Карабахын дайн: Эвлэрэл талаар болов
2020-10-12

Өнгөрсөн баасан гаригт буюу 10 дугаар сарын есний өдөр Уулын Карабахын сөргөлдөөний талууд хөндлөнгийн зуучийн оролцоотойгоор эвлэрэлд хүрсэн ч энэ тохиролцоо талаар болжээ. 

 

Вести агентлагийн мэдээлснээр, Орос, Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарын уулзалт Москва хотноо болохоос өмнөх фронтын шугам дээрх нөхцөл байдал хэвээр үргэлжилж байгаа гэж Азербайжаны дэд Ерөнхийлөгч Эльчин Амирбеков мэдэгдсэн байна. 

 

Түүний өгүүлснээр, 10 дугаар сарын есний баасан гаригт гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүйн дээр, 10 дугаар сарын 11-ний ням гаригт бүр хурцадсан гэнэ. Энэ өдөр Арменийн нутаг дэвсгэр дээрээс Азербайжаны Гянжу хот руу баллистик пуужингаар харвасны улмаас есөн хүн амиа алдаж, 34 хүн шархадсан гэж Амирбеков мэдэгдсэн байна. Түүнчлэн Мингячевирийн Дулааны цахилгаан станц халдлагад өртсөн гэж тэрбээр онцолжээ. 

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын есний баасан гаригт Москва хотод Оросын талын санаачилгаар Азербайжан, Арменийн хооронд зөвлөгөөн зохион байгуулагдаж, улмаар сөргөлдөгч талууд олзлогсод болон амиа алдагсдын цогцосыг солилцох хүмүүнлэгийн зорилгоор 10 дугаар сарын 10-ны өдрийн, орон нутгийн цагаар 12:00 цагаас эхлэн гал зогсоохоор тохиролцсон юм. Түүнчлэн талууд Уулын Карабах дахь нөхцөл байдлыг энхийн замаар зохицуулахын тулд Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны Минскийн бүлгийн зуучлалтайгаар хэлэлцээрт эргэн орохыг зөвшөөрч байв. 

 

Гэвч хэлэлцээр хийснийхээ дараахан Армени, Азербайжаны талууд нэгнээ дахин түрүүлж гал нээсэн хэмээн буруутгасаар байгаа юм.

 

Карабах: Арменийн хохирол нэмэгдэж, Карабахыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан 11 дэх өдөр

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин