Никол Пашинян: Турк Уулын Карабах дахь сөргөлдөөнд татагдан оролцох шалтаг хайж байна
2020-09-30

Есдүгээр сарын 27-ны өдөр Уулын Карабахд нөхцөл байдал хурцдаж, энэ нутаг дэвсгэр дээр тулаан идэвхтэй өрнөж байна. Сөргөлдөгч талууд болох Азербайжан болон Арменийн нутаг дэвсгэрт дайны байдал тогтоож, дайчилгаа зарласан юм. Энэ нөхцөлд талууд ямар байр суурьтай байгаа талаар Оросын "Россия 1" телевизийн суваг Азербайжан болон Арменийн удирдлагуудтай ярилцжээ. Өмнө нь бид Ильхам Алиевийн ярилцлагыг товчлон хүргэсэн бол энэ удаад Арменийн Ерөнхий сайдПашиняны ярилцлагыг нийтлэж байна. 

 

- Арменийн Ерөнхий сайд Никол Пашинянтай холбогдлоо. Та бидэнд яг одоо юу болж байгаа талаар тайлбар өгнө үү?


- Өнөө өглөөнөөс эхлэн Азербайжан Арменийн нутаг дэвсгэрийг бөмбөгдөж эхэллээ. Харин үүнээс өмнө, есдүгээр сарын 27-ны өдөр Азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабахын эсрэг өргөн цар хүрээтэй цэргийн түрэмгийлэл явуулсан бөгөөд гурав дахь өдрөө артиллер зэргийг ашиглан суурин газруудыг бөмбөгдөж байна. Харамсалтай нь цэргийнхэн төдийгүй энгийн иргэд ч үүний улмаас амь хохирлоо. 

 

Турк улс энэ явцад бодитоор татагдан оролцсон гэдгийг онцолж байна. Бидэнд ирсэн үнэн бодит мэдээллээр цэргийн зааварлагчид болон өндөр тушаалын цэргийн алба хаагчид одоо Азербайжаны командлалын хэсгүүд байгаагийн дээр зарим газарт цэргийн ажиллагааг ч удирдаж байгаа юм. 

 

Түүнчлэн, өөр нэг чухал зүйл нь, Турк улс Сирийн нутаг дэвсгэр дээрх хөлсний цэргүүдийг Уулын Карабах, Арменийн эсрэг дайнд оролцуулахаар уриалж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Мөн Азербайжаны суурин газруудад эдгээр хөлсний цэргүүд суурингуудад шариатын хууль тогтоохоор оролдож байгаагийн улмаас тэд болон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн гарсан гэх мэдээлэл ч байна. Тэд дэлгүүрүүд рүү орон согтууруулах ундаа худалдахаа зогсоохыг шаардах зэргээр зүй бус үйлдэл хийж байгаа талаарх мэдээлэл ирсэн.

 

- Туркийн F-6 онгоц Арменийн Агаарын цэргийн хүчний Су-25 онгоцуудыг сөнөөсөн гэсэн мэдээлэл гарсан. Үүний улмаас нисэгч амиа алдсан гэх мэдээллийг Арменийн Батлан хамгаалах яамны эх сурвалжтай гэж цацаж байна. Та энэ талаар мэдэж байгаа юу? 

- Энэ бол баримт, миний ярьж байсан зүйлийн өөр нэг баталгаа. Армени болон Уулын Карабахын арменичууд одоо Туркийн аюул занал дор оршиж байгааг та бүхэн харж байна. Бидний авсан мэдээллээр Турк улс энэ сөргөлдөөнд илүү өргөн цар хүрээтэйгээр татагдан оролцож, Турк, Армени, Ирантай хиллэдэг Нахичевань руу цэргээ оруулахын тулд шалтаг хайж байгаа юм.

 

Мөн Туркийн армийн зарим хэсэг хэдийнэ ороод ирчихсэн гэх мэдээлэл ч бий. Ер нь үүнийг нууцлаад байх ч шаардлагагүй, наймдугаар сараас л эхлэн Туркийн цэргүүд Азербайжанд байрлаж байгаагийн дээр тэд хамтарсан цэргийн сургуулилат хийсэн, мөн энэ дайн тэрхүү сургуулилалтын үргэлжлэл болсон. 

 

Ийм нөхцөлд хэлэлцээний ямар хэлбэр үр дүнтэй байх бол? 

- Хэлэлцээний явц эхэлсэн тэр газраасаа үргэлжлэх ёстой. Энэ бол Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны Минскийн бүлэг юм.

 

Тодорхой хэлэлцээнүүдийн тухайд гэвэл зохих уур амьсгал байх ёстой. Байлдааны ажиллагаа явагдаж байгаа нөхцөлд хэлэлцээ, ялангуяа хэлэлцээний агуулгын талаар ярихад нэн хүндрэллтэй. Юун түрүүнд хүчирхийллийг зогсоох ёстой. Уулын Карабахын асуудлыг цэргийн ажиллагаагаар шийдэхгүй гэдгийг Азербайжан хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ дайн оргүй хоосноос эхлээгүй шүү дээ. Урт хугацааны туршид Азербайжаны Засгийн газар арменичуудын эсрэг суртал ухуулга хийж, олон улсын уриалгыг үл хайхран Уулын Карабахын асуудлыг цэргийн замаар шийдэх гэж байна. 

 

Энхийн, хэлэлцээрийн замаар л сөргөлдөөнийг шийдвэрлэнэ. Аливаа шийдвэр нь зөвхөн Азербайжанд төдийгүй Армени, Уулын Карабахын хувьд ч зөв зүйтэй шийдвэр байх ёстой... Харамсалтай нь Азербайжаны Засгийн газар гагцхүү өөрийн талд нийцтэй шийдвэр гаргахаар хичээж байна. Энэ боломжгүй. Харилцан буулт хийж, ийм буулт хийхэд уур амьсгал хэрэгтэй. Азербайжан Уулын Карабахын эсрэг түрэмгийллээ нэн даруй зогсоох ёстой. Учир нь тэд үүнийг эхэлсэн. Энэ ажиллагаа Туркийн Зэвсэгт хүчинтэй хамтарсан цэргийн сургуулилалт хийх үеэр л төлөвлөгдсөн гэдэгт эргэлзээ алга. 

 

Ильхам Алиев: Турк сөргөлдөөнд татагдан оролцоогүй, тийм шаардлага ч байхгүй

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин