WSJ: Турктэй холбоотой хөлсний цэргүүд Сириэс Карабахыг зорьсон
2020-10-14

Уулын Карабах дахь байлдаан эхэлснээс хойш Турк улс энэ бүс нутаг руу Сириэс хөлсний цэргүүдийг илгээж байгаа талаарх мэдээллийг дэлхийн олон хэвлэл мэдээлж байлаа. Энэ удаад Америкийн The Wall Street Journal сонин Турктэй холбоотой дайчид Сириэс Уулын Карабахд ирсэн гэж мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр "Турктэй холбоотон болох Сирийн зэвсэгт бүлэглэлүүдийн олон зуун гишүүн Азербайжан, Арменийн хоорондын байлдаанд оролцсон" гэнэ. Цаашлаад "олон зуун хөлсний цэргийг илгээхээр бэлтгэж байгаа" хэмээн нийтлэлд өгүүлсний дээр дайчдыг Карабах руу илгээсэн гэх мэдээллийг Сирийн хоёр эх сурвалж баталсан гэж онцолжээ.

 

Америкийн сонины мэдээлснээр, долдугаар сараас эхлэн "Сирийн бүлэглэлүүдийн дунд Турк улс байлдааны ажиллагаанд оролцох дайчдыг элсүүлж байгаа гэсэн мэдээлэл тарж эхэлсэн" гэнэ. Улмаар есдүгээр сарын дунд үеэс эхлэн Сириэс сөргөлдөөний бүс рүү "нэг удаад 100 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг" илгээх ажил эхэлжээ. Ийнхүү Сириэс илгээсэн цэргүүдээс олон арван хүн буцсан бөгөөд "тэд нэн ширүүн байлдаанаас эмээсэн" гэж The Wall Street Journal сонинд эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Энэ нийтлэлд Сирийн хөлсний дайчны мэдээллийг оруулсан бөгөөд түүний ярьснаар Сириэс Уулын Карабах руу сарын 2000 хүртэлх ам.долларын цалинтайгаар дайчдыг илгээжээ. Мөн тэдний дунд хохирол ихээр гарсан тул 200 орчим хүн Сири рүү буцах хүсэлт гаргасан байна.

 

Мөн Турк улс Азербайжанд хоёр долоо хоногийн хугацаатай цэргийн сургуулилалт хийж "Азербайжаны эрх баригчдад цохилт өгөх дронуудыг өгсөн" гэнэ.

 

ВВС: Карабахд хөлсний цэргүүд сарын 2000 доллараар дайтаж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин