Уулын Карабах: Эвлэрэл үйлчилсэнгүй, өдрийн турш дахин байлдав
2020-10-14

Өнгөрсөн баасан гаригт Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Уулын Карабахын нутаг дэвсгэр дэх байлдааны сөргөлдөгч талууд болох Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар Москва хотноо уулзалт хийн , гал зогсоохоор тохиролцсон ч энэ эвлэрэл үйлчлээгүй, талууд байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Карабахын дайн: "Эвдрэлцээд" 16 хоног, "эвлэрээд" 3 хоног...
 

Аравдугаар сарын 13-ны өдөр Азербайжаны Зэвсэгт хүчин Уулын Карабахд гурав, дөрвөн чиглэлээр довтолгоо эхлүүлсэн талаар Арменийн Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Арцрун Ованнисян мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа.

 

"Өнөөдөр Азербайжаны зэвсэгт хүчин 3-4 чиглэлээр довтолж, өдрийн туршид байлдаан үргэлжиллээ. Хойд чиглэлд нэн хүнд мөргөлдөөнүүд болсон. Энэ бол дайн эхэлснээс хойших хамгийн хүнд тулаануудын нэг байх" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, байлдаан эхэлснээс хойш байнга халдлагад өртөж байсан, Уулын Карабахын нийслэлд хоёр дахь өдрөө нам гүм байсан гэнэ. Степанакерт  хотод байнга буудалцаан гарах нь зогсжээ.

 

"Степанакерт хотод хоёр дахь шөнөдөө дэлбэрэлт сонсогдохгүй байна. Аравдугаар сарын 13-ны өглөө агаарын түгшүүр зарласан. Хот эзэнгүй, гэхдээ онгорхой дэлгүүрүүд бий" хэмээн ВВС агентлагийн сурвалжлагч Карабахын нийслэлээс дамжуулжээ.

 

Мягмар гаригт Арменийн тал амиа алдагсдын жагсаалтыг дахин шинэчилж, 16 нэр оруулсан байна. Ингээд байлдаан эхэлснээс хойш албан ёсны мэдээллээр 541 хүн амиа алджээ. Гэхдээ энэ нь бүрэн мэдээлэл биш гэдгийг цэргийн алба хаагчид ч хүлээн зөвшөөрч байгаа юм. 

 

Харин Азербайжаны тал байлдааны хохирлоо мэдээлэхгүй, гагцхүү энгийн иргэдийн дундаас амиа алдсан хүмүүсийн талаар мэдээлж байгаа бөгөөд хоногийн дотор энэ тоо өөрчлөгдөөгүй, 42 иргэн амиа алдсан гэж ТАСС мэдээлжээ.

 

Уулын Карабах дахь хямрал: 

1988 он- Уулын Карабах аль талд харьяалагдахаас болж хоёр талын хооронд 1988 онд сөргөлдөөн эхлэв.

1988 оны 07 дугаар сарын 12. Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарахаар болсон тухайгаа зарласан бол ЗХУ-ын Зэвсэгт хүчний тэргүүлэгчид Уулын Карабахыг Арменид шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ.

1988 оны 09 дүгээр сар. Армени, Азербайжаны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхлэв.

1990 оны эхнээс артиллери ашигласан тулаан эхлэв.

1990 оны 01 дүгээр сарын 15. Холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоою.

1991 оны 04, 05дугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны дотоодын цэрэг болон армийн анги нэгтгэлүүд "Армений хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг" зогсоох ажиллагаа явуулжээ.

1994 оны 05 дугаар сарын 05. Орос болон Киргизийн зуучлалаар Азербайжан, Армени, Уулын Карабахын төлөөлөгчид сөргөлдөөний бүсэд гал зогсоохыг уриалсан Бишкекийн протоколд гарын үсэг зуржээ.

2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Минскийн бүлэг сөргөлдөөнийг зохицуулах "Мадридийн баримт бичиг"-ийг бэлтгэсэн байна. Үүнд сөргөлдөөний үеэр эзэлсэн нутаг дэвсгэрийг Азербайжанд эргүүлэн өгөх, Уулын Карабахд аюулгүй байдал болон өөрөө удирдахуйг хангах завсрын статус олгох, Уулын Карабахыг Арменитэй холбох хонгил гаргахыг уриалсан байв.

2008 оноос Армени болон Азербайжаны тэргүүнүүдийн сөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах уулзалтууд тогтмол зохион байгуулагдаж байгаа юм.

2020 оны хоёрдугаар сарын 15-нд 28 дахь удаагийн уулзалт  Аюулгүй байдлын Мюнхений бага хурлын хүрээнд болж байжээ.

2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Армений хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв.

2020 оны 07 дугаар сарын 12. Нөхцөл байдал дахин хурцдав. Мөргөлдөөн эхэлснээс хойш Азербайжаны тал 11 цэргийн алба хаагчаа алдсан бол Армений талаас дөрвөн цэргийн алба хаагч амиа алдаж, 10 цэрэг шархадсан гэж мэдэгдэж байлаа.

2020 оны 09 дүгээр сарын 27. Ээлжит дайн эхлэв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Badarch taxar:
Sumaa duustal baild tegeed zogsono biz
2020-10-15