Ильхам Алиев: Турк сөргөлдөөнд татагдан оролцоогүй, тийм шаардлага ч байхгүй
2020-09-30

 

Есдүгээр сарын 27-ны өдөр Уулын Карабахд нөхцөл байдал хурцдаж, энэ нутаг дэвсгэр дээр тулаан идэвхтэй өрнөж байна. Сөргөлдөгч талууд болох Азербайжан болон Арменийн нутаг дэвсгэрт дайны байдал тогтоож, дайчилгаа зарласан юм. Энэ нөхцөлд талууд ямар байр суурьтай байгаа талаар Оросын "Россия 1" телевизийн суваг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй ярилцжээ. 

-Ноён Ерөнхийлөгч өө, ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд баярлалаа. Фронт дээр яг одоо ямар үйл явдал өрнөж байна вэ? Нисэх хүчин ашиглаад эхэлсэн тухай мэдээлэл гарч байх шиг. 


- Фронт дээр байдал хүнд байна. Есдүгээр сарын 27-ны өглөө эхэлсэн Арменийн цэргийн өдөөн хатгалгын улмаас Азербайжаны суурин газрууд болон манай цэргийн байршлууд артиллерийн довтолгоонд ихээр өртсөн. Энэ түрэмгийллийн улмаас Азербайжаны 11 оршин суугч амиа алдсаны дотор хоёр хүүхэд байгаа. Түүнчлэн цэргийн алба хаагчдын дунд ч амиа алдсан хүмүүс бий. Бид түрэмгийлэгчид зохих хариуг нь өгөхөөс аргагүй болсны дээр ингэснээрээ ард түмэн, нутаг дэвсгэрээ хамгаалах шаардлагатай болсон юм. Одоо гурав дахь өдрөө тулаан үргэлжилж, Азербайжаны арми хэд хэдэн суурин газрыг эзлэн түрэмгийллээс чөлөөлсний дээр төрөл бүрийн чиглэлд стратегийн өндөрлөгүүдийг эзлэн авлаа. Өнөөдрийн байдлаар идэвхтэй тулалдаан үргэлжилж байна. 

 

- Ильхам Гейдарович, Турк улсын үүрэг оролцооны талаар бидэнд тайлбар өгнө үү. Туркийн Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд тулааны талбарт та бүхэнд тусална гэж мэдэгдсэн.

 

- Турк бүс нутагт тогтворжуулах үүрэг гүйцэтгэдэг гэж би үзэж байна. Турк бол манай ах дүүгийн харилцаатай, холбоотон орон. Дэлхий нийт Арменийг Азербайжан руу дайрсан гэдгийг мэдсэн мөчөөс л эхлэн Турк улс төрийн тэргүүн болон бусад удирдлагуудын түвшинд Азербайжаныг дэмжих, олон улсын эрхзүйг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Учир нь Армени 30 орчим жилийн турш Азербайжаны нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж, олон улсын эрхзүйг зөрчиж байгаа болохоор тэр. Үүнд л Туркийн үүрэг оролцоо оршиж байгаа юм.

Турк улс бидэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг, бид Туркийн удирдлага, ард түмэнд бидэнтэй эв санаа нэг байж, дэмжиж байгаад нь талархаж байна. Өөрөөр Турк улс энэ сөргөлдөөнд оролцохгүй. Армений талаас гаргаж байгаа, Турк сөргөлдөөнд оролцоно гэсэн мэдээлэл нь хуурамч мэдээлэл. Турк сөргөлдөөнд оролцож байгааг батлах нэг ч баримт байхгүй, оролцох шаардлага ч алга. Азербайжаны арми ард түмнийхээ ашиг сонирхол болон нутаг дэвсгэрээ хамгаалахад бүрэн бэлтгэгдсэн. 

 

-Та энэ мэдэгдлээрээ  Саяхан Туркийн Агаарын цэргийн хүчин Армений  онгоцуудыг устгасан гэсэн мэдээллийг батлахгүй төдийгүй няцааж байна уу? 

 

- Бид ийм мэдээлэл аваагүй. Саяхан надад ийм мэдээлэл гарсан талаар дуулгасан, гэхдээ мэдээлэл батлагдахгүй байгаа.

 

Туркийн Агаарын цэргийн хүчний F-16 онгоцууд байлдааны ажиллагаанд оролцоогүй. Орчин үеийн технологи хөгжсөн энэ үед ямар нэг зүйл нуун дарагдуулах нь тун хүнд шүү дээ. Хиймэл дагуулаар ч ажиглаж байна. Тиймээс энэ мэдээлэл бол ээлжит өдөөн хатгалга. Ийм хуурамч мэдээлэл гаргаж байгаа Арменийн талын зорилго нь ойлгомжтой. Нэгдүгээрт, Азербайжаны тулааны чадварыг бууруулж мэдээлэх , түүнчлэн сөргөлдөөн улам даамжирч, үүнд гуравдагч орнууд оролцож байна гэсэн сэтгэгдэл төрүүлэн, ингэснээрээ өөрсдийн өдөөн хатгалгыг зөвтгөхийн тулд аль болох их орныг татан оролцуулахаар хичээж байгаа хэрэг. Тиймээс та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэе, Турк улс сөргөлдөөний тал биш, ямар ч байдлаар оролцохгүй байгаагийн дээр оролцох шаардлага ч байхгүй. 

