Киргизийн үймээн: Сонгуулийн дүнг хүчингүй болгов
2020-10-07

Киргизийн Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал үймээн гарсны дараа сонгуулийн дүнг хүчингүйд тооцохоор болжээ. Энэ талаар Киргизийн Сонгуулийн төв хорооны хэвлэлийн алба мэдэгдсэн талаар ТАСС агентлаг дамжууллаа. 

 

"Энэ сонгуулиар бид ард түмний итгэлийг алдлаа. Тиймээс хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ шилжүүлэх нь хамгийн зөв хувилбар гэж үзэж байна" хэмээн Киргизийн Сонгуулийн төв хорооны гишүүн Гульнара Журабаева мэдэгдсэн байна.

 

Киргизд 10 дугаар сарын тавны өдөр Парламентын сонгуулийн дүнг зарласны дараа Бишкек хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн юм. Улмаар жагсагчид Засгийн газрын ордныг эзлэн авч, хорих анги руу дайран тэнд хоригдож байсан Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг сулласан. Мөн эсэргүүцэгчид дахин сонгууль явуулахыг шаардаж байлаа. 

 

Хууль сахиулагчид эсэргүүцэгчдийг тараахаар гэрэлт дуут гранат, усан буу ашигласан бол жагсагчид тэдний өөдөөс чулуу нүүлгэн, хоёр талын хооронд мөргөлдөөн гарсан байна. Мөргөлдөөний үеэр 590 хүн гэмтэж бэртэн, нэг хүн нас баржээ. Үүний дараа Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хууль сахиулагчдыг ямар ч тохиолдолд гал нээхийг хориглосон байна. 

Киргизд эргэлт гарч, Атамбаевыг суллав 

Киргизийн үймээн: 20 жилд хоёр хувьсгал туулсан Киргиз

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин