

Залуу 2: Харваас, хөдөө. Наадах чинь аягүй бол багшийн дээд  дээр байж л  багшийн дээдийг асуугаад явж байгаа биз.

 

Ард сууж явсан хоёр залуугийн ярианд жаахан эгдүүцээд “Адилхан залуучууд байж биенээ битгий ингэж миалж, муухай хандлага гаргаж байгаач. Аль тэр улаан пальтотой охиныг яриад байгаа юм уу. Хөөрхөн л охин байна. Ер нь тэгээд хөдөөнөөс ирсэн байна уу, өсгийтэй гутал дээрээ тогтож чадахгүй байна уу та хоёрт ямар пад байна аа. Хүн ер нь голсонтойгоо суудаг юм шүү дээ” гээд л хэлчихлээ.

 

Түрүүлж яриа гаргасан нэг нь:

 

З: За ёстой яг шт. Арай ч ийм хөдөөний охинтой суухгүй ээ.

 

Т: Ер нь хөдөөнийх байхаараа яадаг юм, айн?

 

З: Хөдөө л бол хөдөө шүү дээ, хэхэ. Энэ охин хөдөөнөөс явсан ч хөдөө нь тэрнээс явдаггүй байхгүй юу даа.

 

Т:Хот, хөдөө гэж байдаггүй юм аа. Хөдөөдөө тулвал чи ч, би ч бүгд хөдөө.

 

Ингэж хэрүүл ч юм шиг, хэлэлцүүлэг ч юм шиг яриа өрнүүлж яваад МУБИС дээр буулаа. Намрын намарт хот, хөдөөгөөрө талцаж хөөрхөн муухайгаар дуудалцах хандлага аль ч их сургуульд бий. Бүгд адилхан айпонтой, дататай, фэйсбүүктэй. Ялгарах юм үгүй яг л адилхан оюутнууд. Хотынх гэхээрээ л догь, хөдөөнийх гэхээр л унхигар гэж боддог энэ нэг явуургүй хандлага, явцгүй сэтгэлгээгээ залуучууд засах хэрэгтэй. Угаас дөрвөн жилийн дараа хэн сурч, хэн хөгжиж чадсан нь ажил дээр гараад гялалзахаас хойш улаа бутарсан хацартай ангийнхаа охиныг бүү гомдоогоорой, залуусаа. Төгсөөд цаадах чинь түрүүлээд ажилд орчихсон харин чи "Хүүш ээ, найзаа ажил байна уу" гээд зурвас илгээж суух вий.  Хэн байг гэх вэ дээ. Амьдрал тааварлашгүй тэгээд урт учраас хэнийгээ ч битгий шогло. 

 

Надад ч бас Сүхийн талбайгаар баримжаа авдаг оюутан нас байсан. Яг нэг ийм л намраар “Хотынхон аймар шүү, хүүхээ” гээд айлын эмээ надад захингаа дан дээлнийхээ дотуур хормойгоор аягаа арчин цай барьсан. Явахын өмнөх бар өдрийг тааруулж, Санжаа ах унагаа тамгалж, "Гүүтэй айлын гүзээтэй хүүхэд" гэж хөөрөгдөж хул хулаар нь айраг сөгнөсөн. Айлын эгч алгирмаадаж хожоод намайг зөндөөн дуулуулсан. Айргандаа халамцсандаа аавын жаран ес машины цонхоор харахад гэрийнхээ үүдэнд бүгд намайг даллаж, гүүн зэлэн дээрээс алаг гүүний унага алдуураад цангинатал янцгаагаад эх рүүгээ давхих нь цаанаасаа л нэг явмааргүй санагдуулсан тийм нэг намар, тийм үдэлт байсан.

 

Хотод ирсэн. Есөн сарын 1-нд сургуулиа олохгүй төөрсөн. Арга ядахдаа эцсийн “мэргэн” арга олсон нь таксидах байв. Одоо санах нь 3,4 дүгээр хороолол орчмоос таксинд суугаад “Үндэсний телевиз оръё” гээд яг хотын хүн шиг өөртөө итгэлтэй түгдэрч сандрахгүйг хичээж хэлсэн. Тэгсэн ч жолооч намайг хөдөөнөөс ирснийг мэдчихсэн нь би зорьсон газрынхаа эсрэг зүгээс такси барьсан хэрэг. Ингэж будилсаар сургуульдаа очиж их хотын “иргэн” болж байлаа.

