АВТОБУС №48: “Санаад байвал хүрээд ирээрэй”
2020-10-02

Баасан гарагийн мэнд. Ирж буцдаг энэ л намарт эрхгүй санаашрах л ёстой мэт албаар хэдэн буудал алхаарай. Ингэж алхах, тэгж санаашрах зав чөлөөг өвөл бидэнд ахиад олгоо ч уу үгүй ч үү. Зав л олдвол бодолдоо сайхныг зурж заримдаа шалтгаангүй гуниглачихад ч гэмгүй. Ингээд их хотын амьдрал дундаас цуглуулсан хэтийдсэн жаргал үгүй, хэцүүдсэн зовлон ч ихгүй өөр нэгэн тэмдэглэл эхэлж байна. Таалан болгооно уу.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

 

Үдэш 21.00 цагийн орчимд харьж яваа нэг эмээ. Таних танихгүй хамаагүй хавь ойрынхондоо хөдөөний хүний зангаар хамаг л амьдралаа ярьж явна. Баянхонгороос ач, зээгээ харж, сургууль цэцэрлэгт зөөх асар чухал хариуцлага үүрсээр эмээ энэ намар хотод хөл тавьжээ. Гэхдээ эмээ төв газарт идээших янзгүй л байгаа бололтой, дур муутайхан явна аа.

 

Баянхошуунд байх хүүхдийнхээ сургуулийн сурагч хоёрыг өглөө хичээлд нь хүргэж өгөөд цааш дахин автобус сэлгэж суугаад III-VI хороолол орж өөр нэг охинындоо очиж дахин хоёр хүүхэд харж өдөр өнждөг. Аав, ээж нь ажлаас ирэнгүүт үдшийн бүрийгээр ийн Баянхошуу руу буцдаг гэнэ. Ойролцоох насны эмэгтэйд ийн учирлаж, өнөөх хотын эгч “Хөөрхий та тэгвэл их ядардаг байх даа” гэж эмээгийн ярианд өр зөөлөн өнгө нэмж явлаа.

 

Эмээ: Хүүхэд харна гэдэг чинь хэцүү ажил юм. Нэгийг нь үүрээд, нөгөөг нь хөтлөөд л өглөө сургуульд нь хүргэдэг юм. Хүүхдүүд унаатай ч өөрсдөө ажилдаа унаад явчихна. Цуг суугаад явъя гэхээр өглөө арай эрт сургууль дээр нь оччихоод хий сэлгүүцэх гэж бас хэцүү.

 

Эгч: Орой бас та авах уу?

 

Эмээ: Үгүй, үгүй. Оройдоо аав, ээж нь өөрсдөө зохицуулаад байдаг юм. Би чинь тэр хоёрыг хүргэж өгчихөөд дахиад хоёрыг ирж хардаг болохоор тэр хоёрыг авч амжихгүй. Хүүхэд харах чинь мал маллахаас хэцүү санагдаад байгаа. Мал бол яах вэ, чоно нохой л барьчихгүй бол явж байгаад ирнэ. Хүүхэд чинь нэг зүгээр байхгүй. Хараа салгахгүй л байхгүй бол машин доогуур гүйгээд орчих гээд их хэцүү. Ээ хот газрын хөдөлгөөн ихтэйг хэлэх үү. Хүүхдээ гэмтээчихвэл одоо яах юм болж байна. Айгаад байдаг юм.

 

Эгч: Та аль нутгийнх вэ?

 

Эмээ: Би Баянхонгор аймгийнх. Энэ зун манай нутагт зуншлага тааруу байлаа. Мал тарга, тэвээрэг муу авсан. Энэ жил айхтар өвөл болно гэж яриад байгаа. Хэдэн мал минь гайгүй байгаа даа. Хүүхэд харахын хажуугаар хэдэн малдаа бас санаа зовж суух юм, хэхэ.

 

Эмээгийн утас дуугарав.

 

-Байна уу. Энэ одоо хаана яваа юм бэ. Аан Хөтөл гэнэ. Буух арай болоогүй байна. Гэхдээ та хоёр гараад буудал дээр ирж бай. Гар чийдэн тусгаад болгоомжтой яваарай, нохойд уруулчихав. Хамар хашааны өнөө муу саглагар дайрах вий, чулуу барьж яваарай...

 

Үргэлж үр хүүхэддээ санаа зовниж нэгнийхээс нөгөө рүү, нөгөөгөөс нэгнийх рүү автобуснаас автобус дамжин ач, зээгээ хүргэсээр, авсаар, зөөсөөр яваа эмээгийн хүүхдүүдэд цагаахан атаархав. Ээжтэй хүн энэ дэлхийн хамгийн баян гэдэг үг эрхгүй толгой тогшино. Ээж минь хааяа аавтай сүрхий муудхаараа “Чамайг хаяад би хүүхдүүд дээрээ очиж амьдарна. Чамтай хэрэлдэж суухаар хэдэн жаахныгаа сургууль, цэцэрлэгт нь зөөгөөд л ёстой жаргана” гэж ширэв татаж суудагсан.

 

Нээрэн л ээж, аавуудад ач, зээгээ “тойглож” суух л дээдийн жаргал мэт санагддаг шиг байгаа юм. Энэ эмээгийн “Хүүхэд харах мал хариулахаас хэцүү” гэсэн үгнийх нь цаана үр хүүхэд, ач зээгээ гэсэн асар их хайр, хариуцлага. Гэмтэх вий, бэртэх вий гэх болгоомжлол, өвдөг шалбалсан чулууны өмнөөс өөрийгөө зэмлэх тийм их сэтгэл яваа нь илт. Ижий, аавтайгаа байхдаа хүн их л тэнэг байдаг юм гэсэн. Тэнэгтлээ тэнэгтлээ ч тэднийгээ л гомдоож болохгүй юм шүү...

 

Tulgaa skizz artist хуудаснаас ашиглав

 

Өнөө өглөө /2020.10.02/ Баруунсалаа-Халдвартын автобусанд сууж давхиулсаар Драгон хүрээд буулаа. Намрын намар энэ авто вокзал дээр “Автобусанд ангарайтаж явж байгаад хамаг юмаа суйлуулав” гэх амь халуун захиас. Ижийгээ дагаад нутаг буцмаар санагдаад болохгүй л байгаа бололтой баахан урамгүй царай олон. Хотод сэтгэл дасах шинжгүй, хөрслөг бор охин нялх хүүхэд шиг л ижийгээ “хормойдож” зогсоно. Хумсаа оролдоно. Хий нусаа татна. “Хөвсгөл” гэсэн хаяг наасан автобусны хажууд ээж, охин хоёр зогсоод л байх.

 

Уртаа гэзгээ сүлжсэн, үүргэвч сугавчилсан эмэгтэй:

 

-Юунд урвайдаг юм. Эрт гэртээ хариад Нараа эгчдээ тусалж байгаарай. Хоол, ундны мөнгөгүй болвол Нараа эгчдээ хэлээд авч бай. Цаадах чинь өгнө шүү дээ. Ээж нь тэгж байгаад буцаагаад өгчихөж байна, за юу. Оюутан хүнд мөнгө хэрэгтэй. Мөнгөө сайн жоорлож байгаарай. Битгий байгаагийн зоргоор үрээрэй. За тэгээд ярьж байна биз. Ээж нь явлаа. Уйлах гээд байгаа юм уу даа. Алив ээж нь үнсье. Гэрээ санаад байвал хүрээд л ирэхгүй юу” гээд охиныхоо духыг үнэрлээд автобусандаа суулаа.

 

Охин өнөөх л хэвээр шорхийтэл нусаа татаад эргэн тойрноо сэм ажиглаад чийгтсэн нүдээ гялс арччихаад ээж өөдөө гар даллаад үдэв. “Ингээд үлдэх ч эвгүй шүү. Гэхдээ зүгээр дээ. Удахгүй хотод дасчихна, учраа олчихно, хэхэ” гэж сэтгэлийг нь засах санаатай яриа дэлгэхэд охин ичингүйрсэн байдалтай инээмсэглэчихээд цааш одлоо.

 

Сүхбаатарын талбайгаас өөр баримжаагүй. Суудаг ганцхан чиглэлийн автобустай. Ингээд л их хотод анх хөл тавихад ганцаардахыг яана. Хичээлээ таслаад ч хамаагүй хөдөө л явмаар санагдаад догдлохыг яана. Харин дөрвөн жилийн ард өнөөдөр уйлаад үлдсэн охин хэдий нь “хотын хүн” болчихсон “Ээж, тэгж байгаад нэг очно оо” хэмээн утсаар ярьж хаа нэг тийш яарч алхана даа. 

 

Гар утас нь, түүнд залгасан чихэвч нь, сэтгэлдээ тээсэн мөрөөдөл, ирээдүйд тэмүүлсэн хүсэл нь ч цоо шинэхэн оюутнууд их хотод минь өнгө нэмсэн ийм нэгэн намраас цуглуулсан тэмдэглэлээ энд хүргээд дуусгаж байна. Ирэх баасан гарагт эргэн уулзъя. Түр баяртай.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
ҮНЭН:
ЭНЭ НЭГ ХУДЛАА ЮМ БИЧДЭГЭЭ БОЛИОЧЭЭ. ӨМНӨӨС НЬ ИЧЭЭД БАЙХ ЮМ.
2020-10-04
bichigch:
Sonsoogvie zohiogood bichdeg um
2020-10-03
basca feiza:
сайн байцгаана уу? Оюутны 4 жил болоод л #хотын хүн болчихдог#, сургуулиа дүүргээд яаж ч байсан хамаагүй хотод үлдээд л #хотын хүн болчихдог# амар юм болох нь шив.
2020-10-03
Хүний яриаг нууцаар сонсох, сонссоноо түмэнд түгээх ч олигтой хүний шинж яав ч биш. Ховч хүн 2 үзүүртэй зүү гэдэг юм даа
2020-10-02