Беларусийн эсэргүүцэл: Минскт 900 мянган рублийн хохирол учирчээ
2020-10-19 08:40

 

 

Наймдугаар сарын есний өдөр болсон Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал тус улсад үргэлжилсээр байгаа бөгөөд нийслэл Минск хотод үргэлжилж буй эсэргүүцлийн улмаас 900 мянган беларусь рублийн /shuud.mn: 914,6 сая төгрөг орчим/ хохирол  учирсан гэнэ. Энэ талаар Минск хотын прокурор Олег Лаврухин СТВ телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

 

"Хотын төсөв, нийтийн үйлчилгээний албадад наймдугаар сарын еснөөс өнөөдрийг хүртэл 900 мянган беларусь рубль орчим үнийн дүнтэй хохирол учирсан гэж хэлж болно " хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Энэ үнийн дүнгийн зарим хэсгийг "эрүүгийн гэмт хэрэг гэж ангилагдах үйлдлүүдэд хамааруулж болно" хэмээн Лаврухин онцолсон байна. Мөн хохирлыг нөхөн төлүүлэх асуудал Минскийн Прокурорын газрын онцгой хяналтад байгааг цохон тэмдэглэжээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Беларусьт Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Өнөөгийн Ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сонгууль үнэмлэхүй ялалт байгуулсныг тус улсын Сонгуулийн төв хороо зарласны дараа энэ дүнг эсэргүүцсэн олон жагсаж, олон нийтийн эсэргүүцэл өнөө хэр намжаагүй байгаа юм.  Сонгуульд сөрөг хүчнийг төлөөлөн оролцсон Светлана Тихановская сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйн дээр дэлхий нийтэд хандан жагсагчдыг дэмжихийг уриалсан. Улмаар Европын холбоо болон АНУ Александр Лукашенког хууль ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн юм.

 

Ням гаригт Беларусийн нийслэл Минск хотноо ээлжит эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчдыг тараахаар хүчнийхэн тусгай хэрэгсэл, тэр дундаа резинэн сумтай буу ашигласан байна. Жагсагчид албаны тээврийн хэрэгсэл болон алба хаагчид руу чулуу нүүлгэсний хариуд ийнхүү резинэн сум ашиглахаас аргагүй болсон гэж цагдаагийн газар мэдэгджээ. Ням гаригт болсон жагсаалын үеэр 110 хүн баривчлагдсан гэж хүний эрхийг хамгаалах Весна төв мэдээлсэн бол Минскийн Дотоод хэргийн газар баривчилгаа хийснийг баталсан ч хичнээн хүн саатуулагдсан талаар мэдээлэл өгөөгүй байна. 

 

Беларусийн эсэргүүцэл: Хүчнийхэн тэтгэврийнхний эсрэг

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин