АВТОБУС №49: "Ерээд он эргээд иржээ"
2020-10-09

Баасан гарагийн мэнд. Өглөө цэцэрлэг, сургуулийн цагтай уралдан гэрээсээ гарч бутраад үдэшдээ өглөө тараасан хэдийгээ буцаан цуглуулж хариад порхийтэл хоол буцалгаж, шорхийтэл сороод шалавхан унтаж амрахын түүс л явна уу. Ажил, амьдрал хоёрыг амжуулсхийгээд гэнэ гэнэхэн нөхдөөс сэм сэмхэн “Орой яах юм” гээд асуучихад өнөөдөр тун гэмгүй. Оршлоо орхиж өнөөдрийн автобус тэмдэглэлээ эхлүүлж байна.

 

Өмнөхийг ЭНДЭЭС

 

 

Өнөөдөр өглөө /2020.10.09/ Зүүнсалаа-МУБИС чиглэлийн автобусанд 112-ын буудлаас суулаа. Автобус пиг. Ард зогссон настан “90-ээд он эргээд иржээ. Тэр үед л ингэж чихцэлддэг байсан даа” гэж бүх хүн дунд бүүр түүрхэн халаглачихаад чимээгүй болов. “Ерөн он гэхээр 30-аад жилийн дараа манай нийтийн тээврийн хөгжил яг хэвэндээ байгаа хэрэг үү” гэх хариултгүй асуулт толгойд бууж явлаа.

 

"Эцэг эхийн хурал болохоор мөнгө хураадаг юм уу"

 

Хоёр настнуудыг саяхнаас цэцэрлэгт бүртгэж авав. Манай найз, хоёр настны ээж над руу зурвас илгээж аминчхан зүйл сураглаж байна.

 

Найз /н/: Хүүе, найзаа. Маргааш манай хүүхдийн цэцэрлэгийн багш эцэг, эхийн хурал зарласан. Анхны эцэг эхийн хуралд дуудагдсан. Хүмүүс хэдэн төгрөг нэхэх юм бол доо гэцгээгээд байх юм. Эцэг эхийн хурал болохоор мөнгө нэхдэг юм уу?

 

Түмний нэг /Т/: Ингээд л амьдрал эхэлнэ дээ найз минь. Ер нь гудасны өнгөө ижилсүүлэхээс эхэлнэ. Багш “Би мөнгө хураахгүй. Та нар яг одоо ярилцаж байгаад эцэг эхийн зөвлөлөө сонго” гэнэ. Тэд цаашид багшийн “баруун гар” болох учиртай тул хэдэн сайхан идэвхитэй эгч нар өөрсдөө л өндөлзөөд ирнэ шүү дээ, хэхэ.

 

Н: Өндөлзөж байгаад зөвлөлд нь орно оо, хэхэ. Тэгээд хэдэн орчим төгрөг хураах уу?

 

Т: Хэд ч байж магад. Эцэг, эхийн хурал дээр хэн ч “Их мөнгө хураалаа” гэж ам нээхгүй. Энд л жинхэнэ өнөөх хэний ч дор орохгүй гэх Монгол хүний мөнхийн зан чанар цухалзана. “Одоо өгчих үү” гэж зарим нь цүнхээ уудлаад л. Өөр бусад нь “Өгнө өгнө, арай бага юм биш үү, юу авч хүрдэг юм” гэж үнэ хаялцана. Багш тэндээс “Би мөнгө төгрөг хураахад огт оролцохгүй шүү. Та хэд өөрсдөө л ярилцаад шийд, тийн тийн” гэж алтан дундаж байр суурьтай хуралд оролцоно.

 

Н: Бүр нүдэнд харагдчихлаа. Ээж бас нэг иймэрхүү л юм ярьсан. Багш нь “Ингэмээр байна, тэгмээр байна” гээд зөндөө юм ярьж байснаа тэгээд та хэд өөрсдөө ярилцацгаа гэдэг гэсэн. Чи яаж суудаг бол доо. Багшийн баруун гар болчихсон “Арай бага юм биш үү” гээд сууж байдаг уу айн, хэхэ

 

Т: Үгүй үгүй. Эгч нар ер нь юм ярих чөлөө өгдөггүй юм. “Чи нааш ир, манай баг шүү. Гудасны өнгөө хэдүүлээ метрийн даавуу худалдаж аваад ижилсүүлье. Хэн зах явах уу, хаанаас авах уу хэн мөнгө хураах уу” гэж идэвх зүтгэлтэй нэг эгч өөрөө асуугаад өөрөө хариулаад өөрөө зах явахаар болоод өөрөө мөнгөө хураахаар болоод л хурал дуусдаг даа.

 

Н: Хөгжилтэй юм бэ.

 

Т: Чи тэгээд хичээл, зүтгэлтэй хуралдаа оролцоод багшийн “баруун гар” болоорой.

 

Хаа газрын эцэг, эхийн хурал ийм л өнгө, төрхтэй болж өндөрлөдөг, тийм ээ. Гэхдээ ангиа тохижуулж, хүүхдүүдээ тав тухтай байлгах гэсэн багш хүний л хүсэл болохоос хаа очиж хувьдаа завших гэсэн санаа байдаггүй юм аа. Цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийг хүндэлж биширмээр шүү.  

 

“Багшаа би шээе” гэж гурван нас хүрэхэд хэдхэн сар дутуу өөрийгөө илэрхийлэх чадвар нь арай дөнгүүр нэгэн нь хэлвэл бусад нь түүнийг дуурайн “ишш ишш” гэсээр ариун цэврийн өрөө рүү зэрэг гүйлдчихнэ. “Өнөөдүүл чинь одоо бужигнуулж байгаа” гээд багш нь ухасхийн араас нь босвол хэдий нь ус гоожуулж шавхай тарьчихсан зогсож байх.

 

Охид суултуураа булаацалдан уйлах бол хөвгүүд харин хөөрхөн шөмбөгөр боожгойгоо гаргаад нэг суултуур тойрч зогсоод гурвуул зэрэг бие засчихаж байна. Зарим хүүхэд өмдөө тайлаад бие засчихна. Буцаагаад татчихаж ч чадаж байна. Өмдөө тайлж чадахгүй үргэлж багшийгаа царайчлах хүүхдүүд ч байх аж. Тэднийг багш нь бие засуулж, гарыг нь угаалгана. Энэ байдлаар 25 хүүхдийг арчлаад нэгийг нь хөтөлж, нөгөөг нь аргадан дуудсаар арай гэж анги руу нь оруулна.

 

Тэгтэл төд удалгүй дахиад л хэн нэгэн нь “Багшаа би шээе” гэхэд бусад нь би би гээд л гарч гүйх...Ингэж багш хүүхдүүдтэйгээ хөөцөлдсөөр амсхийх ч завгүй өдрийг өнгөрөөх юм билээ.

 

"Элбэгдоржийн Эрдэнэ ээ, Энхбаярын Батшугар аа, хамтдаа автобусанд сууж хот тойръё"

 

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эд өрнөж нэр дэвшигчид айл айлын хаалга тогшиж, гудамжинд инээд алдаад танилцуулгаа тарааж зогсоно. Элбэгдоржийн Эрдэнэ ээ, Энхбаярын Батшугар аа. Үе үеийн Ерөнхийлөгчийн хүү болохоор тань, үнэндээ амьдрал мэдмээр л байгаа бололтой анх удаа “гудманд” гарч ирсэн тул Сансараас Баруунсалаанд аль эсвэл "Мангасын ам"-ны хойд араас Зүүнсалаанд суугаад эцсийн буудал дээр нь хүрээд ир. Тэгээд алслагдсан гэр хорооллын аль нэг айлд орж аяга цай уугаад гараач гэж хүсмээр байна. Ер гурвуулаа автобусанд сууж хот тойрсон ч болж л байна. 

 

Ний нуугүй ярихад Баянхошууны “Далан давхар”, Баруунсалааны “Бумбатын рашаан” зэрэг “Задгай” гэх тодотголтой газруудад амьдрал сайнгүй. Автобусны буудлын хажуугийн дэлгүүрийн үүдээр ажилгүй, арагш яарах зорилгогүй хүмүүс “зомби” гэлтэй л зэрэгцэж сууна. Дэлгүүрт худалдан авалт хийх хүмүүс эр, эмгүй ихэвчлэн 0.5-ын “Ерөөл” сугавчлаад гарах нь олон. Хажуудаа дагуулсан хүүхдэд заримдаа л зайдас, наполион авч өгөөд “Одоо болсон шүү, орой хоол хийхгүй” гэнэ. Энэ үзэгдэл сар бүрийн 20-нд буюу хүүхдийн мөнгө буух өдөр. Эсвэл тэтгэвэр орох сар бүрийн 1-нд бүр ч олширно. Хааяа хажуу айлын хөгшин халамцуухан дэлгүүрт таараад хүүхдэд алим, жимс авч өгөх гэж картаа зурах гэнэ. “Яах нь вэ” гэхээр “Хүүхдийн нүд хараад байдаг юм” гэх сэтгэл нь сайхан. Хоёр, гуравхан хоногийн дараа “Өвөөдөө тамхины мөнгө өгөөч” гэчихсэн өнөөх дэлгүүрийн үүдэнд суухтай нь таарна. “Та тэтгэврээ хадгалж бай л даа” гэхээр “Харин чаддаггүй, үрчихээд байх юм. Өөрөөсөө нууж сурмаар байна” гэх.

 

Энэ мэтчилэн нэгэнд, 20-нд өөрсдөдөө “хагартлаа” баяждаг. Баяжихын хэрээр үрчихдэг, халамжаар амьдардаг айл цөөнгүй бий. Тэгтэл амьдрахын төлөө зүтгээд л байгаа өрх толгойлсон ээжүүд ч бий. Таван хүүхдийнхээ хамт амьдардаг. Сургуулийн хоёроо гэрт нь үлдээгээд, гурван настай багийгаа үүрээд ажилдаа явдаг СӨХ-ийн үйлчлэгч ажилтай нэг эгч Баруунсалаанд бий. “Муу ханьтай байснаас хэдэн хүүхэдтэйгээ дулаан гэртээ домбойж суух сайхан байна” гэж эгч хааяа таарахаар инээмээр аяддаг. Тэр инээд тийм нэг гунигтай эсвэл жаргалтай ч юм шиг...

 

Энэ хүрээд энэ удаагийн тэмдэглэлээ өндөрлөж байна. Эргэн уулзъя. Баяртай.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
Баясгалан:
Өчнөөн автобус байнаа зохион байгуулалт алга өглөөний бөөгнрлыг хэд хэдэн өдр дараалан дрон нисгэж судлаж байгаад оргил үеүүдэд олон автобус зрг гаргаач би автобусзогсоол дээр удаан зогслоо ямарч ЗБ алга авбусны явлтыг програмчлах хргтэй
2020-10-10
Hun amin too bas osson gedgiig tootsoolooroi. Yalanguya UB t
2020-10-10
Тархи угаалт:
МАН хөрөнгө мөнгө эрх мэдлээрэй Бүх, Мэдээлийн хэрэгсэлээр Гоё видио үзүүлж Хүмүүстйг хуурч Нэг намын тогтолцоо хяналтгүй идэж уух луйвар луу Улайрч бна
2020-10-09
ээ бурхан минь өнөөдөр өглөө энийг чинь ёстой мэдэрлээ. Баянмонгол хорооллоос Сансар орох автобусанд суух гэж яг 90 он шиг хүмүүс овооролдож гүйж байна. Би үнэхээр нүдэндээ итгээгүй. Үнэхээр тийм байна. За тэгээд Сансарын тэнд байдаг эмнэлэгт бөөн очер. Бөгс эргэх зайгүй, хөгшин нялх бүгд чихээстэй. Масктай маскгүй. Гудамжаар дүүрэн сонгуулийн малийсан инээсэн самбарууд. Тэр нөхдүүд автобусанд суугаасай
2020-10-09