Беларусийн эсэргүүцэл: Ням гаригт 339 хүн баривчлагджээ
2020-09-28

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал ням гаригт 50 дахь өдрөө үргэлжилжээ. Regnum агентлагийн мэдээлснээр Минск хотод замын зорчих хэсгээр жагсагчид цугларсаны улмаас автомашины урсгал 4 цаг орчимд түгжирсэн гэнэ. 

 

Түүнчлэн энэ өдөр Беларусь даяар болсон эсэргүүцлийн жагсаалыг цагдаагийнхан хүч хэрэглэн тараах гэж оролдоогүй ч олон хүн баривчлагдсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Беларусийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч 200 орчим хүнийг хотуудаас саатуулсан гэж мэдээлсэн бол хүний эрхийг хамгаалагчид үүнээс их тооны хүн баривчлагдсан гэж мэдэгдсэн байна.  Тухайлбал хүний эрхийг хамгаалах "Весна" төвийн мэдээлснээр ням гаригт сөрөг хүчний эсэргүүцэлд оролцсон 339 хүнийг баривчилсан гэнэ. Баривчлагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг "Весна" төвийн сайт дээр байршуулжээ. 

 

"Весна" төвийн мэдээлснээр, Могилев, Брест, Березин, Молодечно, Гродно, Гомел, Витебск, Браслав, Бобруйск, Баранович, Миханович, Солигорск, Светлогорск, Жодин, Орш, Новополоцк, Волковыск зэрэг газруудад хүмүүс баривчлагдсан байна. Баривчлагдан саатуулагдсан хүмүүсийн дунд хэвлэл мэдээллийн төлөөлөгчид ч багтжээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр энэ улсад Ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш сонгуулийн дүнг эсэргүүцсэн ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа юм. Албан ёсны дүнгээр Александр Лукашенко 80 гаруй хувийн санал авсан бол сөрөг хүчний төлөөлөгч Светлана Тихановская 10 хувийн санал авсан байна. Улмаар энэ дүнг эсэргүүцэн, иргэд жагсаж, эхний өдрүүдэд жагсагчид болон хууль сахиулагчдын дунд ширүүн мөргөлдөөн гарч байлаа. 

Беларусийн эсэргүүцэл: Лукашенко "нууцаар" тангараг өргөж, жагсаал үргэлжлэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
eh ornoo hudaldagchidiig barih heregtei
2020-09-28