Оросын Батальоны тактикийн бүлэг Беларусьт очжээ
2020-09-22

 

Беларусьт Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцэл сар гаруй хугацаанд үргэлжилж байх үед тус улс "Славяны нөхөрлөл" цэргийн сургуулилалт эхэлсэн нь олон улсын зүгээс ихээхэн анхаарал татаж байлаа. Тэр дундаа энэ цэргийн сургуулилалт товлосон цагаасаа өмнө эхэлж, түүнчлэн энэ сургуулилалтад Оросын тал оролцохоор болсон нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. 

 

Цэргийн сургуулилалт эхэлсний дараахан Оросын десантын цэргүүд Беларусьт очиж байсан бол есдүгээр сарын 21-ний өдөр "Славяны нөхөрлөл" сургуулилалтын хоёр дахь шатны хүрээнд ОХУ-ын Батлан хамгаалах яам Агаарын десантын хүчний Тульскийн дивизийн батальоны тактикийн бүлгийг Беларусьт буулгажээ. 

 

"Беларусь-Оросын "Славяны нөхөрлөл-2020" цэргийн сургуулилалтын төлөвлөгөөний дагуу Оросын Агаарын десантын хүчний Тульскийн нэгдлийн батальоны тактикийн бүлгийг төмөр замын тээврээр хүргэсэн. Энэ бүлэг Гродно орчимд байх "Гожский" полигонд болох хамтарсан  практик бэлтгэлд оролцоно" хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

 

Энэ цэргийн сургуулилалтад Оросын талаас нийтдээ 900 гаруй хүн, 100 орчим зэвсэг, цэргийн техник оролцох аж. "Славяны нөхөрлөл-2020" цэргийн сургуулилалт наймдугаар сарын есөнд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг луйвардсан гэж эсэргүүцэл өрнөн, Беларусийн улс төрийн нөхцөл байдал хурцадсан үед болж байгаагаараа онцлогтой юм. 

 

Энэ сургуулилалт эхэлсэн өдөр буюу есдүгээр сарын 14-нд Беларусьт ирсэн Оросын десантынхан Беларусийн цэргүүдтэй хамтран нисдэг тэрэгнээс тэргүүлэх отрядыг буулгах, десантын ажиллагаа 6МД онгоцноос шүхрээр үсрэн ажиллагаа явуулах, суурин газрыг бүслэх,  хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах зэрэг бэлтгэл хийж байгаа аж.

 

Түүнчлэн Минск хотод Оросын Агаарын десантын хүчний командлагч Андрей Сердюков мөн очсон байна. Түүний тэргүүлсэн Оросын төлөөлөгчдийг Беларусийн Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Ерөнхий штабын дарга хошууч-генерал Александр Вольфович хүлээн авч уулзжээ. Энэ үеэр "талууд татан оролцуулж байгаа хүн хүч хоёр дахь шатанд бэлэн байх нөхцлийг хэлэлцсэн" гэж Беларусийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

 

"Славяны нөхөрлөл"-ийн хоёр дахь шат 

 

"Славяны нөхөрлөл"-ий эхний шат Беларусийн Тусгай ажиллагааны хүч болон ОХУ-ын Агаарын десантын хүчний Псковын элит дивизийн 300 цэргийн алба хаагчийн оролцоотойгоор эхэлсэн. Сургуулилалт Беларусь, Польшийн хилээс холгүй байх "Брест" полигонд болсон юм. Энэ сургуулилалтын хоёр дахь шат 10 дугаар сард төлөвлөгдсөн гэж  Москва, Минск мэдэгдэж байлаа. Сургуулилалтын үеэр хоёр талын цэргийн алба хаагчид алан хядах ажиллагааны эсрэг сургалтын зорилтуудыг боловсруулан, баруун бүсүүдийн нутаг дэвсгэр дэх "алан хядагчдыг бүслэн, устгажээ". 

 

Орос, Беларусийн хамтарсан "Славяны нөхөрлөл-2020" цэргийн сургуулилалтын хоёр дахь шат өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны мягмар гаригт Беларусийн дөрвөн полигон дээр эхэлнэ. Энэ шатанд 6000 орчим цэргийн алба хаагч, 500 гаруй байлдааны техник оролцох юм байна.

 

Цэргийн сургуулилалтын хоёр дахь шат Беларусийн цэргийн аюулгүй байдлыг хангах хамтарсан ажиллагаа явуулахад зориулагдсан бөгөөд Беларусийн Батлан хамгаалахын дэд сайд хошууч-генералл Сергей Потапенко удирдан явуулах аж. 

 

Өмнө нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд Беларусийн өмнө хүлээсэн үүргээ эргэлт буцалтгүй биелүүлнэ гэж Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод амлаж байлаа. Энэ гэрээний хүрээнд гадаад аюул тулгарвал Беларусь Оросоос тусламж авахаар хандах боломжтой юм. Түүнчлэн гэрээний хоёрдугаар зүйлд зааснаар, оролцогч талууд нэгнийхээ тусгаар тогтнолыг хамгаалахад туслалцаа үзүүлнэ гэж заасан байдаг аж.

ОХУ Беларусь руу 300 десантын цэрэг илгээв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тактикийн бүлгийн баталион.
2020-09-22