Уулын Карабах: ОХУ сөргөлдөөний бүс рүү цэнхэр дуулгатнуудыг илгээх үү?
2020-10-01

Уулын Карабах дахь Армени, Азербайжаны мөргөлдөөн есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үргэлжилж, энэ бүс нутаг дахин халуун цэг болоод байна. 

 

Есдүгээр сарын 30-ны өдөр Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ Уулын Карабахд сөргөлдөөн эхэлснээс хойш Арменийн 2300 орчим цэрэг амиа алдаж, шархадсан хэмээсэн бол Арменийн тал Азербайжан өөрийнхөө хохирлын хэмжээг эсрэг талынхаа мэт мэдээлсэн гэж мэдэгдсэн байна. Сөргөлдөөний бүсэд тулаан үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр энгийн иргэд ч амиа алдсан талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. 

 

Энэ зуур бусад улс орнууд ч хоёр талыг асуудлаа энхийн замаар шийдвэрлэхийг уриалсаар байна. Зөвхөн уриалга төдийгүй бодит саналуудыг ч тавьж эхэлжээ. Тухайлбал, Гүрж улс сөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээг Тбилиси хотноо зохион байгуулахыг санал болгожээ. "Энэ бүс нутагт аль болох хурдан хугацаанд энх тайван тогтох нь бидний нийтлэг ашиг сонирхолд нийцнэ" хэмээн Гүржийн Ерөнхий сайд Георгий Гахария мэдэгдсэн байна.

 

Өмнө нь Орос зэрэг хэд хэдэн улс уриалга гаргаж байсан ч улс орнууд ийнхүү уриалга гаргах нь утгагүй хэрэг хэмээн Азербайжан мэдэгдсэн байна.

"Аль нэг талаас хэлэлцээнд уриалах нь зохисгүй. Үүнийг олон улсын байгууллага, НҮБ хийдэг, бид ийм тохиолдолд мэдээж хүлээж авна, мөн үүнийг Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага хийдэг, учир нь тэдэнд эрх нь бий. Харин "хэлэлцээ эхэл, харин бид тусалъя" гэж зүгээр л яриад байгаа талууд инэгх шаардлагагүй. Одоо үнэний мөч ирээд байна" хэмээн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев.  мэдэгджээ. Түүний өгүүлснээр, олон улс Арменийн Засгийн газрыг Карабахаас цэргээ гаргахыг ятгаж чадахгүй бол "Азербайжаны цэрэг тэднийг зогсоож, нутаг дэвсгэр дээрээсээ гарган, шударга ёсыг цогцлоох" гэнэ.

 

ОХУ-ын ГХЯ хөлсний цэргүүд Карабахын сөргөлдөөнд оролцож байгааг батлав 

Сөргөлдөөн эхэлснээс хойш мөргөлдөөнд Сириэс хөлсний цэргүүд ирэн дайтаж байгаа талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр хэдэнтээ гарч байлаа. Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян ч мөн Оросын "Россия 1" телевизийн сувагт ярилцлага өгөхдөө энэ талаар мэдэгдэж байв.  Уулын Карабахын сөргөлдөөнд Турк улс татагдан оролцсон бөгөөд Турк улс Сирийн нутаг дэвсгэр дээрх хөлсний цэргүүдийг Уулын Карабах, Арменийн эсрэг дайнд оролцуулахаар уриалсны дээр, Азербайжаны суурин газруудад эдгээр хөлсний цэргүүд суурингуудад хэдийнэ ирсэн гэж тэрбээр мэдэгдэж байв.

Никол Пашинян: Турк Уулын Карабах дахь сөргөлдөөнд татагдан оролцох шалтаг хайж байна

 

Ийнхүү олон мэдээлэл гарсны дараа Оросын Гадаад хэргийн яам хөлсний цэргүүд орж ирсэн талаарх мэдээллийг өчигдөр баталжээ. Тодруулбал, есдүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэл хийхдээ Сири болон Ливи улсаас Карабахын сөргөлдөөний бүс рүү дайчдыг аваачсан гэж онцолсон байна. Гэхдээ сөргөлдөөний аль тал хөлсний цэргүүдийг татсан талаарх мэдээлэл өгсөнгүй.

 

Харин сөргөлдөөний хоёр тал болох Армени, Азербайжан харилцан нэгнээ хөлсний цэргүүдийг татсан гэж буруутгаж байгаа юм. Армений тал чухамхүү Турк улс хөлсний цэргүүдийг илгээж байгаа хэмээн баталж байгаа. Орос дахь Армений элчин сайд Вардан Тоганян мэдэгдэл хийхдээ Сири улсаас Уулын Карабах руу "4000 орчим хөлсний цэрэг" илгээсэн гэж онцолж байлаа. Үүнийг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев үгүйсгэн, Турк улс гагцхүү "сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаа" хэмээн мэдэгсдэн юм. 

Ильхам Алиев: Турк сөргөлдөөнд татагдан оролцоогүй, тийм шаардлага ч байхгүй

 

Цэнхэр дуулгатнууд Карабах руу орох уу? 

 

Энэ сөргөлдөөн урлагт ч нөлөөлөв. Тодруулбал, Москвагийн кино наадмын хөтөлбөрөөс Карабахын сөргөлдөөний тухай киног хасчээ. "Диваажинд хүрэх зам" хэмээх кино наадмаас хасагдсан бөгөөд энэ кинонд 1990-ээд онд Уулын Карабахд өрнөсөн тулалдааны үйл явдлыг дамжуулж байсан фронтын зураглаачдын талаар өгүүлдэг аж. Ийнхүү киног хасах болсон нь болгоомжлох арга хэмжээ гэж наадмын зохион байгуулагчид тайлбарласан байна. "Москва болон Карабахын эргэн тойронд армени болон азербайжанчууд мөргөлдөхөөс зайлсхийхийн тулд бид энэ кино хэдий сайн ч гэлээ нийтэд үзүүлэхээс татгалзаж байна" хэмээн наадмын хөтөлбөр хариуцсан захирал Кирилл Разлогов өгүүлжээ.

 

Энэ зуур, цэнхэр дуулгатнуудыг сөргөлдөөний бүс нутаг руу илгээж болзошгүй талаар яригдаад эхэлжээ. Уулын Карабахын сөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд ""Оросоос өөр орны эсвэл Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орныхоос өөр ямар ч энхийг сахиулагчдыг татан оролцуулах шаардлагагүй" гэж Төрийн Думын олон улсын харилцааны хорооны нэгдүгээр орлогч Дмитрий Новиков мэдэгджээ.

 

Түүнчлэн ОХУ хоёр орны хоорондын нөхцөл байдлыг зохицуулах сонирхолтой байгаагийн дээр шаардлагатай бол энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож болзошгүй хэмээн тэрбээр мэдэгджээ. 

 

Мөн ОХУ-ын Төрийн думын Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн орлогч дарга Виктор Водолацкий ч мөн сөргөлдөөнийг "энхийг сахиулагчдын тусламжтайгаар " шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн байна. Тэрбээр Приднестрийн туршлагаар сөргөлдөөнийг зохицуулах нь хамгийн боломжит хувилбар гэж үзэж байгаа бөгөөд "Приднестр рүү Оросын энхийг сахиулах хүчийг оруулсны дараа л мөргөлдөөн тэр доро зогсож, энгийн тайван амьдрал эхэлсэн" хэмээн мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зул наранхүү:
Энэ дайныг даруйхан зогсоох хэрэгтэй
2020-10-02