 

Бакалаа тайлж бажаанк жийхэд л энэ хотод хэн ч хөдөөнийх биш. Тиймээс хот, хөдөөгийн тухай эртний, муйхар бодлоо гээж, махаа үүрээд чемоданаа чирээд ирсэн охинд дотуур байраа олоход нь туслаарай, залуус аа.

 

Энэ удаагийн тэмдэглэлээ энд хүрээд дуусгаж байна. Их хотоос цуглуулсан эрээвэр, хураавар тэмдэглэлээр эргэн уулзъя.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Үгүй:
Гадаад төрхөөрөө бол будаад, хувцасаа солиод ялгарахгүй л байх. Гэхдээ миний ажигласнаар ХӨДӨӨНИЙ гэх НАС ТОГТСОН хүмүүс маш бүдүүлэг байдаг. Залуу хүүхдүүд бол сургуульд сурах гээд ирсэн хойно арай өөр бдг юм аа. Яг тэр нэг ахимаг насны ах эгч нар л хамгийн бүдүүлэг.
2020-09-23
Зочин:
Өглөөний мэндээ, энэ сэтгүүлчийн автобуса тэмдэглэлийг Тархи цэнэглэгч номын клуб дээр байршуулдаг болсон байна лээ, бодвол өөрөө лав биш байхаа гэж би хувьдаа бодсон. Хааяа2 уншихад сонирхолтой зүйлс байршуулсан байдаг шүү. Ажлын амжилт сайхан бүсгүй минь
2020-09-21
тэр хѳдѳѳнийх гээд шоолуулаад байгаа хүмүүс чин хотийн та нараас ч илүү эх орон байгал дэлхийгээ хайрлаж чаддаг хүмүүс байгаа шүү
2020-09-20
Iimerhuu setguulch narriig buudah heregtei hidlaa neeh tugsguluu ondoo hiij enter...
2020-09-19
Хотынхон гадаадад гараад хөдөөнийхөн хотоор дүүрсэн. Хөдөөний охидууд нүүрээ будаад гоёод та нар хот уу хөлөө юу мэдэхгүйшдээ
2020-09-19
Zochin:
Hot huduu gej yaridag humuus yamar yos surthuuntai,medleg bolovsrolgui, eree tseergui humuus gedgee meddeggui. Haa gazar hamgiin bolovsrolgui uhaan muutnuud huniig yalgawarlan gaduurhdag. Iim uildel hiij uuruu hunii nudnii bulai bitgii bolooroi mongoliin ireedui bolson zaluus mini
2020-09-19
Муйхар
2020-09-18
Баянхошуу ч бараг хөдөө шүү ккк
2020-09-18
FB дээр Автобус Тэмдэглэл гээд пейж байна лээ шүү. Энэ нийтлэгчийн пейж мөн үү
2020-09-18
Ene ih urgun uudam gazar nutag baihad ih deed surguuliudaa hotoosoo holduulj chaddaggui kue mun archaagui hulhinuud shuu. Ashig sonirhlin zurchiltei bolohoor l hudulj uguhgui bna l daa.
2020-09-18
ggg:
нөгөөдүүл гэхээр нь шууд л оюутнуудыг хэрж бна гэж мэдэж бдаг шүү кк
2020-09-18
Үгүй:
Гадаад төрхөөрөө бол будаад, хувцасаа солиод ялгарахгүй л байх. Гэхдээ миний ажигласнаар ХӨДӨӨНИЙ гэх НАС ТОГТСОН хүмүүс маш бүдүүлэг байдаг. Залуу хүүхдүүд бол сургуульд сурах гээд ирсэн хойно арай өөр бдг юм аа. Яг тэр нэг ахимаг насны ах эгч нар л хамгийн бүдүүлэг.
тэр хѳдѳѳнийх гээд шоолуулаад байгаа хүмүүс чин хотийн та нараас ч илүү эх орон байгал дэлхийгээ хайрлаж чаддаг хүмүүс байгаа шүү