 

- Ням гаригт яг юу болсныг хэлж өгнө үү. Энэ өргөн цар хүрээтэй, цус асгаруулсан сөргөлдөөнийг юу өдөөв.

 

-Ням гаригт болсон ажиллагааг Армени олон сарын турш явуулж байгаа. Та бүхэн үйл явдлын мэдээлэл, мэдэгдлүүдийг ажиглаж байгаа бол тэд энэ өдөөн хатгалгыг зориудаар хийсэн гэдэг нь ойлгомжтой байгаа. Саяхан НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс би мэдэгдэл хийхдээ Армени дайнд бэлдэж байгаа бөгөөд үүнийг зогсоох шаардлагатайг онцолж байлаа. Долдугаар сард тэд улсын хил дээрх суурин газрууд руу зэвсэгт халдлага хийсэн, гэтэл энэ нь сөргөлдөөний бүсээс хол оршдог суурингууд. Тухайн үед энгийн номхон нэг иргэн, хэд хэдэн цэргийн алба хаагч амиа алдаж байлаа. Мөргөлдөөн дөрвөн өдөр үргэлжилсэн. Арменийн нутаг дэвсгэр дээр байлдааны ажиллагаа явуулах зорилго бидэнд байгаагүй тул манай нутаг дэвсгэрээс Арменийн зэвсэгт хүчин цэргээ татмагц, хоёр талын тохиролцоогоор гал зогсоож байсан юм.

 

Дараа нь, наймдугаар сард зэвсэгт этгээдүүд манай нутаг дэвсгэрт нэвтэрснийг манай тал устгасан. Үүний дараа Арменийн тал эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэрт болон Шушу хотод Ливанаас ирсэн хүмүүсийг суурьшуулна гэж олон нийтийн өмнө мэдэгдсэн нь цэргийн гэмт хэрэг юм. Энэ бол Женевийн конвенцийг зөрчиж байгаа хэрэг. Мөн үүний дараа, Азербайжаны соёлын эртний сувд болох Шуша хотод Уулын Карабахын гэмт дэглэмийн толгойлогчийг тангараг өргөх ёслол хийлгүүлсэн.

 

Энэ бүхэн зориудаар гаргасан өдөөн хатгалга, биднийг сөргөлдөөнд татан оролцуулсан хэрэг байлаа. Бид тэвчин, эрүүл ухаанаар хандсан. 

 

Өөр нэг шалтгаан нь, Арменийн дотоод улс төрийн хямралд оршиж байгаа юм. Арменид өнөөдөр Соросын дэглэм оршин тогтнодог. Беларусьт бүтэлгүйтсэн эргэлт хоёр жилийн өмнө Ереванд болсон. Арменийн өнөөгийн удирдлага болох Пашинян Соросын хүн бөгөөд маш их амлалт өгсөн ч түүнийгээ биелүүлж чаддаггүй хүн. Ингээд л энэ улс хямралд орсон. Тиймээс тэр  хүн амын анхаарлыг сарниулахын тулд гадны хүчин зүйл, ямар нэг "бантан хутгах" хэрэгтэй болсон юм. 

 

Түүнээс гадна, Армени манай руу ээлжит халдлагаа хийхээс хоёр хоногийн өмнө Арменийн гол сөрөг хүчний намын тэргүүнийг баривчилсан, өөрөөр хэлбэл Пашиняны дарангуйллын дэглэм улс дотроо сөрөг хүчнээ цэвэрлэж, одоо Азербайжаны ард түмний эсрэг түрэмгийлж байна.

 

-Таны байр суурийг ойлголоо, гүнээ талархъя. Яг одоо фронт дээр Сириэс ирсэн дайчид байгаа гэх мэдээлэлд тодруулга өгнө үү? 

 

- Энэ бол ээлжит хуурамч мэдээлэл, Сириэс ирсэн ямар ч дайчид тэнд байхгүй. Ямар ч гэрч, ямар ч нотлох баримт байхгүй. Мөн л Арменийн талаас гаргасан суртал ухуулга, үүнийг нь янз бүрийн сайт, хэвлэлүүд тараасаар байна. Ингэх хэрэггүй л байгаа юм. Азербайжан бэлтгэл сайтай армитай, мөн дайчилгааны нөөц асар ихтэй. Өчигдөр би хэсэгчилсэн дайчилгаа зарласан, олон мянган бэлтгэл хүчийг зэвсэг барихыг уриалж байгаа юм. Хоёр сая хүн амтай Арменийн эсрэг 10 сая хүн амтай Азербайжан зогсоход хүн хүчний хомстол огт алга. Бид өөрсдийнхөө төлөө зогсож, түрэмгийлэгчийг дахин манай тал руу харах ч хүчгүй болгон шийтгэх чадвар бидэнд бий. 

 

Армени, Азербайжаны мөргөлдөөн Төв Азид сөргөөр нөлөөлж болзошгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
армени:
Арменийн Ерөнхийлөгч Ильхам Алиев гэчихсэн бна, орк сэтгүүлч нь. бушуухан засаач ээ
2020-09-30
Teneg setguulch:
Armenii erunhuulegch Armenaa buruutgajee
2020-09-30