Киргизийн үймээн: Толгойгоороо хөл хийж, эргээд эсрэгээрээ...
2020-10-12

Хуучин Зөвлөлтийн орнууд сүүлийн үед ид бужигнаантай байна. Сонгуулиас үүдэлтэй эсэргүүцэл Беларусьт намжаагүй, ид өрнөж байтал Карабахд дайн дэгдэж, Киргизд мөн л сонгууль эсэргүүцсэн эмх замбараагүй байдал газар авав. 

Гэхдээ Киргизийн тухайд нөхцөл байдал арай өөр. Үйл явдлыг эргэн сануулвал, өнгөрсөн долоо хоногийн эхнээс Киргизийн нийслэл Бишкек хотод сонгуулийн босго саналыг давж, парламентад суудал авч чадаагүй сөрөг хүчний намууд эсэргүүцэл илэрхийлснээр эмх замбараагүй байдал дэгдсэн юм. Төрийн захиргааны бараг бүхий л барилгуудыг үймээн дэгдээгчид эзлэн авч, галдан шатаан, хаа сайгүй хууль ёсыг уландаа гишгэцгээв. Гудамжинд хүмүүс олноор цуглан, хууль сахиулагчидтай мөргөлдөн, дэлгүүрүүдийг дээрэмдэж хөл толгойгүй үймж эхэлсэн бол жинхнээсээ өөрчлөлтийг шаардаж байсан хүмүүсийн хувьд нийгмийн эмх журам мөрөөдөл болон хувирлаа. 

 

10 дугаар сарын 09. Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков нийслэл хотод онц байдал тогтоон, хот руу арми оруулахыг тушаав. "Хяналтын постуудыг байгуулж, зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсоон, хэв журмыг сахиулах, энгийн ард иргэдийг хамгаалахын тулд цэргийн техник бүхий цэргүүдийг Бишкек хотын нутаг дэвсгэр рүү оруулсугай" гэж Жээнбековын тушаалд өгүүлжээ.

 

Үүний зэрэгцээ Киргизийн Дотоод хэргийн орлогч сайд Алмазбек Орозалиев нийслэлийн комендантаар томилогдов. Түүний тушаалаар Бишкек хотод 21.00-05:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтоосны дээр, жагсаал цуглааныг бүрэн хориглож, согтууруулах ундааг 18.00-09.00 цагийн хооронд худалдаалахыг хориглов. Түүнчлэн Комендантын газар "нөхцөл байдлыг тогтворжуулахад саад болж буй улс төрийн намууд болон олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох" эрхтэй болжээ. Мэдээж, нөхцөл байдал тогтворжих хүртэл. Гэхдээ байдал хэзээ тогтворжиж, хэзээ тайван цаг ирэх нь тодорхойгүй. 

 

Хэдийгээр хөл хорих цаг тогтоосон ч Бишкекийн төвд хүмүүс олноор цугларсан хэвээр байсан талаар Вести агентлаг мэдээлжээ. Гэхдээ энэ удаад Садыр Жапаровыг дэмжигчид баяраа тэмдэглэн ийнхүү цугларсан байна. Түүнийг бямба гаригт Парламент Киргизийн Ерөнхий сайдын албан тушаалд томилсон юм. 

 

Хөл толгойгүй бужигнаан

Киргизд өрнөж буй үйл явдлыг хувьсгал, төрийн эргэлт гээд нэрлэчих туйлын бэрх. Энд хэдхэн өдрийн дотор толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж байна уу гэлтэй үйл явдал өрнөв.

 

Ийн хэлэх болсны учир нь, Киргизд парламентын сонгуулиас үүдэлтэй эсэргүүцэл өрнөж эхэлмэгц, эсэргүүцэгчид хорих анги руу дайран орж, авлига, албан тушаалын хэргээр ял сонсож, хоригдож байсан ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг суллаж байлаа. Ийнхүү наранд гарсан Атамбаев дахин "нарс руу" ачигджээ.

 

Азаттык агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын 11-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын улсын хороо болон Дотоод хэргийн яам хамтарсан ажиллагаа гүйцэтгэн, ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевыг баривчилсан байна. Түүнтэй хамт бие хамгаалагчид нь ч баривчлагджээ. Тэднийг "Бишкек хотноо олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал зохион байгуулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүрээнд мөрдөн байцаах газрын даалгавраар баривчилсан" гэж Үндэсний аюулгүй байдлын улсын хороо мэдэгдсэн байна. 

 

Ийнхүү баривчлагдахын өмнөх өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Бишкек хотноо болсон жагсаалын үеэр улс төрийн хүчнүүдийг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болжээ. Тодруулбал Алмазбек Атамбаевыг дэмжигчид болон хожим нь Ерөнхий сайдаар томилогдсон Садыр Жапаровыг дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болж, Жапаровыг дэмжигчид лонх, чулуу шидсэн байна.

