Путин эхлээд Шнобель, одоо Нобель...
2020-09-25

Саяхан гутамшигт шагнал болох Шнобель "хүртсэн" Владимир Путин жинхэнэ Нобелийг хүртэж мэдэх нь. Энэ дээд шагналыг хүртэх эсэх нь одоогоор хараахан тодорхойгүй ч ямартай ч түүний нэрийг дэвшүүлжээ. 

 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Ерөнхийлөгч Владимир Путиныг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна. Түүний нэрийг дэвшүүлэх өргөдлийг зохиолч, "Президент" сонины ерөнхий редактор, академич Сергей Комков илгээжээ. Тэрбээр Владимир Путины итгэмжит хүн аж. 

 

Академчийн санаачилгын талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлахдаа, энэ шагналд "янз бүрийн хүмүүсийг дэвшүүлдэг" хэмээн сануулсан байна. "Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх санаачилга гаргасан. Ийм саналыг та бүхний хэлсэн зохиолч гаргасан юм. Нэр дэвшигчдийг шалгаруулах тодорхой журам бий. Шагнахаар шийдвэр сайн хэрэг, үгүй гэвэл үүнд муу зүйл ч алга" хэмээн Дмитрий Песков хэвлэлийнхэнд мэдэгджээ. 

 

Путиныг Нобельд нэр дэвшүүлэх санаачилга гаргасан Сергей Комковын өгүүлснээр өргөдлийг есдүгээр сарын 10-ны өдөр Осло дахь Нобелийн хороо хүлээн авсан гэнэ. Чухамхүү энэ үйл явдлын дараа Америкийн тал Ерөнхийлөгч Дональд Трампыг нэр дэвшүүлсэн гэж Сергей Комков өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, Путиныг 2013 онд ч Нобелийн шагналд нэр дэвшүүлж байв. Түүнийг Сирийн сөргөлдөөнийг шийдэхэд идэвхтэй оролцсоных нь төлөө Нобелийн шагналаар шагнах ёстой гэж Дэлхийн ард түмнүүдийн оюун санааны нэгдэл ба хамтын ажиллагааны олон улсын академи болон Төрийн Думын гишүүн Иосиф Кобзон нар нэр дэвшүүлж байсан юм. 

Цар тахлаас болж Путин, Трамп нарын тэргүүнүүд Шнобелийн шагналтан болов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин