Беларусийн эсэргүүцэл: Эсэргүүцэл даамжирч, сэтгүүлчид олноор баривчлагдав
2020-10-12

 

Наймдугаар сарын есний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал Беларусьт үргэлжилсээр байна. 

Өнгөрсөн шөнө дунд хүртэл Беларусийн нийслэлийн олон дүүрэгт эсэргүүцлийн ажиллагаа өрнөсний Regnum агентлаг дамжууллаа.Эсэргүүцэгчид замын зорчим хэсгийг хааж, гинжин хэлхээ болон зогссон бол зарим газарт жагсагчид замын зорчих хэсэг рүү гудамжны сандлуудыг зөөн авчирж, хаалт хийн, машины дугуй шатаажээ. 

 

Эсэргүүцэгчид ийнхүү эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн тул хүчнийхэн тэднийг тараахын тулд тусгай хэрэгсэл тэр дундаа ус шүршигч машин ашигласан байна. Мөн урьд өдрүүдийн адил баривчилгаа үргэлжилсэн бөгөөд нэг шөнийн дотор 331 хүн баривчлагдсан гэсэн мэдээлэл гарчээ.

 

Харин хараат бус, хүний эрхийн "Весна" төвийн мэдээлснээр, ням гаригт хууль сахиулагчид 500 гаруй хүнийг баривчилсан гэнэ. 

 

"Весна" хүний эрхийн төвийн сайт дээр нийтлэгдсэн шинэчлэгдсэн жагсаалтад 501 хүний нэр багтжээ. Мөн эдгээр хүмүүсийн дунд тухайн үед үйл явдлыг дамжуулж байсан хэвлэлийн 40 ажилтан багтсан гэх бөгөөд тэдний ихэнхийг удалгүй сулласан байна. 

 

Сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө хариуцлагад татна 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс үүдэлтэй эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн цагаас л эхлэн Беларусийн эрх баригчид хэвлэлийнхэнд ихээхэн халгаатай хандаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байлаа. Гадаадын сэтгүүлчдийг Беларусьт ажиллах, сурвалжлага хийх эрхийг нь хасч, зөвшөөрлийг нь хүчингүй болгож байсан бол Беларусийн сэтгүүлчдийг жагсаал цуглааны үеэр олноор нь баривчлан саатуулж байсан юм. 

 

Өнгөрсөн ням гаригт ч эсэргүүцлийн жагсаалын үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан, Беларусын хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн  сэтгүүлчдийг баривчлан, тэдний эсрэг захиргааны хэрэг үүсгэсэн талаар Беларусийн Сэтгүүлчдийн холбоо мэдэгджээ.

 

Эсэргүүцлийн ажиллагааны үеэр 10 дугаар сарын 12-ны өдөр 15 сэтгүүлч баривчлагдан, Минск хотын дүүргийн дотоод хэргийн газарт зургаан цагийн хугацаанд саатуулагдсан байна. Тэдний дунд  БелаПАН агентлаг,  "Наша Нива" сэтгүүл, Onliner сайт,  "Народная воля", "Новы час", "Белорусы и рынок" зэрэг сонин болон  "Белсат"телевизийн сэтгүүлчид багтжээ. 

 

Беларусийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ольга Чемоданова мэдэгдэл хийхдээ 14 сэтгүүлч саатуулагдсан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн тэднийг цаашид хэрхэх талаарх мэдээлэл байхгүй, бүх зүйл сайн болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. 

 

Беларусийн хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, 10 дугаар сарын 12-ны өдөр Беларусийн хотуудад болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр нийтдээ 40 орчим сэтгүүлч баривчлагдсанаас 25 нь нийслэл Минск хотод баривчлагдсан байна. 

 

Энд дуулгахад, зөвхөн есдүгээр сард гэхэд л үйл явдлыг мэдээлж байсан 60 сэтгүүлчийг баривчилсан талаар 10 дугаар сарын нэгний өдөр "Беларусийн сэтгүүлчдийн холбоо" мэдэгдэж байв. Харин энэ онд нийтдээ Беларусьт сэтгүүлчдийн эсрэг дарамт шахалт үзүүлсэн тохиолдол 344 бүртгэгдсэн байна. Беларусийн сэтгүүлчдийн холбооны онцолсноор, эсэргүүцлийн ажиллагааг дамжуулж байх үед сэтгүүлчдийг байнга саатуулж, торгуулийн шийтгэл оноож, "ПРЕССА" гэсэн бичигтэй хантааз, ажлын үнэмлэх зэрэг шаардлагатай бичиг баримттай явж байсан ч олон удаа баривчилсан байна.

 

Беларусийн Эрүүгийн хуулинд "Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулвал торгууль ноогдуулах эсвэл тодорхой албан тушаал хаших эрхийг хасах эсвэл гурав хүртэлх жилээр хорих ял оноох" гэсэн заалт байдаг ч Беларусийн Мөрдөн шалгах хороо сэтгүүлчдийг олноор нь баривчлан саатуулсан асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа Лукашенко 80 гаруй хувийн санал авч, харин сөрөг хүчний төлөөлөгч Светлана Тихановская 10 хувийн санал авсныг эсэргүүцэн иргэд жагсаж эхэлсэн. Улмаар эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн эхний өдрүүдэд иргэдийг хүч хэрэглэн тараах, баривчлах ажиллагаа явагдаж байлаа. Гэсэн ч беларусьчууд зогсолгүй, хоёр сар орчмын хугацаанд шударга бус сонгуулийг цуцлан, дахин сонгууль явуулах, өнөөгийн эрх баригчдыг эрх мэдлээ шилжүүлэхийг шаардан тэмцсээр байсан. 

 

Энэ эсэргүүцлийг барууны орнууд ихээр дэмжин, Беларусийн эрх баригчдад хандан тайван замаар асуудлыг шийдэхийг уриалж байсан ч есдүгээр сарын 23-ны өдөр Беларусийн нийслэл Минск хотноо Александр Лукашенко нууцаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоо хийж, Ерөнхийлөгчийн албаа хууль ёсоор үргэлжлүүлж байгаа юм. 

Беларусийн эсэргүүцэл: Тихановскаяг эрэн сурвалжилж эхэлжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин