Цагаан ордон дахь COVID-19: Ерөнхийлөгчийн зөвлөх халдвар авчээ

img

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь ихээхэн шуугиан тарьсан. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт COVID-19-ийн халдвар авсан талаараа Твиттер хуудсаараа зарлаж, улмаар бямба гарагт цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 10 дугаар сарын тавны өдөр эмнэлгээс гарч, Цагаан ордонд ирсэн юм. Одоо тэрбээр Цагаан ордонд эмчлүүлэхийн дээр ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж. 

 

Цагаан ордонд Трампын гэргий, тэргүүн хатагтай Мелания Трамп мөн коронавирусийн халдвартайгаар тусгаарлагдаж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Стивен Миллер шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Ингэснээр, Цагаан ордон дахь халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ. Өмнө нь түүний эхнэр, АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кэти Миллерээс коронавирус илэрсэн бол дараа нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен болон Цагаан ордны хэвлэлийнхэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж байсан юм.

 

Түүнчлэн сүүлийн өдрүүдэд, Дональд Трампын ойрын хүрээллийнхэн дунд халдвар илэрсэн. Тухайлбал, Трампын зөвлөх асан Кэллиэнн Конуэй, Бүгд найрамдах намын гурван сенатч, Бүгд найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронна Макдэниел, Трампын сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, түүний хувийн туслах Ника Луна, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кейли Макинэни болон түүний дөрвөн орлогчоос COVID-19 илэрч байв.

 

Трамп ордондоо эргэн ирэв

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