ВВС: Карабахд хөлсний цэргүүд сарын 2000 доллараар дайтаж байна
2020-10-01 12:52

Есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тулаан өрнөж байгаа Уулын Карабахд Сирийн хойд хэсэг дэх Туркийн дэмжлэгтэй Идллиб, Африн зэрэг газруудаас хөлсний дайчид ирэн тулалдаж байгаа гэнэ. Энэ талаар Британийн ВВС агентлаг болон Европын өөр хэд хэдэн эх сурвалжууд мэдээлжээ. 

 

Тодруулбал, туркийн нэгэн фирм Азербайжаны хил болон стратегийн газрын тосны объектуудыг хамгаалуулахаар Уулын Карабах руу явах сайн дурынхныг Идлибээс илгээж байгаа гэнэ. 

 

Арменийн тал мэдэгдэл хийхдээ Турк улс Сириэс Азербайжан руу 4000 орчим хөлсний цэрэг илгээсэн гэж онцолсон. Харин үүний хариуд Азербайжаны Батлан хамгаалах яам мөн л нөгөө талаа буруутган, Арменийн талд "Сири болон Ойрх Дорнодын бусад орнуудаас ирсэн хүмүүс дайтаж байна" хэмээн мэдэгдэж байв. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, сэтгүүлчид Карабахаас үнэхээр Сирийн хөлсний цэргүүдийг олж чадсан гэнэ. Олон зуун хөлсний цэрэг Туркийн хяналтад байх Сирийн нутаг дэвсгэрээс Карабахын тулалдаан эхлэхийн өмнөхөн Азербайжаныг зорьжээ. Эдгээр отрядууд ч байлдааны хохирол амссан байна. ВВС агентлаг нэгэн хөлсний цэргээс ярилцлага авснаа дамжуулсан бөгөөд гэхдээ түүний яриаг батлах боломж одоогоор байхгүй хэмээн онцолсон байна.

 

ВВС агентлагт ярилцлага өгсөн Абдулла /нэрийг нь өөрчилсөн/ гэх Сирийн иргэн Туркийн хяналтад байдаг Сирийн нутаг дэвсгэрээс 17-30 насны олон зуун эр Азербайжанд ирсэн гэж ярьжээ. Есдүгээр сарын 23-ны лхагва гаригт буюу мөргөлдөөн эхлэхээс дөрөв хоногийн өмнө тэднийг онгоцоор Азербайжанд авчирч, мөргөлдөөний шугмын ойролцоохон буулгасан байна.

 

"Өнгөрсөн долоо хоногт, Сирийн үндэсний армийн Хамза дивизийн командлагч Саиф абу Бакр биднийг Азербайжан руу явж, сарын 2000 доллар хүртэлх шантайгаар хил дээрх цэргийн постуудыг хамгаалахыг санал болгосон. Бид энд ирээд дайтна гэж огт мэдээгүй!" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, есдүгээр сарын 27-ны өдөр тэднийг тэргүүн шугам руу оруулж, улмаар тэдэнрүү гал нээсний улмаас дөрвөн хүн алагдсан байна. Харин тэднийг байрлуулсан бааз дээр Сириэс ирсэн 10 хүний цогцос, 70 орчим шархадсан хүн байхыг харсан гэж Абдулла ярьжээ. 

 

Азербайжанд ирсэн дайчдын ихэнх нь Асадтай дайтаад хат суусан эрчүүд биш харин гүйцэт бэлтгэгдээгүй шинэ цэргүүд бөгөөд байлдааны эхний хохирол гармагц л гэртээ харихыг гуйсан гэнэ. Гэсэн ч тэд харьж болохгүй, буцвал шоронд суулгана гэж сүрдүүлсэн турхй Абдулла ВВС агентлагт ярьсан байна.

 

Хичнээн дайчин Азербайжаныг зорив? 

Туркийн дэмжлэгтэй "Сирийн үндэсний арми" дахь эх сурвалж ВВС агентлагийн Туркийн албанд мэдээлэхдээ Карабах руу сайн дураар явахаар 1000 орчим хүн бүртгүүлсний дотор "Султан-Мурадын бригад", "Хамзагийн бригад"-ын хүмүүс багтаж байгаа гэнэ. Тэднээс 250 хүнийг цэргийн тээврийн онгоцоор Азербайжан руу илгээжээ. Харин Сирийн үндэсний арми, Турк, Азербайжан Карабах руу Сирийн хөлсний цэргүүдийг илгээсэн гэх мэдээллийг албан ёсоор няцааж, энэ нь "Арменийн суртал ухуулга" хэмээн мэдэгдэж байгаа юм.

 

Турк улс Азербайжан руу Сирийн хөлсний цэргүүдийг илгээж байгаа гэх мэдээллийг сүүлийн өдрүүдэд Европын олон хэвлэл дамжуулж байгаа. Эдгээр нийтлэлүүд хөлсний цэргүүдийн яриан дээр тулгуурласан байх бөгөөд гэхдээ энэ мэдээллийг батлах хөндлөнгийн баталгаа байхгүй гэж ВВС онцолжээ. 

 

Францын L'Express улс төрийн мэдээллийн сэтгүүлд, Сирийн хойд хэсгээс 1000 орчим дайчныг хөлслөн, есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн онгоцоор Азербайжан руу илгээж байгаа талаар мэдээлж байлаа. Харин Британийн The Guardian сонин Азербайжанд ирсэн гэх Сирийн гурван дайчнаас ярилцлага авчээ. Тэдний өгүүлснээр, дайчдыг Азербайжанд ажиллуулна хэмээн Туркийн нэгэн хамгаалалтын компани есдүгээр сарын 13-нд ажил санал болгосон байна. Тэднийг Азербайжанд очоод тулалдахгүй, гагцхүү газрын тос хийн объектууд, ажиглалтын постуудыг хамгаалж, сард 1300 доллар хүртэлх хэмжээний мөнгө олох боломжтой гэж итгүүлсэн гэнэ. 

 

The Times "Сирийн үндэсний арми"-ийн дайчин Махмуд аль-Суранигаас ярилцлага авсан байна. Түүний өгүүлснээр 200 орчим дайчин Азербайжаны талд Карабахд дайтаж байгаа гэнэ.

 

"Туркууд хэнийг ч албадаагүй. Гэхдээ туркууд Сирийн тэрхүү бүс нутгийг хянадаг, тэнд хүмүүс хагас өлсгөлөнгийн байдалтай амь зуудаг юм. Тиймээс л мөнгөөр гачигдаж байдаг залуус болон өрхийн тэргүүнүүдийг элсүүлсэн " хэмээн Махмуд аль-Сурани өгүүлсэн байна.

 

Мөн тэднийг ар талд объект хамгаалахын зэрэгцээ тэргүүн шугаманд ч байлдана гэдгийг хэлсэн хэмээжээ. 

 

Уулын Карабах: ОХУ сөргөлдөөний бүс рүү цэнхэр дуулгатнуудыг илгээх үү?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яасан хямд амь бэ өрөвдөлтэй юм тиймхэн мөнгөний төлөө
2020-10-05