Хулгайлагдсан хүүгээ 38 жилийн дараа олжээ
2020-09-18

Хятадад ахимаг насны гэр бүлл  38 жилийн өмнө хулгайлагдсан хүүтэйгээ уулзсан талаар Daily Mail мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын баруун хойд хэсэгт байх Шэньси мужийн нэгэн тосгоны гэр бүл 1982 оны тавдугаар сарын 12-нд хоёр настай хүү Жин Шуй нь алга болох хүртэл амар тайван амьдардаг байсан гэнэ. Тэр шөнө өрхийн тэргүүн Су Биндэ эцэг эхээ эргэхээр явсан бөгөөд эхнэр Хуан Жэньсю нь хүү охин хоёртойгоо үлдэж, нөхөр нь шөнөдөө эргэж ирнэ гэсэн тул хаалгаа цоожлолгүй хоножээ. Гэтэл хажууд нь унтаж байсан хоёр настай хүү Жин Шуй нь алга болсныг үүрээр ээж нь мэдсэн байна. Хүүг хайхаар тосгон даяараа хөдөлсөн ч тусыг эс олов. 

 

Хүүгийнхээ талаар сураг сонсохоор эцэг нь өөр хотууд руу ч явах болжээ. Ийнхүү олон хотоор эрэл хайгуул хийхдээ унааны мөнгөө хэмнэхийн тулд тэр хол замыг явган туулдаг байсан гэх. Харин уй гашууд автсан ээж нь сэтгэцийн асуудалтай болсон аж. Орон нутгийн цагдаагийн газар мөрдөн шалгалт хийсэн ч хүү хулгайлагдсан хэргийг илрүүлж чадсангүй.

 

Гэтэл энэ харамсалтай хэрэг гарснаас хойш 38 жилийн дараа цагдаагийнхан хүү нь олдсон гэж 70 настай эцэг эхэд нь дуулгажээ. Үндэсний мэдээллийн сан дахь ДНК дээжүүдийг харьцуулан судласнаар ийнхүү хүүг олсон байна. Өдгөө 40 нас хүрсэн Жин Шуй эцэг эхээсээ мянган километрийн цаана, эхнэр, хоёр хүүхдийн хамт Ли Гуолинь нэрээр амьдарч байжээ.

 

Энд дуулгахад, Хятадад 30 жилийн өмнө алга болсон хүүгээ олсон явдал энэ оны тавдугаар сард гарч байлаа. Мао Инийг хоёр настай байхад нь яслиас аван харьж явах замдаа хүүдээ ус авах гээд түрхэн хугацаанд анхаарал сарнисан үед хүүг нь хулгайлсан байна. Эцэг эх нь хүүгээ улс орон даяар хайж, Маогийн ээж хүүгээ алга болсон тухай зар бүхий хуудсыг 100 мянга гаруй хэвлэн хаа сайгүй тараасан ч сураг алдарсан хэвээр л байсан гэнэ. Харин Хятад даяар  суурилуулсан царай таних технологийн ачаар 2020 оны тавдугаар сард хүү эцэг эхтэйгээ уулзжээ. 

 

Хятадад хүний наймааны асуудал хурцаар тавигддаг бөгөөд жил бүр 70 мянган хүүхэд хулгайлагдаж, хүний наймааны золиос болдог гэсэн судалгаа бий. 

БНХАУ: Царай таних технологиор 30 жилийн өмнө алга болсон хүүгээ олжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин