Хөвсгөлийн онгон дагшин байгалийг аварч үлдэхгүй л бол жуулчид "тоохоо" болино
2020-09-22
Гэрэл зургийг MPA.mn

 

“Эко Соёл Сан”, “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” ТББ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар дахь нутгийн зөвлөл хамтран “Хөвсгөл нуур-Хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.22/ Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

 

Өмнө нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хууль бус газар олголт хэрээс хэтэрсэн. Нуурын эрэгт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлал эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан нуурын эко байдал алдагдаж байгаа талаар сурвалжилсан. /Сурвалжлагыг ЭНДЭЭС унших боломжтой/.

 

Энэ удаад Хөвсгөл нуурын эко систем ба нуурын хамгаалал, нутгийн иргэдийн эрхтэй холбоотой тулгарч буй бэрхшээл, гарц шийдлийг олоон талын оролцоотой хэлэлцэж, улмаар хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, уриалгыг олон нийт, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгчдэд хүргэхээр төлөвлөсөн арга хэмжээг сурвалжиллаа.

 

“Хөвсгөлийг онгон дагшнаар нь аварч үлдэх нь аялал жуулчлалын экспортийг хөгжүүлэх боломж"

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалттай газрын үүсгэн байгуулагч, Ургамал судлаач, биологийн ухааны доктор Ж.Оюумаа “Хөвсгөл нуурт асар их өөрчлөлт орж байна. Стандартаас давсан газар олголтын асуудлаас болж аялал жуулчлалын сөрөг нөлөөг дийлэхээ байгаад байна. Тухайлбал, Жанхай орчмын даац улсын стандартаас 30 дахин хэтэрсэн. Үүний үр дагавар нь юун түрүүнд байгаль орчинд, хөрс, ус, ургамалд нөлөөлж байна. Эргийн ургамал талхлагдаад, хөрс элэгдээд ирэхээр усандаа нөлөөлдөг. Ил задгай отоглолт, автомашины хөдөлгөөнөөс шалтгаалсан тоос шороо нуурын усанд нөлөөлж замагжиж, усан доторх амьд организм өөрчлөгдөж байгаа. Эргийн баруун талаас 500 метрт амьд организм оршдог. Гэтэл зогсоо чөлөөгүй моторт завь давхиснаас загас жараахай үгүй болж байна. Энэ мэтчилэн биологийн төрөл зүйлийн өөрчлөлт маш их гарсан.

 

Би ургамал судлаач хүн. Миний 20 жилийн судалгааны дүнгээс харахад цэцэглэлт, ургамал багассан. Үүний улмаас цэвдэг хайлж байна. Үүн дээр нэмээд газар олголт зах замбараагүй олгосноос дахиад сөрөг нөлөөлөл үүсч байгаа. Бид одоо л арга хэмжээ авахгүй бол далай ээж дахин цаазын тавцанд ирлээ. Энэ жилээс хувийн компаниуд Хөвсгөл нуурын хажууд карьер ухна. Нутгийн иргэдийн газрыг булааж аваад хашаа татчихаж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр ашиглахыг хэлнэ. Хөвсгөлд онгон дагшин байгаль үгүй болчихоор гадаадын жуулчид ирэхээ болино. Аялал жуулчлалын экспорт гэж ярьдаг. Энэ экспорт зогсож эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж байна шүү дээ” гэж ярилаа.

 

“Наадмаар Жанхайн даваагаар хоёр цагт 500 автомашин холхидог”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл нуурын усны чанарт 2017-2020 оны хооронд судалгаа хийх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөвсгөл нуурын усны чанар хяналтын хөтөлбөр” нэртэй, 192 мянган ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжсэн. Энэ төслийн удирдагч Экологи, байгаль хамгааллын судлаач О.Батгэрэл “Хөвсгөл нуурын усны түвшин жилд 1.27 см-ээр нэмэгдэж байна гэсэн судалгааы үр дүн гарсан. Мөн томоохон суурьшлын бүс болох Хатгал тосгон, Ханх сум, Жанхайн давааны аялал жуулчлалын бүсээс үүдэлтэйгээр усны цэгэн бохирдол үүсч байгаа. Гэхдээ Хөвсгөл нуур маань маш том усан бассейн учраас бага хэмжээний бохирдол ороод тухайн үедээ л бохирдолтой гэж гарч байгаа учраас нуурыг бүхэлдээ бохирдолтой  гэсэн судалгааны дүн гараагүй. Мөн гэдэсний бүлгийн савханцар буюу ялгадастай холбоотой бохирдол байна уу, үгүй юу гэдгийг судалсан.

 

2017 онд Хөвсгөл аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон Хөвсгөл нуур Эгийн голын сав захиргаанаас нуурын эргийн 200 метр дахь нүхэн жорлонгуудад тооллого хийсэн. Ингэхэд Хөвсгөл нуурыг тойроод 494 нүхэн жорлон байсан. Энэ жорлонгууд нуурт нөлөөлж байна уу үгүй юу гэдгийг судлахаар хөрсний гүн рүү өрөмдөж дээж авсан. Дээжээс амон буюу шивтрийн шүү буюу шээсний хүчин зүйл гэж ойлгож болно. Хөвсгөл шиг сэрүүн, чийглэг бүс нутагт 100 грамм хөрсөнд 2 грамм агууламжтай байхыг хэвийн буюу байгалийн процессын үйл ажиллагаа гэж ойлгож болдог. Түүнээс илүү байвал гадны нөлөөлөл байна гэж үздэг. 2017 онд илэрсэн. Судалгааны үр дүнд үндэслэн хуурай жорлонгийн эко төслийг санал болгож, стандарт боловсруулсны дагуу бүх нүхэн жорлонг хуурай эко жорлон болгон хувиргасан. Ингэсний үр дүнд 2018 онд амоны хүчил буурсан, 2019 онд бүрэн алга болсон. Тэгэхээр энэ маш үр дүнтэй ажил болсон.

 

Одоо Жанхайн давааны шорооны зам асуудал болоод байна. Үндэсний их баяр наадмын өндөр ачааллын үеэр Жанхайн даваагаар хоёр цагт 500 автомашин холхидог гэсэн судалгаа бий. Энэ холхилтоос үүдэн тоосжилт бий болно. Тоосжилт агаар мандалд тархаад нуурын усан мандал дээр хамгийн оргил үедээ нэг метр квадрат талбайд 2 пм 10 ширхэглэгтэй тоосонцор унах боломжтой юм байна гэдэг тооцооллыг гаргасан. Үүний дагуу тухайн замыг хатуу хучилттай болгох ёстой гэсэн шийдэл гарсан байгаа” гэв.

 

“Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гаргана”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын 2019 оны тогтоолоор Хөвсгөл нуурыг цаашид эко аялал жуулчлалын бүс болгох тогтоол батлагдсан. Тэгвэл Хөвсгөл аймгийн аялал жуулчлалыг хэрхэн эко хөгжүүлэх вэ. Үүнд Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир “Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг тойрсон аялал жуулчлал, түүнээс гарч байгаа хор уршиг иргэд, олон нийтийн анхаарлыг татаад байна. Хөвсгөл аймаг уул уурхайгүй. Нийт газар нутгийн 30 гаруй хувийг Улсын тусгай хамгаалалтад авсан. Үлдсэн 60 гаруй хувийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан учраас уул уурхай хөгжих боломжгүй аймаг. Ерөнхий сайдын шийдвэрээр 2019 онд Хөвсгөл аймагт эко аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөгөөнөөс онцолбол Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гаргах ажлыг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр явуулахаар тусгасан байгаа. Энэ мэтчилэн бид Хөвсгөл нуурынхаа эко системийг хамгаалахын төлөө тууштай ажиллана” гэж хариуллаа.

 

“Газар ашиглах эрхтэй аж ахуй нэгжүүдийг цэгцэлнэ"

 

Өнгөрсөн долоодугаар сард Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Жанхай орчимд хууль бусаар газар олгогдсон асуудлыг сурвалжилсан. Хэлэлцүүлгийн үеэр энэ асуудалд БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Г.Гэрэлтуяагаас хариулт авлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Газар ашиглах эрх олгох асуудал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж явдаг. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрлийг олгох нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын Сайдын тушаал гарснаар шийдвэрлэгддэг асуудал. Засгийн газрын 2019 оны тогтоолоор Хөвсгөл нуурыг цаашид эко аялал жуулчлалын бүс болгох тогтоол батлагдсан. Энэ тогтоолын хүрээнд хэрэгжих ажлын төлөвлөгөөнд Хөвсгөл нуур орчмын нөөц даацын судалгааг хийн түүнд түшиглэсэн газар, зохион байгуулалтын төлөвлөгөөтэй болгох чиглэл барин ажиллаж байгаа.

 

2004 оноос Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх олгож эхэлсэн. Хөвсгөл аймаг, Хатгал тосгонд үе үеийн сайдуудын олгосон газар ашиглах эрхтэй 132 иргэн, аж ахуй нэгж байна. Эдгээрийг зөвхөн сайдын тушаал шийдвэрээр олгосон газар ашиглалтын зөвшөөрөлтэй гэж ойлгох хэрэгтэй. Эдгээр газар ашиглах эрхтэй аж ахуй нэгжүүдийг цэгцлэх бодлого барин ажиллаж байгаа. 2011 онд нөөц, даацын судалгаа хийсэн гэх мэдээлэл байгаа. Үүнээс хойш энэ судалгаа хийгдээгүй байгаа. Тиймээс эко аялал жуулчлалын бүс болгох тогтоолын дагуу хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нөөц, даацын судалгаа хийх ажил тусгагдсан байгаа. Энэ судалгаанд түшиглэн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хийнэ. Одоогийн нөхцөл байдал нөөц, даац хэтэрчихсэн байгаа” гэлээ.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Хөвсгөл нуур-Хамгаалал” хэлэлцүүлгийн зохион байгуулагч “Эко соёл сан” 2019 онд зарим ТББ-тай хамтран Хөвсгөл нуурыг хамгаалах “Далай Ээж” олон улсын төслийг эхэлж, соёлын болоод бусад арга хэмжээг Улаанбаатар хот, Хөвсгөл аймагт зохион байгуулсан. Энэ төсөл ийнхүү хоёрдахь жилдээ үргэлжилж байгаа аж. “Ковид-19” цар тахлын халдвар намжвал ирэх жил бусад улс орноос судлаач, эрдэмтэд Хөвсгөл нууртай холбоотой арга хэмжээ, хэлэлцүүлэгт оролцох саналаа илэрхийлсээр байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yag unen.
2020-09-23
Сайхан нуур дэлхийд зөндөө б
2020-09-22
Hatgal Sandag:
2007 ond I.Erdenebaatar said NUB-iin suurin tuluulugchtei Hatgal tosgond ajilhad neg l zuiliig anhaaruulj helj baisan ter ni yu be geheer! tuvlursun auto zogsool bii bolgo!!! auto mashinuudiig neg tsegt zogsoogood juulchnii baazuud ni uursduu irj teeverledeg baih!!!! Buh medeellee il bolgo songolt amragchdiin gart! auto mashin nevterheer bol honogiin asar undur tatvar tuldug buuh otog ni end end geed zaasan baih talaar sanalaa helj baisandaa!!!! odoo oroitoigui baina ter ueiig bodvol tsahim orchin iluu saijirch neelttei bolloo.
2020-09-22
Yag unen.
Neg l ih yarisan humuus. Hiigeech heregjuuleech.
2020-09-22
ggg:
тийштээ бид л ойшоохгүй бол
2020-09-22
zochin:
Janhai havi bol toos shoroo manarsan, nuhen jorlon n halisan yag UB-iin ger horoolol bolson baina lee. ter gazruudiig shuud tatan buulgah heregtei.
2020-09-22
судлаач:
Маш чухал асуудлыг хөндөж хэлэлцсэн байна. Олон жил яриад буруу тийшээгээ хөгжөөд байгаа юм. Хойшлуулалгүй , ирэх зун гэхэд арга хэмжээ авах хэрэгтэй, зөвшөөрлийг багасгах, стандартыг өндөрсгөх, төлбөр хураамжийг нэмэх хэрэгтэй. Зөвхөн хөвсгөл нуур төдийгүй бусад дархан цаазтай газар ийм арга хэмжээг даруй авах хэрэгтэй. Манай байгаль эмзэг учир хямд олон хүний аялал жуулчлал хор уршигтай гээд олон жил хэллээ. Тэр олон сая жуулчин биш чанартай нь хэрэгтэй. Дахиад хүн ирэхээргүй болгож байгалиа сүйтгэж болохгүй.Энэ бүгдэд орон нутаг БОЯ дариу анхаарч ажиллана уу.
2020-09-22