 

Энэ эмх замбараагүй байдлын дараа долоо хүн эмнэлгийн тусламж авахаар хандсанаас хоёр нь эмнэлэгт хэвтжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дунд дэд сайдын албан тушаалд нэр нь дэвшиж байсан Тилек Токтогазиев ч багтжээ. Баасан гаригт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хоёр хүн галт зэвсгийн шарх авсан байна. Гэрчүүдийн өгүүлснээр, үл мэдэгдэх этгээдүүд ерөнхийлөгч асан Атамбаевын машин руу буудсан ч Атамбаев гэмтэл аваагүй гэнэ. 

 

Иргэдээс иргэдээ хамгаалахаар иргэд нэгдэв 

Улс төрийн хүчнүүдийг дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас иргэдийн тайван амгалан байдал хэдийнэ алдагджээ.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд Жапаровыг дэмжигчид Засгийн газрын ордныг эзлэн авч, Жапаровыг өөрсдийн ерөнхий сайд хэмээн зарлаж байсан бол хажууханд нь байх талбай дээр ерөнхийлөгч асан Атамбаев, ерөнхий сайд асан Бабанов, Сапаров нарыг дэмжигчид цуглаан хийж, удалгүй хоорондоо мөргөлджээ.

 

Энэ бүх хугацаанд өнөөгийн Ерөнхийлөгч Жээнбеков хаана байсан нь тодорхойгүй байгаа юм. Тэрбээр гагцхүү видео бичлэгээр ард түмэндээ хандаж байсан бол нийгмийн эмх журмыг хангах үүрэгтэй бусад хүмүүс ч "сураггүй болжээ".

 

Төрийн байгууллагуудаас эхлээд бизнесийн салбарууд хүртэл тонуулчид, дээрэмчдийн гарт орж, хууль ёс нэгэнт уланд гишгэгдсэний улмаас оршин суугчид төрөлх хотоо хамгаалахаар өөрсдөө хөдөлж эхэлсэн байна. Тэд сайн дурын нөхөрлөл байгуулж, шөнөөр гудамжуудаар явж эргүүл хийж эхэлжээ. 

Үймээний үеэр хэвлэл мэдээллийнхэн ч халдлагад өртөх эрсдэлтэй болсон байна. Тухайлбал, Regnum агентлагийн Бишкек хот дахь сэтгүүлч редакциуд руу дайрна гэсэн мэдээлэл авсны үндсэн дээр сайн дурын нөхөрлөлийнхнөөс тусламж хүсэн, Фейсбүүктээ постолжээ. Энэ мэдээлэл гарсны дараа Бишкек дэх хэд хэдэн редакцийн сайн дурынхан хамгаалалтдаа авсан байна. 

 

Ийнхүү сайн дурынхан хотоо хамгаалж байсан бол бямба гариг гэхэд нийслэл рүү цэргийн хүнд техникүүд орж ирэн, хаа сайгүй хяналтын пост байгуулагдан, цэргийнхэн нийслэлийн эмх журмыг хангаж эхлэв.

 

Киргизд эргэлт гарч, Атамбаевыг суллав

Киргизийн үймээн: 20 жилд хоёр хувьсгал туулсан Киргиз

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Киргизийг Монголдоо нэгтгэе. Өөрсдөө улс байгуулаад явж чадахааргүй юм шиг байна.
2020-10-13
Эд нар монголчууд шиг аймхай биш
2020-10-13
Киргиз:
Киргизийн удирдагчид тэнэг юм бэ. Монгол шиг 5 хүнийг нь буудаж алаал бослогыг нам дарах ёстой байхгүй юу даа...
2020-10-13
Эд нар монголчууд шиг аймхай биш
Хүрэлсүх:
Алалц алалц Орост ашигтай
2020-10-13
Киргизийг урьд зху аас бүх юмыг зааж чиглүүлж явсан.90он гараад оросууд оролцохоо болингуут бие дааж төрт улсаа авж явах чадваргүй хүн бүхэн дураараа авирлаж улс орноо хямрааж байна даа
2020-10-12
Huts LALAR min
2020-10-12
Зочин:
Одоо хэдийг нь түүж аваад буудчих хэрэгтэй. Нийгмийн эмх журамгүй байдал цаашилбал иргэний дайнд хүргэж болох мөргөлдөөнөөс ямар ч үнээр хамаагүй зайлсхийх нь чухал.
2020-10-12
Huts LALAR min
uls orond hamgiin chuhal ev negdel shuu ene ih talcal olon nam shashin buleglel sain zuild hurgehgui
2020-10-12
Zochin:
Ene bol manaid gatsan 07.01 nii emkh zambaraagui yavdaltai yag ijil uil yavdal. Khotsrogdson orni bolovsrol nimgen khar massig ardchilal gedeg dalbaan dor irgenii dain ruu tulkhej uls ornig ni suiruulj erkhseeldee oruulakh tom gurnuudiin bodlogo
2020-10-12
Өнгөт хувьсгалын үр дүнд ийм боллоо
2020-10-12